Нийслэлд зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоол 16 бий

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд эзэмшлийн талбайдаа төлбөртэй зогсоол байгуулж байгаа. Авто зогсоолгүй гудамжинд төлбөртэй зогсоол байгуулан иргэдийн халаас руу гараа дүрж байгаа энэ явдлыг жолооч нар хүлээн зөвшөөрч байгаа ч тэндээс авч байгаа төлбөр авто замын санд орохгүй байна. Түүнчлэн ямар ч зөвшөөрөлгүй төлбөртэй 16 зогсоол Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын захирамжаар яамдуудын гаднах талбай, томоохон үйлчилгээний төвүүдийн гадна 500 болон түүнээс дээш төгрөгийн шатлалтайгаар 12 төлбөрт зогсоол байгуулагдсан.

Мөн албан ёсны зөвшөөрөл аваагүй сайн дураараа 16 компани өөрсдийн гадаахь талбайг төлбөртэй зогсоол болгожээ. Нэг үеэ бодвол жолооч нар төлбөртэй зогсоолын давуу талыг мэдэрч, энэ ажлыг дэмжиж байгаа бол харин төлбөртэй зогсоол байгуулсан компаниуд зөвшөөрөл авахдаа хийсэн гэрээнийхээ дагуу Авто замын санд нийт төлбөрийнхөө 60 хувийг тушаахгүй байгаа аж.

Жишээлбэл, Улаанбаатар зочид буудал л гэхэд төлбөртэй зогсоолдоо өдөрт 200-300 автомашин тавиулдаг, үүнээс багаар бодоход 100-150 орчим мянган төгрөгний орлого олдог, ихээр бодоход өдөрт 300 орчим мянган төгрөг болдог аж. Гэтэл тус зочид буудал Нийслэлээс авсан үүргийнхээ дагуу зогсоолын төлбөрөө огтхон ч төлдөггүй байна. Ийм газруудын тоог мөн Баянгол зочид буудал нэмжээ. Үүнийг олон нийтэд зарлаж өгөхийг Авто замын газрын дарга Д.Нанзаддорж хүссэн юм. Үүний хажуугаар зөвшөөрөлгүйгээр өөрийн талбайгаа төлбөрт зогсоол болгосон компаниудыг шалгахаар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэв.

Өнөөдрийн байдлаар дараахь авто зогсоолууд албан ёсны зөвшөөрөлтэй, нийслэлтэй гэрээ байгуулан төлбөртэй зогсоол ажиллуулж байгаа юм байна.
1. СХД, 19 хороо, СХД-ийн ЗДТГ-ын ормын авто зогсоол
2. СБД, 1 хороо,"Гурвангал" худалдааны төвийн баруун талд
3. ЧД, 4 хороо, ЧД-ийн ЗДТГазар орчимд
4. ЧД, 4хороо, Барилгачдын талбай орчмын авто зогсоол
5. ЧД, 5 хороо, Ялалтын талбай орчмын авто зогсоол
6. ЧД, 4 хороо, 3-н яамны орчимд
7. БГД, 5 хороо, Шастины нэрэмжит 3 дугаар нэгдсэн эмнэлэг орчимд
8. СБД, 2 хороо, Авто тээврийн газрын зүүн талд
9. СБД, 1-р хороо, ЗЦГ-ын урд талын зогсоол
10. Чингэлтэй дүүрэг1-р хороо, Хангарьд ордон
11. СБД, 8 -р хороо, Спортын төв ордон

Харин “Гранд” плаза, “Шөнийн зах”, “Миний дэлгүүр” худалдааны төв гэгчлэн томоохон худалдааны төвүүд дур мэдэн өөрсдийн талбайдаа төлбөртэй зогсоол байгуулжээ. Эдгээр газруудад арга хэмжээ авна, угаасаа ч эзэмшлийн талбай гэдэг зүйл байхгүй гэдгийг Авто замын газраас хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ