Практик үндэслэл
Ж.Локк “Төрийн засаглалын тухай хоёр шастир” нэртэй алдарт бүтээлээ 1690 онд олны хүртээл болгосон байдаг. Уг бүтээлд “Төр ба хүн гэсэн ойлголтыг тодорхойлоод хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг хувааж либериализмыг үндэслэсэн” гэж үздэг юм. Энэхүү засаглал хуваах санааг Францын философич улс төр судлаач Ш.Монтескье онолын хэмжээнд боловсруулсан бөгөөд тэрбээр “Хуулийн амин сүнс” зохиолдоо хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг тусгаарлаж, хэрхэн бие биенээ хянаж ажиллах ёстойг боловсруулсан байдаг. Энэ онолоор манайх 1992 онд шинэ үндсэн хуулиа баталсан.
Энэ онолыг практик үндэслэлээр няцаагчид байх болжээ. Тэд бол эрх мэдэл албан тушаалдаа үлдэхийг хүсэгчид. Албан тушаалдаа үлдэхийн тулд элдэв арга сүвэгчилсээр Монголын төрийг сүүлийн 20 орчим жил ээлжлэн барьж буй саарал ордны “тавилга”-нууд. Эдгээр хүмүүс Монголыг өөрийн эрхэнд байлгахын тулд ямар нэг үндэслэл ярих нь бий.
Хамгийн сүүлийн жишээ нь “Давхар дээл”-ний асуудал. Энэ хавар л эрхэм сайдуудын дээл хүндэдлээ. 1996-2012 онд 10 засгийн газар ажилласан бөгөөд давхардсан тоогоор 129 сайдын 85 нь давхар дээлтэй байсан ч дээлээ дажгүй даадаг байв.
МАН эдийн засаг хүндрэлийн шалтгааныг УИХ Засгийн газарт хариуцлага тооцох чадваргүй болсонтой холбож тайлбарлав. Тэдний үндэслэл нь Ж.Локк, Ш.Монтескье нарын засаглал хуваах онолоор бол зөв. Хамгийн гол нь өмнө нь давхар дээлтэй байсан хүмүүс гэнэт ийм юм ярих болсон нь хачирхалтай. Тэд гэнэтхэн давхар дээлтэй байж болохгүйг практикаас ойлгосон бололтой. МАН “Давхар дээл”-ээс болж УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрэхээ больж, ажил урагшлахаа больсныг анзаарчээ.
Харин МАН-ын үндэслэлийг АН-ын шинэ онолч Х.Тэмүүжин няцаах аж. Түүнд хууль зүйн салбарт хийх ажил бий. Тиймдээ ч энэ парламентын хамгийн олон хуулийн төсөл УИХ-д оруулж батлуулсан гишүүнээр тодроод байгаа. Санаачилсан хууль бүр нь олны дэмжлэгийг хүлээдэг учраас зарим тохиолдолд нэр хүндээрээ дулдуйдаж улс төр хийнэ. Түүнийг өмнөх парламентын үед Ц.Нямдоржтой “Давхар дээл”-ний асуудлаас болж “Гөлөг банхараа” дуудалцан хэрэлдэж байсныг улс төрийн идэвхтнүүд мартаагүй биз. Ц.Нямдоржийг УИХ-ын гишүүн байж Хууль зүйн дотоод хэргийн сайдын албыг давхар хашлаа гэж шүүмжилснээс ийм хэрүүл болсон хэрэг.
Ийнхүү “Давхар дээл”-ийг эсэргүүцэж байсан хүний үзэл бодол өнөөдөр өөрчлөгдчихөөд байна. Тэрбээр практикаас нэг зүйлийг ойлгожээ. Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр пүрэв гариг бүр болдог эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай ярилцлага лекцийн зочноор оролцох үедээ “Монгол шиг жижигхэн парламенттай оронд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байж л засаг тогтвортой ажиллах юм билээ” гэсэн юм. Түүний тайлбарлаж буйгаар Монголын давхар “Давхар дээлт”-нүүд өөрийн танхимаа хамгаалж байж л эрчимтэй эрс шинэчлэл хийхгүй бол хуучинсаг үзэлтнүүд Засгийн газрыг унагаад ажил хийлгэхгүй аж. Энэ ч утгаараа шинэчлэх уриатай Н.Алтанхуягийн танхим гаднаас хоёрхон хүн авсан бололтой. Ингэж УИХ-ыг атгасан тулдаа энэ танхим өнөөдөр тогтож байна.
УИХ-аас Засгийн газрыг бүрдүүлэхгүй бол ямар эрсдэл дагуулдгийг 1996-2000 оны Засгийн газруудын түүх гэрчилнэ. Энэ мэт Давхар дээлний ач холбогдлыг практик үндэслэлийг Х.Тэмүүжин дэвшүүлж, жишээ баримтуудыг бусад гишүүд нь хаа сайгүй ярьж явах болжээ.
Монголын онол, үзэл баримтлалгүй улс төрийн намуудын цаг үеэ дагасан үндэслэл ийм байна. Хэрэв онолтой байсан бол өчигдөр ярьснаа өнөөдөр няцаахгүй байсан. Тиймээс тэдний ярьж буйг практик үндэслэл гэхээс өөр юу гэхэв.
Б.Сандагдорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ