Сайд нар давхар дээлээ тайлахад хоёр хоног үлдлээ
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Ц.Элбэгдорж Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байсан билээ. Уг төсөлд тусгаснаар, Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн заалт орсон нь Шинэчлэлийн Засгийн газрын 17 сайдыг огцроход хүргэж мэдэхээр байна. Хэлэлцүүлгийн явцад зарим нэг гишүүд уг хуулийг 2016 онд биш энэ оны долоодугаар сарын 01-нээс хэрэгжүүлэх санал гаргасан.
Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороо уг саналыг дэмжээгүй боловч ирэх пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулахаар болжээ. Ингэснээр сайд нар давхар дээлээ тайлж, сул гишүүн хэвээр үлдэхээс өөр аргагүйд хүрэх юм.
Нөгөөтэйгүүр, МАН-ынхан дээрхи сайд нарыг санал хураалтад оролцуулахгүй, танхимаас хөөж гаргах ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн билээ. Тиймээс эрх ашгийн зөрчилтэй эрхмүүд уг санал хураалтад үл оролцох аваас МАН, бие даагч гурван гишүүн, АН-ын өөрийн фракциас сайд төрүүлэх зорилготой гишүүд олонхи болж, Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад ердөө хоёр хоног үлджээ. Уг төсөлд зааснаар, Н.Алтанхуяг Ерөнхий сайд хэвээр үлдэж болох авч гадаадын хөрөнгө оруулагчид түүнийг Засгийн газрыг тэргүүлж байгаа цагт харьцахгүй гэж нэгэнт шийдсэн тул УИХ-ын дарга З.Энхболдыг шинэ Засгийн газрын тэргүүн болно гэсэн яриа Саарал ордноор хэсүүчлэх болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ