Би Умард Солонгосын урвагч

Энэ бүсгүй чанга хатуу дэглэмтэй, коммунист Солонгост төрж өсөн туйлын хүнд бэрхийг туулан гарсан юм. Тэрбээр улсаасаа зугтаж, “Урвагч” нэр зүүж байгаа ч Пхеньяны төмөр хөшигний цаадах ард түмний зовлон шаналалын дуу хоолой болж яваа нэгэн.

Түүний Өмнөд Солонгосын Эс Би Эс телевизд ярьсан яриаг хүргэж байна.

Ким Чен Ирийг бурханчлан шүтсэн Умард Солонгост би амьдралынхаа 15 жилийг өнгөрөөсөн. Суртал ухуулгаас өөр юу ч мэдэхгүй болохоор түүнийг бурхан гэж үздэг байсан юм. Тэр бүү хэл өөр улс орон байдаг гэж төсөөлж ч байгаагүй.

Тэнд тамаас өөрцгүй. Эрчим хүч байнга тасарч, гол төлөв харанхуй байдаг. Тээврийн хэрэгсэл гэж байхгүй болохоор хаашаа ч явсан явган алхана. Орчин нь их бохир болохоор идэх юм тэр бүр олдохгүй.

Амьдрах нөхцөл тун тааруу. Ингэлээ гээд гомдоллох нь байтугай бодож ч болохгүй. Хэчнээн зовж байсан ч төр засгаа өдөр бүр тахин шүтэх ёстой.

Ким Чен Ир хүний бодлыг уншдаг гэж итгэдэг байсан учраас юм бодохдоо ч айдаг байлаа. Хоёр хүн тутмын нэг нь алга болдог болохоор хүн бүрийн зүрхэнд шар ус хурсан гэж болно. Манай ангийн хүүхдийн ээжийг нийтийн өмнө цаазаар авахад биднийг тагнуулын хөрш болохоор заавал очиж үз гэж тулгасан. Яах ч арга байгаагүй.

Аав маань Засгийн газарт ажилладаг байсан болохоор Умард Солонгосын бусад хүүхдийг бодвол би илүү сэтгэл амар байдаг байсан. Тэгтэл аавыг минь хэрэгт унагаж, гурван жил хорих ял шийтгэсэн. Аавыг дагаад намайг ч гэсэн хэлмэгдүүлсэн болохоор Умард Солонгост амьдарна гэж найдах ямар ч аргагүй болсон. Тэнд намайг их сургуульд оруулах ч үгүй. Бүр Пхеньянаас хөөж Хятадын хилийн ойролцоо бөглүү хөдөө газар цөлсөн.

Аав хорт хавдар тусч хүндэрсэн тул эмчилгээ хийхээр шоронгоос гаргасан юм. Тэр л үед бид Умард Солонгосыг орхихоор шийдсэн дээ. Дүн өвлийн хүйтнээр голын мөсөн дээгүүр мөлхөж, Хятадын хилийг давсан. Би цэргүүдэд баригдахаас биш, буудуулахаас л их айж байсан юм. Цэргүүд оргож байгаа хүнтэй таарвал ямар ч анхааруулгагүйгээр шууд буудаж орхино.

Хятадад Умард Солонгосын оргодлуудыг хүлээн зөвшөөрдөггүй болохоор тэнд ч гэсэн маш болгоомжтой байх ёстой. Ээж аав хоёрт маань тийм ч их мөнгө байгаагүй. Хятадад очсон хойно ээж таваг угаадаг ажилд орсон юм.

Харин би Хятад хэл мэддэггүй болохоор баригдсан тохиолдолд юу ч хэлэхгүй байх ёстой. Тэгэхгүй бол буцаачихна. Тиймээс өдрийн ихэнхийг гэрээс гаралгүй өнгөрөөдөг байлаа. Хэрэв цагдаа харагдвал шууд зугтана.

Бичиг баримт байнга шалгадаг болохоор галт тэргэнд ч сууж чадахгүй, үнэхээр хэцүү байсан юм.

Аав маань жилийн дараа хорт хавдраар өөд болж, хуримтлуулсан мөнгө ч маань удалгүй дууссан. Тэгж байтал бид Өмнөд Солонгосын санваартнуудтай танилцсанаар яаж ийгээдӨмнөдийн хил давчихвал эрх чөлөөтэй болохыг олж мэдсэн юм.

Ааваас хойш Хятадад амьдрахад бэрх болж, Өмнөд Солонгосын хил давая гэтэл мөнгө хүрээгүй.Тэгээд бид байсан мөнгөөрөө луужин худалдаж аваад өвлийн хүйтэнд Хятад, Монголын хилийг дамнасан элсэн цөлөөр явган явсан. Монголд явж байхад биднийг цэргүүд олж, хамгаалалтдаа авч Өмнөдийн талтай холбоо барьж, дүрвэгч гэдэг нэрийн дор хүлээлгэн өгсөн дөө.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин