Учираагүй ч удахгүй хань минь болж хамтдаа мөрөөдөж ч зүрхлэхгүй сайхан амьдралыг цогцлоох тэр нэгэн гайхамшигтай эмэгтэйд зориулав

Сайн байна уу? Намайг О гэдэг. 25 настай эрэгтэй. Би энэхүү “Миний амьдрал” хэмээх буланг хамгийн бодитой хэмээн үзэж, олон жилийн туршид тасралтгүй уншсаар ирсэн юм. Захиа минь ердийн захидлуудаас урт учраас нийтлэгдэхгүй байх магадлал их боловч энэхүү захидлаа учирч хараахан амжаагүй яваа ч тун удахгүй гэргий минь болох тэр нэгэн гайхамшигтай эмэгтэйд зориулж бичив. Түүндээ хэлэхсэн гэсэн маш олон зүйл байгаа болохоор эхнээс нь дэс дараатай нүдэнд харагдтал бичихийг хичээлээ. Болгооно уу.

Манайх гэдэг айл 5 гишүүнтэй. Аав, ээж, эгч, ах, тэгээд би. Бид, хөдөө аймгийн төв дээр амьдардаг байлаа. 6 дугаар анги хүртлээ би зөвхөн “Онц” эсвэл ”A” гэдэг дүн л авдаг байсан нь ангийн найзууд гэрийн гадаа ирээд “Тоглоё” гэхэд нь үргэлж татгалздагт байсан биз. Ингээд л би гэдэг хүн спорт ч сонирхохгүй, эмэгтэй хүнтэй ч эгцэлж хараад ярьж чадахгүй ичимхий бүрэг “, Номын хүн” болох гараагаа тавьсан минь энэ байж. 7 дугаар ангидаа өөр аймагт байдаг “Монгол-Туркийн хамтарсан ахлах сургууль” –д суралцаж дотуур байранд гэрээсээ хол амьдарч үзэв. Тухайн үед банди нарын дотуур байранд гэрээ санаад уйлдаг хүүхдүүд олон байлаа. Эрэгтэй хүн уйлдаггүй гэсэн бодол автоматаар суусан надад бас л сонин санагддаг байсан. Тэр л үед эрэгтэй хүн ч гэсэн хүн шүү дээ гэсэн бодолтой болов. Бусад нь уйлаад байхад би яагаад гэрээ санаж уйлдаггүй байна гээд хүчээр уйлж билээ. Одоо бодоход үнэхээр инээдтэй, жоохон л байж дээ.

Ингээд намайг 8 дугаар анги төгсөхөд буюу одоогоос 10 жилийн өмнө 2004 онд манайх Улаанбаатар хотод шилжин ирэв. Эгч гадаадад сурдаг, тэгээд эгч рүү юм явуулах бас авах гэж заавал хотод байгаа хүнээр дамжуулж, их л төвөгтэй, хажуугаар нь ах их сургуульд орсон тул тэдний төлөө эцэг, эх маань ийм алхам хийж. Нэгэн сургуулийн 9 дүгээр ангид орлоо. Миний л үнэлдэггүй, магадгүй хэзээ ч үнэлэхгүй тийм л архичин, тамхичин, шоучин, хараалын үгийг ус цас шиг урсгадаг, охин байнга эргүүлж, хүүхдүүдийг дээрэлхдэг банди нар, бас охидууд 8 жилийн туршид тасралтгүй онц сурсан надаас бараг бүх л хичээл дээр илүү зүйл мэддэг байж таарав. Би өдийг хүртэл яг юу сурсан юм бэ гэсэн асуултын эрэлд гарлаа. Удалгүй, нэг сар ч бололгүй өөр сургууль руу анги дэвшин суралцах гэж шилжив.

Нэгэн өдөр монгол хэлний багш маань самбар дээр “Нэг голын усанд 2 орж болдоггүй” гэсэн үг бичээд утгыг нь тайлбарлахыг биднээс хүсэв. Би “Багш аа наадах чинь ямар тэнэг хүн бэ, би хэд л бол хэд үсрээд л орчихно” гэж хариулах гээд сууж байтал багш “Гол гэдгээр цаг хугацааг төлөөлүүлсэн байна, тиймээс хийх ёстой зүйлээ цаг тухайд нь л хийж байх хэрэгтэй, тэгэхгүй бол…” хэмээн тайлбарлав. АМЬДРАЛДАА АНХ УДАА Л МИНИЙ НҮД НЭЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ.

Энэ мөчөөс хойш би маш идэвхтэйгээр Г.Аюурзана гуайн 2х2=6 номыг дуустал нь уншиж, бүх суутнуудын хэлсэн үгийг ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨРӨӨ тайлав. Энэ үед “Би гэж яг юу юм бэ?, Би бүхэл бүтэн 10 жил сурчихаад байхад надаас өдийг хүртэл яагаад ХАМГИЙН НААД ЗАХЫН, ХАМГИЙН ЧУХАЛ энэ асуултын хариуг хэлж өгөх нь битгий хэл нэг ч удаа асууж байгаагүй юм бэ” гэсэн асуултууд гайхширал төрүүлэв. Миний бусдаас байнга л асуудаг “Чиний амьдралдаа хамгийн их хэрэглэдэг үг “Би” мөн үү?” гэх асуултад бүгд л “Яг тийм” хариулдаг. Харин дараа нь “Тэгвэл тэр би гэдэг чинь яг юу юм бэ?” гэхэд хариуд нь нийгмийн хичээл дээр үздэг Зигмунд Фрэейд болон Чарьлз Дарвины “Би бол нийгмийн амьтан, хувь бодгал, Би бол байгалын амьтан” гэсэн тодорхойлолтыг л хэлдэг. Магадгүй энэхүү захидлыг уншиж байгаа та хүртэл одоо ч ийм асуулттай тулгарч байгаагүй байж мэдэх. Сонин биш гэж үү. Бид чухам юу юм бэ, хэн юм бэ. Ингээд “Би яг юу сурсан юм бэ?” гэсэн асуулт минь ЮУ Ч СУРААГҮЙ БАЙЖ гэсэн хариулттай болов.

Нэгэнт “Би гэж яг юу юм бэ?, Би бүхэл бүтэн 10 жил сурчихаад байхад надаас өдийг хүртэл яагаад ХАМГИЙН НААД ЗАХЫН, ХАМГИЙН ЧУХАЛ энэ асуултын хариуг хэлж өгөх нь битгий хэл нэг ч удаа асууж байгаагүй юм бэ” гэсэн асуултууддаа бүрэн дүүрэн хариултыг өөрөө олсон тул ЖИНХЭНЭ СУРАХ үйл явцад шилжлээ. Хүнд хамгийн хэрэгтэй, хамгийн үнэтэй, суурь зүйл болох ӨӨРИЙГӨӨ НЭЭХ -ийг заахын оронд Зигмунд Фрейд, Чарьлз Дарвины хэдэн тэрбум, сая дахь хувилбар болохыг СУУРЬ БОЛОВСРОЛ ОЛГОХ ерөнхий боловсролыг бүхэл бүтэн 10 жил олгодог сургууль маань заадаг байжээ. Дэндүү харамсалтай, хайран он жилүүд. Одоо ч хүртэл хичнээн олон ГАЙХАМШИГТ, СУУТ ОЮУН УХААНУУД суурь боловсролын балгаар тэнэг, амьдралаа аваад явах чадвар, өөртөө итгэхгүй итгэлгүй болж байгаа бол оо. Бодохоос ч аймшигтай энэ тойргоос гарч чадсан нь миний хувь тавилан байсан ч байж мэдэх.

Тэгээд 3-н ч их сургуульд зөвхөн 1-р курст нь сураад, 4 дэхэд нь багшилж байгаад хаяхдаа “Сургууль гэдэг ухаантай хүнийг тэнэг болгодог ШОРОН” гэж хэлсэн үг гарцаагүй үнэн болох нь тодров. Харин сургуульдаа явлаа гээд гэрээс гараад Хүүхдийн Номын ордноор л хэсүүчилдэг байсан тэр 3 жил миний амьдралын хамгийн үнэтэй цаг хугацаа байлаа. “Америкт суралцсан тэмдэглэл” номыг уншаад Америкт л сурах мөрөөдөл өвөрлөн TOEFL-д бие даан бэлдэн өндөр оноо авч чадлаа. Үүний зэрэгцээ “Баян аав, Ядуу аав” номын бүх 16 цуврал номыг уншиж хэрхэн сайхан амьдрах учраа олов. Дейл Карнеги-ийн “Нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон”, “Санаа амар аж төрөх ёсон” зэргийг уншиж өөртөө итгэх итгэл нэмэгдэж, бусдаас байнга авах биш өгдөг болж, хүний амьдралын үнэт зүйлсийг ухаарав. Америкт 10 жил амьдарч байгаад ирсэн ардчиллын 13-ийн нэг Малыш хочит Б.Энхтүвшин багшийнхаа ачаар хүний сэтгэл ямар аугаа мөн Монгол Улсаа сайн сайхан болгон өөрчлөх тун хялбар болохыг олж хараад зогсохгүй ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХ мөрөөдөлтэй хоцров. Америкт сургуульд суралцах гэсэн боловч 2 ч удаа виз гарсангүй. Харин дараа нь насан туршдаа хийгээд ч, хэзээ ч уйдахааргүй зүйлээ Судлаач Ч.Эрдэнэ хэмээх хүний “Бид Ялав” номыг уншсанаар олж, дэлхийг өөрчлөх мөрөөдөл минь хэрэгжих бүрэн боломж дэргэд минь байгааг мэдэж авлаа.

Энэ хооронд “Энэ хорвоо дээр төрсөн мэдрэмж бүхэн хүндлэл хүлээж, хайрлагдах учиртай” гэдэгт үнэмшдэг би 3-н сайхан бүсгүйг чин сэтгэлээсээ хайрласан юм. Эхний сайхан бүсгүйгээ үнсэх нь битгий хэл, тэвэрч ч зүрхлэхгүй ичимхий, бүрэгээсээ болоод өөр хүнд алдсан. Харин удаах бүсгүйгээ өөр хүн бодоод мартаж чадахгүй байсан тул явуулчихсан. Сүүлийн бүсгүйтэйгээ хамгийн удаан буюу 4 жил хамт байсан боловч харилцааны хамгийн суурь болох хүндлэл нэгэнт үгүй болсон болохоор би тийм харилцааг хүсээгүй. Бусдын төлөө өөрийгөө үл хайхран зориулахыг хайр гэж итгэн, хэрэгжүүлж ирсэний дүнд би нэг талт хайрыг үүсгэчихэж. Хайртай бүсгүйгээ зөвхөн өөрийн сайн сайхныг л ихэнх хугацаанд боддог болгосон байж. Миний сайн сайхан, аз жаргал түүнд хамаагүй болжээ. Анхнаасаа болохгүй байсан зүйлийг болгох гэж 4 жил зүтгээд миний хүлээсэн өөрчлөлт байсангүй. Энд хүрээд хайрлаж байсан бүсгүйчүүддээ зөвхөн сайн сайхан, аз жаргалыг хүсээд, нэг талт хайрын түүхүүдээ өндөрлөе.

Нэг өдөр дотны андтайгаа найз охиноо өмөөрч маргаж байхдаа тэрний надад аминчлан хэлж байсан үгийг би мартдаггүй юм. Тэрээр “Анд минь, бид бүгдээрээ л чамтай суусан бүсгүй жаргана гэдэгт эргэлздэггүй. Чи өмөөрч болно. Гэхдээ анд аа, чамд хайртай охин тийм байдаггүй юм. Чиний төлөө бүхнээ зориулж байхдаа тэд аз жаргалтай байж чаддаг юм” гэж билээ. Тэр анд маань өөрт сайн олон ч охинтой үерхдэг байсан болохоор би үгэнд нь шууд л итгэсэн. Тэр ҮНЭН-ийг хэлсэн. Тиймээс л би өмнөх хайрын түүхүүдээ нэг талт хайрын түүхүүд гэсэн юм. Энэ хорвоо дээр төрсөн мэдрэмж бүхэн хүндлэл хүлээж, хайрлагдах учиртай. Гэтэл тэдгээр хүмүүсийн тоонд би ч бас орно гэдгээ мартаж орхиж. Надад гомдоллох эрх байхгүй ээ. Би өөрөө л буруу сонголтууд хийж байж. Харин одоо зөвхөн надад л зориулагдсан тэр нэгэн гайхамшигтай эмэгтэйгээ олох болно.

3-н ч их сургуульд муу сураад гутраад хаясан надад одоо ямар нэгэн их сургуулийн диплом, мэргэжлийн зэрэг, ажил, орлого огт байхгүй. Хэзээ ч сайхан амьдрах боломжгүй хүмүүсийн тоонд автоматаар орчихож мэдэх л юм. Гэвч, хувь хүний удамшил ба хүмүүжлээр төлөвшсөн мэргэжлийн ямар ч сургалтаар нөхөх боломжгүй угийн шинж чанарууд болох хөдөлмөрч ажилсаг чанар, биеийн ба сэтгэлийн хатуужил, ажигч, эрэлч, бүтээлч сэтгэхүй, сэтгэцийн хурдац, бодит дүн шинжилгээний чадавхи, зөн совингийн мэдрэмж, бага цагт их юм гүйцэлдүүлэх юм уу, олон цаг, хоногоор тасралтгүй ажиллах ажлын чадвар, тэсвэр, эр зориг, бие даасан байдал, өөрөөс бусдад үл гомдоллох сэтгэлийн тэнхээ, хүмүүнлэг нигүүлсэнгүй аястай дотоод хүн төрх зэргээ нээн тодруулж, хурцалж амжсан би ирээдүйн сайн сайхан амьдралдаа хэзээ хэзээнээс ч илүү итгэлтэй байна. Би одоо хэн бэ гэдгээ, юу хийхээ маш сайн мэддэг болсон.

Багшийн минь “Хүн амьдралдаа зайлшгүй зөв хийх хэрэгтэй 2 л чухал сонголт байдаг. Эхнийх нь насаараа хийх ажил, мэргэжил, удаах нь насаараа хамт байх хань ижил чинь” гэдэг үг бодлоос минь гарч байгаагүй. Тийм ээ уншигч таны таамаглаж байгаачлан би эхний сонголтоо зөв хийчихсэн. Одоо би, надтай үүрд хамт байхдаа уйтгартай байсан ч уйдахгүй, зовлонтой байсан ч зовохгүй, бүх хүсэл мөрөөдлөө миний төлөө золиослосон ч, зөвхөн би дэргэд нь байхад жаргалтай байж чаддаг бүсгүй хүний төрөлх зангаараа намайг уярааж, ухааруулан, жинхэнэ эр хүн болгох уян зөөлөн, уужуу тайван, цэцэн бэрийн ухаантай тийм л эгэл жирийн бүсгүйгээр дутаж байна.

Харин би түүнийгээ өөрөөс нь илүү хайрлан хамгаалж, хүндэлж, үнэлж, ойлгоно уу гэхээс огт хайраар дутаахгүйгээгээ мэднэ. Би 25-тай болохоор надад дутагдал маш их бий. Хүн бүхэнд л дутагдал, бий. Зүгээр л хамтдаа бүхнийг сураад нэгэн бие, сэтгэлтэй байж, өөрсдийгөө өөрчлөн, байнга урагш ахиж, дэвжин, адал явдал, хайр хүндэтгэл, энэрэл, ухаарал, халамж анхаарал дүүрэн, бие биенийхээ мууг биш сайн талыг улам тодруулж, хурцалж, өнгөлж байх тийм нэгэн гэр бүлийг цогцлоохсон. Чи минь намайг ингэж ихээр битгий ганцаардуулаач.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин