Австралид бүгж байгаад Америкт төвхнөсөн оргодол Б.Энэбишийг барьж чадах уу?
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш гэж нөхөр өөрийгөө гэм буруугүй гэх байр суурийг хэвлэлд хэд хэдэн удаа ярьж байгаад сураг алдарсан. Тэгсэн АТГ-т шалгагдаж байхдаа оргон зайлсан болж таараад байгаа. Тэрбээр эхлээд Австралид байж байгаад өдгөө Америкт төвхнөсөн гэх мэдээлэл бий. Ямартай ч АТГ-аас мэдэгдэж буйгаар түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэсэн.
Барьж дийлэх эсэх нь тодорхой бус. Б.Энэбишийг буруутгаад байгаа шалтгаан нь 1.6тэрбум гаруй төгрөгийн 10 ширхэг самосвалмашин, 5 гаруй тэрбумын дугуйн тендертэй холбоотой хуудуутай шахааг хийсэн гэж байгаа юм. Гэхдээ түүний нэр дээр хаяглагдаад байгаа уг хэрэгт өөр бусад эрхмүүд ч хамаатай байж таарах гээд байгаа.
Уг нь тэрбээр оргон зайллаа гээд хэргийг нь прокуророос түдгэлзүүлэх, улмаар замхруулах учиргүй ч, хэргийг түдгэлзүүлээд байгаа юм байна. Шаардлага хангахгүй том даацын арван машиныг “Эрдэнэс Тавантолгой” худалдаж авсан үе ньЗасгийн газар, Сангийн яам “Хүний хөгжил сан”-д оруулах мөнгөө хурдан оруул, орлого тасалдуулж, УИХ-аар батлагдсан Төсвийн хууль зөрчив өө гээд шахаад дарамтлаад байсан үе хэмээн Б.Энэбиш хэлсэн байдаг.
“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортоо 2011 оны наймдугаар сард эхэлж, батлагдсан уулын ажлын төлөвлөгөөгөөр тэр ондоо багтааж 1 сая тонн нүүрс олборлох ёстой байсан. “Чалко”-той нүүрс нийлүүлэлтийн том гэрээ байгуулж, тэднээс борлуулалтын орлогоо урьдчилан тавь, зуун саяар нь цувуулж авч байсан нь АН, МАН-ын хамтарсан засгийн үеийн шийдвэр.
Түүнчлэн Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх шаардлагыг эрх баригчид тавьж байсан тэр үед буюу 2011 оны есдүгээр сарын сүүлээр хөрс хуулалт болон олборлолтод ашиглах зарим хүнд даацын машинуудын нийлүүлэгдэх хугацаа нь хоцроод байгаагаас ондоо багтаж нэг сая тонн нүүрс олборлох зорилт, уулын ажлын төлөвлөгөө тасалдахаар байж.
Гэтэл уул уурхайн том оврын машин, тоног төхөөрөмжийн захиалга, нийлүүлэгдэх хугацаа дор хаяж хагас жил, жилээр тооцогддог. Тиймээс Эрдэнэс Тавантолгойн удирдлагууд жилийн уулын ажлын төлөвлөгөөгөө хэрхэн яаж биелүүлэх талаар ажил хариуцсан хүмүүстэйгээ зөвлөлдөөд, онцгой нөхцөл учраас нэмэлт хэдэн машин механизм шуурхай авч ажиллуулъя гэдэг шийдэлд хүрсэн. Ингэхэд хэдэн шалтгаан байсан хэмээн Б.Энэбиш хэлсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ