Дэлхийн өнцөг булан бүрийн буриадууд “Алтаргана” наадамд оролцоно

Монгол туургатны Буриад зон олны түүх соёл, зан заншлыг хадгалах, сэргээх сурталчлах чухал ач холбогдолтой “Алтаргана” наадмыг энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Дэлхийгээр тархан суурьшсан Буриад зоныг нэгтгэсэн уг наадмыг энэ жил Ерөнхий сайд ивээлдээ авч, шинэчилсэн байдлаар илүү өргөн цар хүрээтэй зохион явуулах гэж байгаагаараа онцлогтой юм.

“Алтаргана” наадмын зохион байгуулалтын талаар тус наадмыг Үндэсний зохион байгуулах хорооны дэд дарга, Ерөнхий сайдын зөвлөхМ.Хүдэрбаатараас тодрууллаа.

-“Алтаргана”наадмын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ? Наадмын тов гарсан уу?

-Буриад зон олны “Алтаргана” наадмыг Хэнтий аймгийн Дадал суманд ирэх долдугаар сарын 18-21 өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ наадам маань анх 20 жилийн өмнө буюу 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд “Буриад зон олны язгуур урлагийн наадам” нэртэйгээр зохиогдож байсан юм.

Буриад зон олон гэдэг бол Монгол Улсын хойд бүсэд амьдардаг, дээр үед улсын хилийг манаж явсан, ажилсаг хүмүүс байдаг гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Өнөөдөр манай улсад 160 мянга орчим буриад ястан байгаа бол дэлхийн өнцөг булан бүрт буриад зон тархан суурьшсан байгаа. Тэд тухайн орон нутагтаа их үндсэрхэг, хөдөлмөрч хүмүүс байдаг. Тэднийг л нэгтгэх нь “Алтаргана” наадмын зорилго.

-Оролцогчдын цар хүрээ улам бүр тэлж байгаа. Энэ жилийн наадамд оролцох улсын мэдээллүүд ирж байна уу?

-Өнгөрсөн долоо хоногт тус наадмыг зохион байгуулах комисс Хэнтий аймагт хуралдсан. Эхний байдлаар таван улсын төлөөлөгч ирж “Алтаргана” наадамд оролцохоо мэдэгдэж, наадмын өдрүүдэд ямар номинациар шалгаруулалт явуулахаа ярилцаад явсан. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү наадам жилээс жилд өргөжиж байгаа. Энэ удаад гэхэд ямартаа ч зөвхөн Монголд амьдардаг буриад үндэстнүүд төдийгүй,Өвөрмонголын, Агийн, Эрхүүгийн буриадууд гээд л дэлхийн өнцөг булан бүрт суугаа буриад зон олны төлөөлөл ирж оролцоно.

-Хичнээн хүн оролцоно гэж тооцоолж байна?

-Агийн буриадад болсон өмнөх наадамд 15 мянган хүн оролцсон. Харин бид хамгийн багадаа 10 мянган хүн оролцоно гэсэн тооцооотой байгаа.

-Төв цэнгэлдэх хүрээлэнд 2010 онд зохиогдож байсан “Алтаргана” наадам зохион байгуулалт муу болсон гэж шүүмжлүүлсэн. Харин энэ удаагийн наадмыг Ерөнхий сайд ивээлдээ авч байна. Зохион байгуулалтыг хэрхэн төлөвлөж байна вэ?

-Тэр үед зохион байгуулалт ч сул, хөрөнгө санхүү нь ч хумигдмал, мэдээлэл ч хомс байсан. Энэ жил аль болох өргөн дэлгэр гурав хоног сайхан наадам зохион байгуулъя гэж зорьж байна. 20 жилийн өмнө анх эхэлсэн газраа дахин зохион байгуулах гэж байгаа нь нэг онцлог. Мөн энэ жилийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд өөрийнхөө ивээл дор анх удаа зохион байгуулахаар болсон учир зохион байгуулалтыг хамгийн өндөр түвшинд явуулж, илүү олон хүнийг хамруулахаар төлөвлөж байна.

-Наадмын үеэр болох сонирхолтой арга хэмжээнүүдээс дурдвал?

-Буриад бөхийн барилдаан, буриад дууны уралдаан, “Дангина” буюу мисс шалгаруулах тэмцээн, хамгийн сайхан хувцасласан хүмүүс, гурван насны морины уралдаан зэрэг олон сайхан арга хэмжээг бэлтгэж байгаа. Нийт 10 номинацаар шилдгүүдийг шалгаруулна.

-Наадмын төсөв мөнгийг хаанаас гаргах вэ? Нийт хэдэн төгрөг зарцуулах тооцоо байна вэ?

-Мэдээж энэ арга хэмжээнд зориулан Дадал сумаас бага хэмжээний төсөв гаргаж байгаа. Аймгийн төсвөөс зохих хэмжээний мөнгө гарна. Ер нь голлож ССАЖЯ болон Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа Засгийн газраас зохих төсвийг гарна. Ямар ч байсан Агийн буриадад болсон наадмыг зохион байгуулахад 1 тэрбум 400 сая орчим төгрөг болсон гэж дуулсан.

Н.Гантуяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин