Ганцхан сарын дотор 68 хүүхэд зам, тээврийн осолд өртжээ

Бага насны хүүхдийг авто тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад гэр бүл, багш, анги хамт олны нөлөө их болохыг ЗЦГ-аас тогтмол сануулдаг. Үүнтэй холбоотойгоор дунд сургуулиудын багш, нийг­мийн ажилтан, зарим эцэг,эхийн төлөөллийг оролцуулан замын хөдөлгөөний талаар сургалт зохион байгуулдаг ч үр дүнгээ өгөхгүй байгааг тус газраас онцолж байна. Харин ЕБС-ийн сурагчдын амралт эхэлж, урин дулаан цаг ир­сэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд унадаг дугуйтай оролцох багачууд ихэссэн байна. Мөн явганаар, найз нөхдөөрөө, хэсэг бүлгээрээ, анги хамт олноороо замын хөдөлгөөнд ихээр оролцож байгаа учраас тус газраас урьдчилан сэргийлэх ажил­лагааг эрчимжүүлжээ.
Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Амаржаргалаас тодрууллаа.
-Ганцхан сарын дотор 68 хүүхэд зам тээврийн осолд орсон гэж бай­на. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн талаар тодруулахгүй юу?
-Замын хөдөлгөөнд орол­цох жолооч, явган зорчиг­чийн хөдөлгөөний ачаалал нэмэгд­сэн. Үүний нэг илрэл нь хүүхэдтэй холбоотой гарч байгаа ослын тоо.
Дээрх 68 ослыг ангилбал 0-15 насны хүүхэд дийлэнх ху­вийг нь эзэлж байна. 0-6 насны хүүхэд эцэг эхийн хараа, хяналт дор за­мын хөдөлгөөнд оролцох ёс­той. Гэтэл эцэг эхчүүд үл­гэр дуурайлал буруу үзүүлж байгаагаас хүүхдээ осол, бэртэлд хүргэх явдал гарч байна. Тухайлбал, авто­ма­шины цонхоор гарыг нь гаргах, хамгаалалтын суу­дал болон хамгаалах бүс хэрэглүүлэхгүй байх, хүүх­дээ өвөр дээрээ авч явах зэ­рэг үзэгдэл өнөөдрийг хүр­тэл байсаар байна. Ялан­гуяа, жолооны хүрдний ард хүүхдээ авч явах нь хамгийн өндөр эрсдэл дагуулдаг. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч өөрсдөө хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг онцгой хамгаалж, суудлын бүс зүүлгэх зэрэг энгийн шаардлага биелүүлж байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, хүүхдээ дэлгүүр гүйлгэх, хараа хяналтгүй орхих байдал ажиглагддаг. Гэтэл бага насны хүүхэд автомашины ирж байгаа хурдыг тооцоолох чадваргүй, нүдний тусгал бага байдаг учраас ямар эрсдэлтэй замаар гарч байгаа вэ гэдгээ ойлгохгүй. Энэ байдлаас болж хүүхдийн амь нас, эрүүл мэнд ихээр хохирч байдаг.
-Эцэг эхийн хараа хяналтаас гадна жолоочийн үүрэг хариуцлага яригдах байх?
-Жолооч хүн эцэг эх, үр хүүхэдтэй л байж таарна. Тийм учраас эрсдэлийг тооцоолж, үр хүүхэддээ анхаарал хандуулах ёстой. Өөрийн хүүхэд биш байсан ч гарцаар гарч байхад нь зам тавьж өгөөд, автобусны буудал, сургууль, цэцэрлэгийн орчимд хурдаа хасч, хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Автомашинд хүү­хэд тэвэрсэн хүн орж ирвэл тухайн хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүс зүүлгэж, ядахдаа огцом зогсоход хүүхэд толгойгоороо юм мөргөхгүй байх эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. Тиймээс гэр бүл, эцэг эх рүү чиглэсэн үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, АНУ-д хүүхэд тээвэрлэж яваад жолоочийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн хүүхэд бэртвэл осол гэж үздэг. Гэсэн хэдий ч тухайн жолоочийн эцэг эх байх үүрэг дээр нь эрүүгийн хэрэг үүсгэдэг. Үүн шиг бид эцэг эхийн хариуцлагыг өндөрсгөх нь тулгамдаж байгаа асуудал болж хувирлаа. Судалгаанаас харвал, хүүхэд ихэнх цагаа эцэг, эхтэйгээ, үлдсэн цагаа сургууль дээрээ өнгөрөөдөг. Гэтэл анхаарал хандуулах, урьдчилан сэргийлэх ажил­лагааг цагдаагийн байгуул­лага, төрийн байгууллага, тө­рийн бус байгууллага, сур­гууль, эцэг эх гэсэн дараал­лаар явуулж байна.
-Тэгвэл сургууль болон хүүхдийн асран хамгаа­лаг­чийн зүгээс урьдчилан сэр­­гийлэх ажлыг хийх нь илүүүр дүнд хүрэх юм байна. Энэ талын сур­галт сурталчилгаа хэр хүр­тээмж­тэй, бодитой байдаг юм бэ?
-ЕБС-иуд дээр Нийслэлийн замын цагдаагийн газар, Боловсролын газрын даргын хамтарсан тушаалаар “Хүүх­дийг зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн цагийн хичээл орж байгаа багш заах” ёстой болсон. Гэтэл өнөөдөр энэ хичээл төдий л хүүхдүүдэд хүрэхгүй, багш нар заахгүй зэрэг асуудал гарч байна. Хоёрдугаарт, хичээл тарах үеэр нийгмийн ажилтан болон эцэг эхчүүд хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулахаар гадна замд ажиллах ёстой. Хэдийгээр “School police” гэж ажилладаг ч тухайн эргүүл маань зөвхөн сургуулийн ойр орчимд зүгээр л хүүхдүүдийг харсан байдалтай хий дэмий цаг нөхцөөж зогсч байна. Үүнийхээ оронд сургуулийн ойр орчимд ямар эрсдэл байгааг тооцоолж, сургуульд мэдээлэх хэрэгтэй. Харин сургууль цагдаагийн байгууллагад тухайн эрсдэлийн талаар мэдүүлж болно. Бид тэр дагуу нь сургуулийн ойр орчмоор урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ шүү дээ. Энэ талаар хэвлэл мэдээллээр ярьж, хэлдэг ч мөн л өргөн хүрээг хамарч чадахгүй байна. Тиймээс хүүхдийн төлөө гэсэн хувийн байгууллагууд бидэнтэй нэгдэж дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Тэгэх юм бол бид ирээдүй, хойчийнхоо төлөө нэг ч болтугай зүйлийг хийж чадна.
-Сургууль орчмоор хурд сааруулагч тавьсан байдаг. Энэ хэр үр дүнтэй арга вэ?

-Улаанбаатар хот дахь ихэнх сургууль авто замтай ойр байдаг. Тиймээс ЕБС-ийн зүгээс манайд “Хурд сааруулагч тавиад өгөөч” гэсэн хүсэлт илгээдэг. Бид боломж, нөхцөлийг нь хараад тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч зэргийг нь тавьж өгдөг. Энэ нь урьдчилан сэргийлэх ажлын нэг хэлбэр мөн үү гэвэл мөн. Гэсэн хэдий ч хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог иргэдэд энэ нь үр дүнгээ өгөхгүй байна. Тиймээс заавал сургууль орчимд харгалзах хүн хэрэгтэй. Бид саяхан Хан-Уул дүүрэгт очиж, сургалт хийсэн. Хүүхдүүдээс эцэг эх чинь юу гэж захидаг вэ гэсэн асуултыг асуухад “Онц аваад ирээрэй. Битгий үймүүлээрэй. Болгоомжтой яваарай” л гэж хэлдэг байгаа юм. Түүнээс хэрхэн яаж, замын хөдөлгөөнд оролцож, зам яаж гарах талаар захидаггүй юм байна. Мөн бид эцэг, эх чинь хичээл тарахаар ирж авдаг уу гэж асуусан. 48 хүүхэдтэй ангиас 10-хан хүүхэд ирж авдаг гэж хариулсан. 7-8 нь гэр ойрхон учраас өөрсдөө явдаг гэж байна. Үлдсэн хүүхдүүд нь зарим том хүнийг дагаж гэртээ очдог гэж хариулж байна. Тиймээс эцэг эх нь ирж аваагүй бол хүүхдийн гэр хол ойроос нь үл хамаарч сургуулиас явуулдаггүй болмоор байна. Мөн хүүхэд осолд орж байгаа өөр хэд, хэдэн шалтгаан бий. Өнөөдөр гар утасгүй хүүхэд цөөхөн болж. Чихэвч сонсч байна. Ингэснээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн дуут до­хиог сонсохгүй байна. Тиймээс эцэг, эх нь хүүхдийнхээ гар, утас чихэвчний хэрэглээг тодорхой цагаар хязгаарлах нь зүйтэй. Дараагаар нь сургууль хаалга барих гэсэн асуудлыг цэглэх хэрэгтэй. Хичээл эхлэх цагаас хоцрох юм бол сургууль руу оруулахгүй гэдэг юм уу, багшийн зүгээс ямар нэг шийтгэл ирдэг. Энэ нь эргээд хүүхдийг эрсдэлд оруулж байгаа хэрэг. Хүүхэд хоцрохгүйн тулд их яарч явснаар автомашинд мөргүүлэх, шүргүүлэх асуудал гарсан. Тиймээс сургуулийн удирдлагууд нэгийг бодох хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин