Дурлалаа би яах вэ?

Нэгэн өдөр найз маань өөрийнхөө дурласан залууг санаад уйлан хайлан түүнийхээ тухай ярьж билээ. Тухайн үед би найзыгаа тайвшруулаад өнгөрсөн ч дотроо түүнийг сэтгэлдээ тээх хүнтэй азтай юм аа гэж бодож байлаа. Миний хувьд урьд нь найз залуутай байж, хүнээр хайрлуулж үзсэн ч яг өөрөө хүнд сэтгэл зүрх алдарч, дурлал гэгч тэр мэдрэмжийг мэдрээгүй явсан хэрэг л дээ. Тийм болоод л шаналж байгаа ч гэсэн утга учиртайгаар зүрх сэтгэл нь өөр нэгнийг хайрлаж байгаа нь сайхан санагдсан хэрэг.

Түүнээс хойш удалгүй миний зүрх сэтгэл өөрөөсөө өөр нэгэн ертөнцийг бодох санах төдийд л аз жаргалаар дүүрдэг тийм нэг сайхан мэдрэмжийг мэдэрсэн юм. Эмэгтэй хүн түрүүлж сэтгэл алдран түүнийгээ илчлэх зориг төдийлөн байдаг эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ би түүнийгээ анх харсан өдрөөс хойш л зүрх сэтгэл минь тийм гэж хэлэхийн аргагүй бодохын төдийд л хамаг бие халуу дүүгэн, нүүрэнд минь өөрийн эрхгүй инээмсэглэл тодордог болсон. Харсан хүн бүхэндээ “би хүнд дурлачихсан” гэж хэлмээр, бүр хамаг бүхэнд сонсогдтол хэлмээр тийм сайхан мэдрэмж төрж байсан.

Миний хувьд эх орноосоо өөр газар хүсэл зорилгоо биелүүлэхээр сурч хөдөлмөрлөдөг жирийн нэгэн оюутан. Гэрээсээ мөнгө харалгүй ажил хийж олсон хэдээрээ өөрөө өөрийгөө болгоод болоод л байдаг. Харин түүнтэйгээ учирснаас хойш хичээл ажил гээд хааяа нэг ядрах минь бүр мөсөн мартагдаж, харин ч улам эрч хүчтэй болсон мэт санагдана.

Өдөр ирэх тусам түүнийхээ зургийг харан дүүрэн жаргалтай байх ч хэрхэн үүнийгээ хэлэх учраа мэдэхгүй байлаа. Нэг өдөр сэтгэл минь бүр байж ядаад болдоггүй найздаа хэлэн зургийг нь үзүүлтэл энэ чинь чамаас олон насаар ах хүн юм биш үү, гэж байна. Би тэгээд юу гэж, тэгж харагдахгүй л байна даа гэж хээв нэг хэлж байсан санагдана. Үнэхээр л дурласан хүн сохордог гэж үнэн юм билээ. Гэсэн ч надад тэр огт асуудал мэт санагдаагүй.
Тэр маань ч гэсэн намайг нууцхан анзаардаг байсан ч бид хоёрын дунд нэг асуудал нь олон насны зөрүү байлаа. Би 22-той, тэр маань 40-тэй. Тийм болоод л тэр маань түрүүлж хэлж зүрхлэхгүй надаас тойроод байж л дээ. Гэсэн ч би зориг гарган түүнтэйгээ уулзмаар байгаагаа хэлсэн. Ингээд бидний анхны болзоо товлогдлоо.

Анхны болзоо маш романтик, яг л кинон дээр гардаг шиг тийм гоё. Хичээлээ тараад уулзахаар товлосон газраа очвол гудамжинд амьд хөгжмийн хамтлаг тоглож байх бөгөөд 4 замын уулзварын хажууханд тэр минь улаан сарнай гартаа атгачихсан зогсож байлаа. Бид хоёр анх удаа уулзаж байгаа хүмүүс хэрнээ л эртний танилууд шиг нэг нэгнээсээ бишүүрхэх зүйлгүй элдвийг ярилцан цагийг гайхалтай өнгөрөөж билээ. Тэр маань бас нэг CD өгөөд, энэ түрүүний хамтлагийн дуунууд байгаа, сонсох бүртээ анхныхаа учралын тухай санаж байгаарай гэж хэлсэн юм.

Энэ бүхнийг хүмүүст хэлвэл энэ зэргийг зүйлийг цаад хүн чинь өдий наслахдаа мэдэлгүй яахав дээ гэж хэлнэ. Гэсэн ч би хүн зүрх сэтгэлээ дагаж аливаа зүйлийг хийдэг гэдэгт итгэнэ.

Түүний хувьд энд 8 жил болсон, жирийн ажил хийдэг, тийм баян мөнгөтэй хүн биш. Мэдээж урьд нь амьдралтай байсан, байхдаа бүр 4 хүүхдийн эцэг. Хүүхдүүдээ тэжээх гэхдээ гадаадад ирээд амьдралын эрхээр эхнэрээсээ хол хөндий болж буцья гэхээр эхнэр нь чи ирээд яах гэсэн юм бэ гэдэг гэсэн. Өөрөө хэлэхдээ надаас явуулдаг хэдэн төгрөг нь л хэрэгтэй юм байлгүй дээ. 2 жилийн өмнө би буцахаар шийдээд залгатал надад тэгж хэлсэн. Нэгэнт л намайг гэх сэтгэлгүй болсон юм бол би тийм хүнтэй яаж цааш хамт амьдрахав дээ, би ч гэсэн жаргамаар л байна шүү дээ гэж хэлсэн.

Хааяа хүүхдүүдтэйгээ ярьж харагддаг, тэгэх бүрт нь надад эмзэглэх зүйлгүй харин ч сайхан санагддаг. Харин найзууд маань мэдээж энэ бүхний эсрэг байна. Яахав чи одоо тэвчиж л байна, хэрэв яг амьдрал болоод та 2 хамт байвал би үүнийг тэвчиж чадахгүй бүхэл бүтэн 4 хүүхдийн эцэг юу боллоо гэж хүүхдүүдээ хаяад чамтай хамт байхав дээ, байсан ч чи бүхнийг олон тоонд хуваалцаж амьдрах хэрэгтэй болно. Тэгээд ч миний найз ийм хөөрхөн ухаантай охин байж чамайг гэх өчнөөн сайхан үеийн чинь залуучууд гарч ирнэ ш дээ гэж намайг ятгана.
Заримдаа би тийм дээ, гэж бодох ч гэхдээ яг одоо зүрх сэтгэл минь энэ хүнийг хайрлаж байна ш дээ гэж өөрийгөө зөвтгөнө.

Бид 2 бие биенээ сайн сонсож аливааг их л нухацтай ярилцана. Зөвхөн өөрсдийнхөө тухай ч биш ертөнцийн хамаг зүйлийг хамж шимээд д ярилцана. Удаан ганцаараа байсан түүнд маань ч энэ дотно байдал маань таалагдана. Нэг удаа тэр маань багынхаа тухай ярьж байгаад над руу хараад “би багадаа ер нь их зовж өссөөн” гээд харахад нь тэр гунигтиай харцыг би л аз жаргалтай болгож чадах юм шиг мэдрэмж төрж билээ. Хэрэв би хэн нэгний хажууд байхдаа аз жаргал мэдрүүлж байвал би түүнээс яагаад зугатах ёстой гэж гэсэн бодол төрнө.

Мэдээж тэр минь надаас ах болохоор миний ирээдүйд санаа зовно. Чамтайгаа хамт байхад сайхан байгаа ч би бас чамайгаа миний өмнөөс зовоосой гэж хүсэхгүй байна. Чи ямар шийдвэр гаргана, чинийхээр би байна аа гэж хэлнэ.Уг нь би буцна гээд шийдчихсэн байсан. Чамтайгаа учирснаас хойш амьдрал минь утга учиртай болж байна гэнэ. Хааяа нэг цасны зураг хараад тэр минь санаа алдана. Тэгэх бүрт нь би түүнийг эх орноо санаж байгааг нь мэдрэнэ. Нэг удаа тоглоом шоглоом болгон “ер нь монгол руу буц буц, цас хармаар байгаа биз дээ” гэсэн чинь, инээгээд “үгүй ээ, би шийдчихсэн. Чамтайгаа хамт байна” гэнэ.

Сэтгэл зүрх минь түүнийгээ хайрлаад жаргалтай байгаа ч, түүнийхээ үр хүүхдүүдийг бас эцэгтэйгээ хамт байхыг хүсдэг байх даа гэж бодно. Бас эхнэр чинь танд гомдож байгаа байх даа, мэдээж эмэгтэй хүнд энэ амьдрал амар хялбар биш гээд л бид 2 чөлөөтэй ярилцана. Тэгэх бүрт эхнэрээ гэх сэтгэл нь нэгэнтээ хөрсөн нь харагдана. Насаараа би хэрэлдэж, муудалцаж, элдвээр хэлүүлж амьдрахыг хүсэхгүй байна аа гэнэ. Эсвэл нэгэнт эргээд тэдэн дээрээ очвол үлдсэн амьдралаа сайхан өнгөрөөх ч юм билүү. Энэ бүхний бодох бүрт толгой минь түмэн бодол дундаа төөрч, одоогоороо аз жаргалтай үргэлжлүүлэн амьдрах уу, эсвэл дурлалаа дурсамж болгон үлдээх үү гэдэг бодол толгойд минь эргэлдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин