"Сайд нарынхаа дээлийг нь тайлуулчихлаа. Давхар дээлээ тайлчихсан юм чинь халуунд халж, өмхийрөхгүй"
МАН-ын гишүүд дэмжигчдийн зохион байгуулж буй цуглааны үеэр өнөөдрийн тавьж байгаа шаардлагаа өөрсдөө хийчихэв. Тэд Засгийн газрын сайд нарын царай бүхий баг зүүсэн хүмүүсийн өмссөн дээлийг тайлуулах арга хэмжээ зохион байгуулав. МАН-ын генсек Ж.Мөнхбат тэдгээр “сайд” нарыг индэрт урин гаргаж “За, одоо бүгдээрээ сайд нарын дээлийг нь тайлуулъя. Давхар дээлээ тайлчихвал халуунд халж, өмхийрөхгүй шүү” гээд сайд нарын нэрсийг ээлж дараалан дуудаж өмсгөсөн дээл, хантаазыг нь тайлуулав. “Оюунгэрэл сайд дээлээ тайллаа, ура”, “С.Эрдэнэ сайд дээлээ тайллаа, баяр хүргээрэй” хэмээн ээлжлэн дуудаж хамгийн сүүлд “Ц.Баярсайхан сайд”-ыг дуудан гаргаж ирээд “За, энэ Ц.Баярсайхан сайд бол төрийн хүний ухаанаар хуулиа дээдлэн өөрөө сайн дураараа санал хураалтад оролцохгүй гэсэн бичгээ өчигдөр албан ёсоор өгсөн. Түүнд бүгдээрээ баяр хүргэцгээе” хэмээсэн бөгөөд жагсагчид Ц.Баярсайханд талархан бөмбөрөө нүдэж, шүгэлийн дуугаар баяр хүргэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ