“Дүнжингарав-2014” уралдаанд Н.Энхболдын хүрэн азарга түрүүлэв
Засгийн газрын шийдвэрээр Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулдаг төвийн бүсийн "Дүнжингарав" уралдаан өчигдөр Хүй долоон худагт боллоо. Жил бүрийн хаврын эхэн сард болдог уламжлалтай байсан уг уралдаан өнөө жил малын шүлхий өвчний улмаас хойшлоод байсан юм. Уяач, унаач хүүхдийн нөр их хөдөлмөрийг шалгадаг "Дүнжингарав" өнөө жил 14 дэх удаагаа зохиогдож байгаа.
Уралдаан эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн дөрвөн насанд болсон юм. Эрлийз дээд насанд газар газраас цугласан 55 алтан туурт тоосоо өргөсөн. Гарааны зурхайгаас мордсон цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Цогтын Батсайханы өсгийт цагаан хонгор, Төв аймгийн Баян сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Миеэгомбын Энхболдын өсгийт цагаан хүрэн өнгөнд давхисан юм. Эрлийз дээд насны морьдыг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийгийн хонгор үрээ өнгөлөн барианд орсон юм. Аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Цогтын Батсайханы өсгийт цагаан хонгор хурдаллаа. Айргийн гуравт Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн. Дөрөвт Төв аймгийн Баян сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Миеэгомбын Энхболдын өсгийт цагаан хүрэн, тавд Увс аймгийн Улаангом сумын уяач Лувсаннямын Гансүхийн сартай хээр тус, тус айрагдлаа. Хурдан азарганы уралдаанд шандаст 110 азарга бүртгүүлээд байснаас үүлдэр тогтоох комиссын шийдвэрээр долоон азаргыг эрлийз хэмээн хассан юм. Ингээд 103 азарга гараанаас мордов. "Дүнжингарав" уралдаан хаврын хайлган цагт болдог, адууны үе суларсан байдаг учраас аль ч насны морьдын уралдаан бусад уралдаантай харьцуулбал арай богино зайд болдог. Өнөө жил азарга 15 км-ээс эргэсэн. Монголын морин спорт, уяачдын холбооныхон туршлагадаа тулгуурлан сайн зохион байгуулсан нь олон зүйлээс харагдаж байна лээ. Урьд урьдын уралдаануудыг барианаас тууж гараа руу явуулдаг байсан бол энэ удаад гараан дээрээ шүдэлж байсан. Харин унаач хүүхдүүдийг нэгдсэн журмаар автобусанд суулган гараа руу авч явж байв. Ингэснээр морьдыг хоёр талд явуулахгүй зөв шийдэл болжээ. Мөн унаач хүүхдүүдийн биед ч амар болж хэмээн морь сонирхогчид ярьж байсан юм. Гараан дээр унаач хүүхдүүд ирж, комиссынхон ажлаа дууссаны дараа зурхайгаас хөдлөхөд бэлэн болжээ. Манлайлагчийн дохиогоор төхөөрөмж унаж хурдан азарганы уралдаан эхлэв. Зул задрахад арваад азарга бөөндүүхэн тасарчээ. Дорноговт аймгийн уяачдын хэд хэдэн азарга өнгөлөн давхихад тус аймгийн Улаанбадрах сумын харьяат Х.Баатархүүгийн бүлтэн хар азарга уралдааны өнгөнд давхиж байсан. Цагаан хөтөл нэлээн уруудахад Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Навааны Энхболдын хүрэн азарга бяртайхан зүтгэсээр түрүү магнай, торгон жолоо болсон юм. Аман хүзүүнд харин гарсан цагаасаа өнгөлөн давхисан Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат Х.Баатархүүгийн бүлтэн хар азарга хурдаллаа. Айргийн гуравт Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Мөнгөнхуягийн цавьдар, дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын хүрэн, тавд Төв аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн алдарт уяач Ч.Пүрэвийн халтар тус, тус хурдалсан юм. Их насны уралдаанд 169 хурдан хүлэг тоосоо өргөсөн. 18 км-т уралдана гэж байсан ч зохион байгуулагчдын шийдвэрээр 16 км-т уралдахаар болсон байв. Их насны морьдын зул задрахад мөн л арваад үрээ өнгөлж эхэлсэн юм. Ингээд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уяач Төгөлдөрийн буурал морь түрүүлэн ирж, тод магнай боллоо. Харин аман хүзүүнд Төв аймгийн Архуст сумын уяач Ч.Махбалын халтар хурдалсан. Айргийн гурваар Дундговь аймгийнЦагаандэлгэр сумын уугуул н.Алтанхуягийн халтар, дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уяач С.Мөнхбатын зээрд, тавд тус аймгийн Луус сумын уяач С.Шинэбаатарын хээр тус, тус хурдалсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ