Монгол малаа шүлхийн вакцинаар хөнөөсөөр байх уу

“...Удаа дараа төрөөс зохих арга хэмжээ авч байхад малын шүлхийн өвчин гараад байна гэдэг нь аль нэг шатандаа доголдол үүсч байна гэсэн үг. Бодлогын болон гүйцэтгэх засаглалын хувьд доголдол байна гэдэг нь ч тодорхой.

Тиймээс байгаа юмыг бодитой ярих хэрэгтэй. Төр нь чанартай вакцинаар нөөцөө бүрдүүлж байх ёстой. Хэрвээ нөөц бүрдүүлээгүй бол тухайн албан тушаалтантай хариулцлага тооцож, чанаргүй вакцин гаднаас нийлүүлсэн бол байгууллага, компанид хариуцлага авах асуудлыг ярих хэрэгтэй” гэж УИХ-д байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн бодлогыг зангидаж суудаг дарга гишүүн нь хэлчихсэн удаатай.Харин Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 13 суманд гарсан малын шүлхий өвчний золиос нь малчид болоод үлдэж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Сүхбаатар аймгаас улбаалж, Хэнтий, Дорноговь аймагт малын гоц халдарт шүлхийн өвчин гарахад доор, дээргүй сандралдаж, тус аймгууд руу хүний хөл гишгүүлэх нь байтугай машин, техник явуулахыг хориглосон.Харин энэ өвчний бууралтыг зогсоох ганц арга нь малыг шүлхий өвчний эсрэг вакцинд хамруулах байсан. Гэтэл яг хийдэг дээрээ тулахад вакцины нөөц байхгүй, чанарын хадгалалт, хугацаа хэтэрсэн гэдэг гомдол дагуулсан. Тиймээс энэ хариуцлагагүй үйлдлийг зогсоох нэрийдлээр Мал эмнэлгийн газрын ерөнхий эмчийг ажлаас нь халж оронд нь өөр хүн томилсон байдаг. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн гурван аймагт малын шүлхий өвчин дэгчихээд байхад вакцины нөөц байхгүй гэдгээр хоёр, гурван хүнийг ажлаас нь халж, сольсноор асуудал шийдэгдсэн үү гэвэл өнөөдөр алга. Нэг ёсондоо хэл ам дагуулан байж гаднаас оруулж ирсэн вакциныг нь хоёр ч удаа малдаа хийлгэснээс болж малчид өнөөдөр төлөө бүрэн авч чадахгүй дээрээ тулаад байгаа юм. Манай улс ОХУ-аас малын шүлхий өвчний эсрэг вакцин худалдан авдаг байсан явдал бий. Гэтэл өнгөрсөн нэгдүгээр сараас гурван аймгийн 13 суманд шүлхий өвчин дэгдэхэд сурсан зангаараа хойд хөршөөсөө авах болоход “Вакцин үйлдвэрлэх боломжгүй” гэж гонжирсон асуудал гаргасан. Гэвч үүнийг шийдвэрлэхийн тулд ҮХААЯ-ныхан “SVS” буюу “CBC” компанитай гэрээ байгуулан БНХАУ-аас 1.6 сая тун шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин оруулж ирэхээр болсон юм. Харин тендерт шалгарсан “CBC” компани нь хариуцлага алдаж, вакцинаа 20 хоногоор хоцорч оруулж ирсэн, мөн тээвэрлэж ирсэн вакцин нь хөлдөж, зайрмагтсан байсан зэрэг мэдээлэл цацагдагдаж байсан юм. Гэхдээ үүнд тэрний буруу, үүний зөв гэхээс илүүтэй тээвэрлэлт хийх хоёр компани нэг нэгнээсээ өрссөнөөс вакцин оруулж ирэх асуудлыг удаашруулж байсан гэх нь бий. Харин 1.6 сая тун шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины үлдэгдэл 500 мянга нь хэзээ орж ирэх нь мэдэгдэхгүй байгаа юм. Учир нь одоогоор нийслэлийн малыг вакцинжуулах ажил 60 гаруй хувьтай байгаа юм. Нэг ёсондоо вакцин байхгүйгээс энэ ажил зогсчихсон байдалтай байна. Харин хамгийн гол асуудал бол шүлхий өвчний золиос нь малчид болоод үлдэж байгаа явдал юм. Үнэн хэрэгтээ шүлхий өвчин гарлаа гэхэд хугацаа нь дууссан, БНХАУ-аас оруулж ирсэн вакциныг малд хоёр ч удаа хийсэн. Гэтэл өнөөдөр үүнээс болж малын төл нь үхчихсэн, амьгүй байдалтай гарч байгаа нь харамсалтай. Энэ үед малаа бүрэн бүтэн бойжуулж, Монгол Улс тэчнээн тоо малтай боллоо гэж сайрхдаг. Харамсалтай нь шүлхий өвчний эсрэг вакцинаас болж бог малынх нь төл гэдсэн дотор үхжчихсэн байгааг юу гэх билээ. Сүхбаатар аймгийн малчдын хувьд малынхаа төлийг бүрэн авч чадахгүй дээрээ тулаад байгаа юм. Малчин айлын төллөх бог малын ихэнх нь иймэрхүү байдалтай байгаа аж. Мөн тугал нь ядруу, эхийгээ хөхөж чадахгүй гарч байгаа нь вакцинаас болсон гэдгийг малчдын ихэнх нь ярьж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд вакцин хийдэг байсан ч ийм байдал гарч байгаагүй гэж байсан нь вакцин “но”-той байна уу гэдэг асуудал өөрийн эрхгүй төрж байгаа юм. “Чанаргүй вакцин гаднаас нийлүүлсэн бол байгууллага, компанид хариуцлага авах асуудлыг ярих хэрэгтэй” гэж хэлсэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын тайлбарыг яагаад судалж үзэж болохгүй билээ. Үнэн хэрэгтээ төллөж байгаа малынхаа байр байдлыг харж, юунаас болов гэдгийг тогтоох хэрэгтэй биз ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин