Шаамараас хулгайлагдсан гэж шуугиан тарьсан хүүг аав нь Орос руу үрчлүүлжээ
Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас арван сартай хүү алга болсон хэрэг 2005 онд гарчээ. Хулгайлагдсан гэх хүүгээ ОХУ-д нэгэн айлд амьдарч байгаа тухай мэдээллийг ар гэрийнхэн нь олж сонссон байна.
Шаамар сумынхан "Тийм нэг хэрэг дуулдсан шүү. Хичнээн ч жилийн өмнө юм бэ дээ, хүүхэд алга болсон тухай манай сумынхан ярьдаг байсан" хэмээцгээнэ. Алга болсон хүү Д.Цэрэнханд гэдэг эмэгтэйн зээ байсан тухай дуулаад тэднийхийг хайж оллоо. Д.Цэрэнханд "Та нар энэ тухай мэдээллийг хаанаас дуулав. Тагнуулынхан хэнд ч битгий хэлээрэй гэсэнсэн. Хотынхон бүгд мэдээ юу" гэсээр угтлаа.
Д.Цэрэнханд дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Алга болсон хүүг Төгсжаргалын Хишигбат гэдэг бөгөөд ууган охин Н.Цэцэгсайханых нь хоёр дахь хүүхэд нь байжээ.
Т.Хишигбат 2004 оны аравдугаар сард мэндэлжээ. Арван сартайдаа буюу 2005 оны наймдугаар сарын 13-14-ний үеэр хулгайлагдсан гэж үздэг юм байна. Д.Цэрэнханд гуай "Хэрвээ хүү минь амьд байгаа бол одоо арван нас хүрч байгаа" хэмээсээр болсон хэрэг явдлын талаар ийн ярьсан юм.
-Хэрэг болох үед ээж нь хаана байсан юм бэ?
-Тэр үед миний охин Н.Цэцэгсайхан Дарханы мөрдөнд саатуулагдаад байсан юм.
-Ямар хэргээр?
-Залилангийн.
-Т.Хишигбат хүү яаж алга болсон юм?
-Хүүг маань төрсөн эцэг нь, ээж, том ахтайгаа нийлээд хулгайгаар орос хүмүүст өгсөн. Манай худ хөгшин хүүг минь өгсөн хүмүүсийг "Миний төрсөн дүү" гэж ойр хавийнхандаа ярьдаг юм билээ. Гэхдээ чухам яг ямар хүмүүст өгснийг нь мэдэхгүй байна. Улаан-Үдийнх ч юм уу, цаашаагаа өөр улсуудад ч өгсөн юм уу бүү мэд. Худындаа очоод хүүгээ авах гэтэл тэд хүүг минь өөр хүмүүст өгчихсөн байсан. "Та нар ядуу зүдүү. Хүүхэд маллаж чадахгүй. Чадал чинь хүрвэл хүүгээ олж аваарай. Яваад заргалдаарай" гэсэн. Тэр үед миний амьдрал хэцүү байсан л даа. Дөрвөн хүүхэдтэй, далан хэдэн настай, хэвтэрт байдаг аавыгаа асардаг байсан. Хэрэг болсны дараа Дарханы цагдаагийн газарт хоёр удаа хандсан. Т.Хишигбат одоо хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар суманд бүртгэлтэй шүү дээ. Хүүг минь чухам яаж Монгол Улсын хилээр гаргасныг мэдэхгүй байна. Төрсөн эхийг нь байсаар байтал өөр хүмүүст үрчлүүлж болдог юм байх даа.
-Н.Цэцэгсайханы холбогдсон хэрэг яаж шийдэгдсэн юм бэ?
-Хуулийн дагуу 2.5 жил аваад явсан. Ял авах үеэр л энэ бүхэн болсон. Би охиноо батлан даалтад гаргах гэж их гүйсээн. Охин минь тэр үед хоёр хүүхэдтэй Т.Хишигбат отгон нь. Би том охиныг нь асардаг байсан. Охин минь хүүгийнхээ араас байнга уйлж, унжиж сэтгэлээр унана. Тэгэх бүрт нь би өөрийгөө зэмлэж, байх суух газраа олдоггүй юм. Тэр үед хоёр хүүхдийг нь хоёуланг нь дэргэдээ байлгах минь яав даа гэж толгойгоо шаадаг. Би үргэлж харамсдаг. Тийм юм болно гэж яаж зүүдлэх юм. Тийм биз дээ. Төрсөн эцэг, эмээ хоёр нь хүүг минь зарчихсан гэж яаж төсөөлөх юм.
Тэр үед миний амьдрал ч гэлтгүй, бүх хүний амьдрал хүнд л байсан. Монголын ард түмэн мэднэ. Одоо харин амьдрал минь жигдэрч, гурван бага маань гурвуулаа их сургуульд сурч байна.
Охиноо гарч ирснийх нь дараа Иргэний бүртгэлийн байцаагчид Н.Цэцэгсайхан, Х.Төгсжаргал хоёрын Гэрлэлтийн гэрчилгээг аваад очсон. Байцаагч манай хүргэн рүү утсаар ярьсан чинь "Би наад хүнтэй чинь гэрлээгүй. Сууж байгаагүй. Хүүхэд гаргаагүй" гэж хариулсан.
-Та Т.Хишигбатыг алга болсон, хулгайлагдсан гэдгийг хэд хоногийн дараа мэдсэн юм бэ?
-Охиноо батлан даалтад гаргах гээд хөөцөлдөж байлаа, баасан гариг байсан юм. Таслагдахаас нь өмнө хоёр, гурван хоног гэрт нь байлгая гэж бодоод охиныхоо хадам ахынх нь эхнэртэй хамт явсан. Бичиг баримтыг нь хөөцөлдөж явсаар байтал ажлын цаг дууссан. Тэгтэл байцаагч нь "16 цагаас хойш батлан даалтад гаргахгүй. Та даваа гаригт ир" гэсэн.
Даваа гаригт нь вокзал дээр тасалбараа авчихаад вагондоо суух гэж байтал охины маань бас нэг бэргэн нь таараад "Нэг их гоё машинтай хүмүүс ирээд Сайханаагийн (Н.Цэцэгсайханы) хүүг авах гээд орж ирсэн. Хадам ээжийн "Миний дүү нар" гээд байдаг буриадуудад зээг тань өгч явуулах юм яриад байна. Таныг вокзал руу явахаар гарангуут утсаар тэднийг дуудсан" гэсэн юм ярихаар нь би итгээгүй. Юу гэж дээ, тийм юм гэж юу байдаг юм гэж бодоод л вагонд суучихсан. Хэрвээ би тэр үед вагонд суухгүй, шууд худындаа очсон бол хүүгээ алдахгүй байсан ч юм билүү гэж байнга өөрийгөө буруутгадаг. Хүн, тэр тусмаа эх хүн тийм үгэнд итгэдэггүй юм билээ. Тийм юм болно гэж би яаж төсөөлөх юм бэ.
Хүүг минь хулгайгаар хүмүүст өгснийг мэдээд хүргэн дээрээ очиход намайг барьж аваад зодохоо дөхсөн. Би бухимдаад орилж хашгираад уйлаад бөөн юм болсон. Хүргэний маань эгч нар, худ хөгшин маань над руу дайрч "Та нар яаж хүүхэд өсгөж чаддаг юм. Чадалтай, чансаатай баян хүмүүст хүүхдийг чинь өгчихсөн. Чаддаг юм бол яваад заргалд. Харъя" гэсэн. Отгон хүүг нь ингэж хулгайлчихаад томыг нь ч гэсэн бас авах гэж оролдсон.
-Хэзээ тэр вэ?
-Хоёр жилийн дараа. Зээ охин минь гурван настай байсан. Цэцэрлэгт явдаг байсан юм. Манай худ хөгшин Шаамарт ирээд захиргаан дээр ороод "Хүүгийнхээ охиныг авах гээд ирлээ" гэсэн байна лээ. Тэгэхээр нь "Нэг хүүхдийг нь авсан. Одоо ганц үлдсэнийг нь булаагаад авч явж болохгүй. Ээж нь эзгүй ч эмээтэйгээ энх тунх байгаа хүүхдийг аваад явж болохгүй. Тийм бол та Цэрэнханд гуайг аваад ир" гэсэн юм билээ. Тэгсэн чинь худ маань байцаагч руу дайрч "Чамайг ажлаас чинь халуулна" гээд хэл амаар баахан доромжилсон гэсэн. Тэрийг нь хүн дуулаад надад ирж хэлсэн. Зээ охиныг минь авах гээд аймгийн захиргаагаар хүртэл хөөцөлдсөн. Тэр бүү хэл, охин, хүргэн хоёрын маань гэрлэлтийг нь хууль бусаар цуцлуулчихсан байсан.
Худынхан маань "Энхүүшийг (Т.Хишигбатын эгч) дүүтэй нь хамт тэр буриадууд ижлээр нь аваачаад өсгүүлчихвэл яасан юм. Ерөөсөө охиноо авна аа. Хойш нь өгч явуулна аа" гэж хэлсэн хэмээн хүмүүс надад анхааруулж байсан. Түүнээс хойш би л охиноо цэцэрлэгээс нь очиж авдаг байлаа. Нэг ёсондоо манай энд чинь онцгой байдал зарлах хэмжээний юм болж цэцэрлэгийн багш нар нь зөвхөн надад охиныг минь өгдөг болсон. Одоо зээ охин минь 11 настай. Муу сайн ч төрсөн эцэг юм хойно гээд холбоог нь таслахыг боддоггүй. Зуны амралтаар нь хэд хоног аав руу нь явуулдаг юм. Би хүргэндээ үхэн үхтэлээ гомдож явна. Түүнийг бодохоор л гол зураад өөрийн эрхгүй гомдол төрдөг. Хүүхдээ зарна гэж юу байдаг юм. Хүүгээ байсан бол яаж ийгээд л хүн болгочихсон л байгаа. Хичнээн ядуу ч надад эхийн сэтгэл, эмээгийн хайр халамж байгаа. Эхийн сэтгэл, аавын хайрыг гүйцэх зүйл байдаг гэж үү. Би энэ хүүхдийг маллаж чадахгүй та нар ав гээд өгчихсөн бол өөр хэрэг. Тэгтэл ашиг хонжоо харж цаашаа зарна гэдэг байх уу. Би хүргэнийхээ ээж, ах, эгч нарт буруу өгч чадахгүй. Хамгийн гол буруутан нь миний хүүгийн эцэг. Би энэ хүнд үнэхээр гомдолтой гээд цагдаад өгвөл ял авчихвал яана. Муу ч гэсэн энд нэг хүүхэд нь байна. Тэр хүнээр муу муухай юмны хаалга татуулаад яахав. Үр хүүхдээ олоод авчихвал бусад нь яахав гэж боддог.
-Танай хүргэний талынхан ямар ажил төрөлтэй, ямархуу улсууд байдаг юм бэ?
-Дарханы модны захад хувиараа юм хийдэг улсууд. Бүгд тэнд ажилладаг. Хамгийн том ах Х.Жаргалсайханыг нь их л баян тарган хүн байдаг гэж дуулсан. Хүн ямар нэг бизнес эрхлээд амьдрал нь дээшилсэн байж болно. Яг үнэндээ Х.Жаргалсайхан эрхэлсэн тодорхой ажилгүй гэдгийг нь мэднэ. Миний зээ хүүг буриадуудад өгсөн гол хүн бол энэ хүн. Тэр хүн олз омог, ашиг хонжоо харж л хүүг минь баян хүмүүст зарсан гэж бодож байгаа.
-Т.Хишигбат ямар айлд очсон юм шиг байна?
-Мэдэхгүй. Үнэндээ хүүд минь чухам юу тохиолдсоныг мэдэхгүй. Миний дуулсан зүйлс бол сураг төдий, таамгууд. Хүүхдээ авъя гэхээр худ маань "Хүүг чинь дүүдээ өгчихсөн. Баян тарган хүнд өгчихсөн. Тэд нар хүн болгочихно" гэж хэлсэн болохоос биш миний хүүхэд өнөөдөр амьд байгаа ч юм уу, хүний наймаанд өртчихсөн ч юм уу, үнэхээр тийм айлд өсч байгаа юм уу, үхчихсэн ч юм уу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Охины маань бэр эгч нар тэр хүмүүс нь хувьдаа алтны уурхайтай тухай ярьж байсан.
-Үүнийгээ тодруулахгүй юу?
-Дөч гартлаа хүүхэд гаргаагүй, эхнэр, нөхөр хоёр юм гэсэн. Би хэдэн жилийн өмнө Х.Төгсжаргалынд ороод охиныхоо зургийг авъя гээд тэр буриад хүмүүсийнх нь зургийг олж авсан юм. Тэр зургийг энэ хэргийг мөрдөж байгаа ахмадад өгчихсөн.
Зургийг нь харахад их л сайхан, нүдэнд дулаахан хүмүүс санагдсан. Тийм сайхан хүмүүс юм бол энэ хүүхдийн ээж нь гэж хүн байдаг болов уу гэж яагаад ганц ч удаа сонирхоогүй юм бол оо гэж гайхдаг юм.
-Хүргэнтэйгээ энэ талаар ярилцаж үзсэн үү. Хүүгийнхээ талаар юу гэх юм?
-Ямар нь ч мэдэгдэхгүй, дуугүй хүн байдаг юм. Охиноос минь салаад өөр хүнтэй суугаад дөрвөн жил болж байна. Одоогоос хоёр жилийн өмнө сүүлд суусан авгайгийнх нь дүүгийнх нь хүүхэд бас тэдний гэрээс алга болсон. Найман настай хүүхэд байсан юм. Улсын хэмжээнд эрэн хайгаад бөөн юм болж байсан даа. Гэр орноос нь хүүхэд алга болдог, аягүй сонин айл байгаа биз.
Хүү минь наймдугаар сард алга болсон. Тэгтэл шинэ жилээр нь хүүг минь авсан хүмүүс ирээд манай худ хөгшин, охины минь хадам эгчид алтан ээмэг, бөгжнүүд бэлэглэж, манай хүргэн Х.Төгсжаргалд доллар өгсөн юм билээ. Хүргэн маань доллараа банкинд солиулаад захаас баахан хувцас худалдаж авч гангарчихсан яваа талаар сонссон. Дараа нь цагаан сараар нөгөө хүмүүс нь их хэмжээний доллар явуулсан гэсэн. Хүргэнийг маань ээжтэйгээ хамт доллар солиулж явсныг харсан хүмүүс бий. Гурван сарын өмнө Х.Жаргалсайхан олон арван сая төгрөгийн үнэтэй чингэлэгтэй хоёр машиныг буриадаас оруулж ирсэн гэж дуулдсан.
-Н.Цэцэгсайхан одоо хаана юу хийж байгаа вэ?
-Манай дүү нар хотоос ирж ногоо тарих гэж байгаа юм. Тэдэнтэй уулзах гээд явчихсан байна. Охин маань хүүгээ байнга ярина. Үргэлж уйлж унжиж байдаг ш дээ. Хүүгээ яриад уйлна. Тэгэх тоолонд нь "Хүүхдийг нь олж өгчихөөд сэтгэл амар үхэхсэн" гэж л боддог. Болж өгвөл бодмооргүй санагддаг. Бодохоор л сэтгэл өмөрдөг (уйлав). Би чинь охиндоо амьдын хагацал үзүүлчихсэн хүн. Ямар олиг байх вэ дээ.
-Та Х.Жаргалсайхан болон худтайгаа уулзаж, энэ талаар нүүр тулж ярьж үзсэн үү?
-Хүүхдээ алга болсны дараа худ хөгшин, хүргэнийхээ ах, эгч нартай нь уулзаж, зөндөө л хэл ам хийсэн. Ер тоодоггүй. "Тэгээд яваад олоод аваач дээ, чаддаг юм бол" гэдэг ийм л үг хэлдэг.
Тийм болохоор ээжийг нь ирэхийг хүлээсэн. Гарч ирснийх дараа өөрсдийнхөө хэмжээнд хөөцөлдсөөр л явсаар өнөөдөртэй золголоо. Бидэнд хүнд өгчих таван цаас байх биш. Хуулийнхаа хүрээнд л хандах ёстой газарт нь хандаад явж байна. Шаардлагатай бичиг баримтыг нь бүрдүүлээд л явж байна.
Мөнгөгүй хүнд хууль үйлчилдэггүй юм байна. Тэрэнд нь л гомддог юм. Хэрвээ би мөнгөтэй байсан бол ийм зүйл болохгүй байсан даа. Цаас барьж гүйгээд л, уйлж, гуйж гувшаад л. Өөр бид яах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ