Дэлхийн түүхэнд алдартай хамгийн зөрүүд 10 хүн

Хүн бүрийн зөрүүд зангийн тухай ойлголт харилцан адилгүй. Эх оронч сэтгэлээр зөрүүд зан гаргах нэгэн байхад зөрүүд зангийнхаа ачаар ертөнцийг өөрчилсөн нэгэн нь ч байх ажээ.

Та бүхэнд толилуулж байгаа энэхүү нийтлэлд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн зөрүүд гэгдсэн олны танил зарим хүмүүсийн тухай өгүүлсэн юм. Хамтдаа сонирхоцгооё.Харри Рэндал Трумэн (1896 - 1980)
Амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл зөрүүдэлсээр байсан Харри Рэндал Трумэн бол АНУ-ын түүхэн дэх хамгийн эрэлхэг бөгөөд хамгийн зөрүүд оршин суугч байсан юм. “Mount St. Helens Lodge” амралтын газрын эзэн байсан тэрээр Сент Хеленс галт уулын хормойд орших Спирит нуурын хөвөөнд амьдарч байсан юм. 1980 оны 5 сарын 18-ны өдөр АНУ-ын түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн эмгэнэлтэй өдрүүдийн нэг тохиосон нь Сент Хеленс галт уул дэлбэрч цөөнгүй хүний амийг авч одсон явдал байлаа.

Галт уулын дэлбэрэлтийг урьдчилан таамагласан мэргэжилтнүүд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг өрнүүлсэн ч Харри Рэндал Трумэн явахаас татгалзсан байдаг. Оршин суугаа газраасаа юу ч тохиолдсон явахгүй гэдгээ мэдэгдэж хэвлэлийн онцлох хүнээр нэрлэгдээд байсан гөжүүд буурай АНУ-даа алдаршиж шүтэн бишрэгчтэй болохын сацуу гэрлэх санал тавьсан захидал хүртэл авч байжээ. Хожим түүний чухам яагаад явахгүй гэж зөрөөд байсан шалтгаан нь тэрээр Сент Хеленс ууландаа дэндүү их хайртай байжээ. Түүний тухай маш олон шүлэг дуу байх агаад “St. Helens” (1981) нэртэй баримтат кино ч хүртэл гарч байсан юм.Хироо Онода (1922 - 2014)
Хироо Онода бол 1945 онд дэлхийн II дайн дуусчихаад байхад хошуучийнхаа өгсөн тушаалыг биелүүлж 29 жилийн турш Филиппиний Лубанг арлын ширэнгээр партизаны дайн өрнүүлж, өстөндөө бууж өгөлгүй “гүрийсээр” байсан эрэлхэг Япон цэрэг юм. 29 жилийн турш Лубанг арлын ширэнгэд амьдарсан тэрээр дайн дууссаныг огт мэдээгүй байсан бөгөөд “Дайсандаа бууж өгч, баригдаж болохгүй!” гэсэн даргынхаа тушаалыг л биелүүлсээр байсан нь энэ юм.

Энэ үүргийг хошууч Танагучи 1944 онд өгснөөс хойш тэрээр 1974 он хүртэл партизаны дайнаа өрнүүлсээр эцэстээ ганцаараа үлджээ. Нэг өдөр Онода ойгоор явж байсан нутаг нэгт Япон оюутантай тааралдсан ч дайн дууссан гэдэгт огт итгэхгүй байсан гэдэг. Ингээд тэрхүү оюутан эх орондоо эргэн ирж эрх баригчдад энэ тухай дуулгаснаар хошууч Танагучи Лубанг арал руу явж түүнийг ойгоос гаргаж ирээд “Дайн дууссан... Япон улс дайнд бууж өгсөн... Тиймээс ширэнгэн ойдоо бүгж тулалдах тушаалыг цуцалж байна...” гэж хэлэхэд сая нэг итгэсэн байдаг.

Дайн дууссанаас хойш 29 жил өнгөрсөн ч Онода 500 сумтай буу, хэд хэдэн гранат болон самурайн илдээ тун сайтар хадгалсан байжээ. Тэрээр ширэнгээс гарч энгийн амьдралаа эхлүүлсэн ч эх орондоо идээшихгүй байсаар Бразилийг зорьж фермерийн аж ахуй эрхлэх болсон байна. Онода Бразилд гэрлэж, хүүхэдтэй болсныхоо дараа “Хэзээ ч бууж өгөхгүй: Миний 30 жилийн дайн” хэмээх ном бичсэн нь эрэлттэй байлаа. Ийнхүү эх орныхоо төлөө үнэнчээр тулалдсаар явсан Япон цэрэг 2014.01.16-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ба түүний түүх дэлхий дахиныг долгилуулсан юм.Дуглас МакАртур (1880 - 1964)
Орчин цагийн дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай генералуудын нэг бол АНУ-ын цэргийн нэгтгэлийн генерал, НҮБ-ын эвслийн цэргийн командлагч Дуглас МакАртур юм. Тэрээр дэлхийн II дайн (1939 - 1945), Солонгосын дайны (1950 - 1953) үеэр эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, цэргийн гавшгай удирдагч гэдгээ харуулсан нэр хүндтэй генерал байжээ.

Түүнийг хамгийн зөрүүд хүмүүсийн нэгээр нэрлэх болсон шалтгаан нь Дуглас МакАртур нь өөрийгөө тухайн үеийн АНУ-ын төрийн тэргүүнүүдээс хамаагүй илүү ухаантай гэдэгт итгэсэн явдал байсан юм. Тэрээр АНУ-ын №31 дэх ерөнхийлөгч Херберт Хувер (1874-1964), №33 дахь ерөнхийлөгч Харри Трумэн (1884-1972) нарыг үл ойшоодог байсан төдийгүй өгсөн тушаалыг нь зөрчиж, хэвлэл мэдээллээр илт заргалддаг байсан гэдэг.Стив Жобс (1955 - 2011)
Технологийн салбарын дэлхийн №1 “Apple Inc.” компанийг үүсгэн байгуулагч, зохион бүтээгч, маркетер Стив Жобс нь амьдралынхаа эцсийн хормыг хүртэл хэзээ ч хэний ч санал шүүмжлэл, зөвлөгөө зөвлөмжийг сонсож, хүлээж авч байгаагүй гэдгээрээ хамгийн зөрүүд хүмүүсийн жагсаалтад нэрлэгджээ. Ялангуяа экспертүүдийн өгсөн заавар зөвлөмжийг огт хайхардаггүй байсан тэрээр эсрэгээрээ үгийг нь авч, үйл ажиллагаандаа тусгаж ажилласан бол технологийн салбарын асар хурдацтай хөгжил дэвшлийн үндэс өнөөдөр огт тавигдаагүй байх байсан юм. Стив Жобс бол мэргэжилдээ эзэн болсон салбарынхаа манлайлагч, мэдрэмжтэй зохион бүтээгч төдийгүй зөв хор шартай зүйдэлгүй ертөнцийн суутай нэгэн байсан юм.Эммет Пирсон (1930 - 2013)
83 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Эммет Жон Пирсон нь Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн “The Minnesota Vikings” багийн үнэнч шүтэн бишрэгч байсан гэнэ. Тэрээр багийнхаа 1975 оны ялагдлаас хойш сахлаа ургуулж эхэлсэн бөгөөд багаа “The Super Bowl” тэмцээнд ялалт байгуулахаас нааш сахлаа хусахгүй хэмээн ам гарчээ. Харамсалтай нь түүний дэмждэг багийнхан нь нэг ч ялалт аваагүй байгаа билээ.

Эмметийг сахлаа ургуулах болсонд эхнэр нь дургүй байсан ч тэрээр зөрүүдэлсээр байсан төдийгүй охиныхоо хуримаар ч гэсэн сахлаа хусахаас эрс татгалзсан байдаг гэнэ. Эммет нь таван хүүхдийн эцэг бөгөөд 38 жил сахлаа ургуулсан юм. Түүнийг оршуулах ёслолын үеэр дэмждэг багийнх нь сүлд дууг дуулснаас гадна “The Minnesota Vikings” багийнх нь өмсгөлтэйгөөр хөдөөлүүлжээ.Роберт Мозес (1888 - 1981)
Роберт Мозесийн ухамсаргүй, зөрүүд үйлдлээс болж Нью Йоркийн Гринвич Виллиж сүйрлийн ирмэгт тулж түүх дурсгалын цөөнгүй газар шороонд булагдсан гашуун түүх бий ажээ. Тэрээр XX зууны үеийн Нью Йорк, Лонг Айленд, Рокленд болон Уэстчестер мужийн хот төлөвлөлтийг хариуцан ажиллаж байсан туршлагатай хот төлөвлөгч байсан гэдэг.

Түүний удирдлаган доор Манхэттений “The LOMEX” хурдны замыг байгуулах ажил 1941 онд эхэлсэн ч 1960-аад оныг хүртэл хойшилж энэ хугацаанд түүх дурсгалын газруудыг сүйдэлж, 1900 гаруй айл өрх, бизнес эрхлэгч 800 гаруй аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх ажлуудыг явуулж байсан ч хурдны замын олонх нь түүний төлөвлөснөөр баригдаж байгаагүй юм байна.Тим ба Лей МакКолл
АНУ-ын Индиана муж улсын засаг захиргааны төв Индианаполис хотноо амьдардаг Тим ба Лей МакКолл нарын гэрийг 3 жил тутам нэг машин мөргөдөг бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд гэр рүү нь 11 машин жолоодлогогүйгээр дайрч оржээ. Амь насанд нь аюултай гэдгийг мэдсээр байж хосууд гэрээсээ нүүхээс татгалзсаар байгаа юм.

“The Indianapolis Star”-ийн мэдээлснээр 2013 оны 12 сард л гэхэд “The Chevrolet Equinox LT” маркийн машины жолооч Кэти Спирс зочны өрөөг нь дайрч орсон явдал гарсан байна. Тим ба Лей МакКолл нарын гэрийн орчим жолооч нар 48 км/ц хурдтай явах заалттай байдаг ч олонх нь хурд хэтрүүлж, галт тэрэгтэй уралддагаасаа болоод ийм осол гаргах нь түгээмэл байдаг гэнэ. Жич: Зургийг орлуулсан болно.Энг Банкер (1811 - 1874)
Чанг Банкер ба Энг Банкер нар нь 1811 оны 5 сарын 11-ний өдөр мэндэлсэн сиамын ихрүүд юм. Элгээрээ нийлсэн ихрүүдийг салгах мэс ажилбарыг хийх боломжгүй байсан ба хэрвээ салгах мэс ажилбар хийхээр болвол нэг нь үхэх учиртай байжээ. Ингээд ихрүүд өвөрмөц төрхөө ашиглан олны өмнө үзүүлбэр үзүүлж амьдралаа залгуулдаг байсан бөгөөд Аделаида ба Сара Йейтс нарын эгч дүүстэй гэр бүл болсон гэдэг.

Ингээд Энг 12, Чанг нь 10 хүүхдийн эцэг болсон байна. Ихрүүд 1874 оны 1 сарын 17-ны өдөр нас барсан ба Чанг нь уушигны хатгалгаагаар хорвоог орхисон байна. Харин Энг нь түүнийг нас барснаас хойш 3 цагийн дараа насан эцэслэсэн байдаг гэнэ. Хэрвээ Энг яаралтай мэс засал хийлгэж Чангаас биеэ салгасан бол амьд үлдэх боломжтой байсан ч зөрсөөр байгаад ахынхаа хамт нас барсан юм байна. Сиамын ихрүүдийн цогцос нь Филадельфийн анагаах ухааны “The Mutter Museum” музейд хадгалагддаг гэнэ.Буфорд Пассер (1937 - 1974)
Теннесси мужийн шериф Буфорд Пассер нь биеэ үнэлэх, хил дамнуулан спирт наймаалах хууль бус худалдаа, мөрийтэй тоглох болон зохион байгуулалттайгаар бүлэглэн гэмт хэрэг үйлдэх явдлыг тэвчдэггүй нэгэн байсан ба тэвчээрийг нь барсан эдгээр хэргийг үйлдсэн гэмт хэрэгтнүүдийн хойноос уйгагүй хөөцөлддөг мэргэжилдээ гарамгай ч зөрүүд нэгэн байсан гэнэ.

Тэрээр амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл нэг л гэмт хэрэгтнийг барихаар нойр хоолгүй зүтгэсэн нь эхнэрийг нь хөнөөсөн зандалчин байсан юм. Харамсалтай нь шериф 1974 онд автын ослоор нас барсан байдаг бөгөөд үүрэгт ажлаа хийж явахдаа найман удаа буудуулж, долоо удаа мэсээр сүлбүүлж байсан ажээ. АНУ-ын нэр хүндтэй шерифүүдийн нэг Буфорд Пассерийн тухай олон ч цуу яриа, үлгэр домог байх агаад дэлгэцийн цөөнгүй кино бүтээгдсэн байдаг байна.Уильям Матиас (1781 - 1873)
Их Британий оршин суугч Уильям Матиас нэгэн цагт хамгийн зөрүүд өвгөнөөр нэрлэгдэж байжээ. Тэрээр Викториягийн талбайн булангийн тохилог сууцанд аж төрдөг байсан ба байшингийнгаа аркийг зөвхөн явган хүн л явах боломжтой болгож төмөр хашаа, хайсаар хаажээ. Гэтэл энэ нь хотын оршин суугчид болон түүгээр явж өнгөрөх хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч аркаар морь, морин тэрэг, авто машин явах хэрэгтэйг ойлгуулах гэсэн ч Уильям өвөө багагүй зөрсөөр эцэст нь шоронд хүртэл хоригдсон байна. Түүний энэхүү зөрүүд үйлдэл нь хэт амин хувиа хичээсэн увайгүй явдлаар нэрлэгддэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин