Н.Бүтэнбаяр хүү эдгэрлээ
“Сайн байцгаана уу? Бид та бүхэнтэй БНСУ-аас мэндчилж байна. Манай бага хүү Н.Бүтэнбаяр 2013 оны 10-р сарын 05-нд Орхон аймгийн БОЭТ-ийн төрх тасагт мэндэлсэн. Хорвоод мэндлээд 3 хоногтойгоос нь эхлээд бүх бие хөхөрч улмаар бүр харлаж байсан юм. Энэ нь төрөлхийн зүрх-судасны хүнд хэлбэрийн хавсарсан гажигтай байсны илрэл байжээ.
Дээрх өвчин гадны улсад зөвхөн мэс заслын эмчилгээгээр эмчлэгдэнэ гэдгийг Монгол улс, БНСУ, Япон улсын зүрх-судасны эмч нар тодорхойлж байсан. Уг мэс заслын эмчилгээ нь өртөг өндөр, эрсдэл өндөртэй байсан. Гэвч өнөөдөр энэ бүхэн ард үлдлээ. Хүү минь эрүүл саруул болсныг харахдаа эцэг, эх бид маш их баяртай байна.
Бид БНСУ-д 2014 оны 02-р сарын 17-нд ирж, 02-р сарын 19-нд эмнэлэгтээ шинжилгээ өгч улмаар 02-р сарын 21-нд хагалгаанд орсон. Хагалгаа өглөөний 08 цагт эхэлсэн бөгөөд өдрийн 14 цагт дуусч, 6 цаг үргэлжилсэн хүнд хагалгаа байлаа. Хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасагт байсан. Хүү минь 02 сарын 23-ны өглөө нойрсуулах эмнээс гарч, 02-р сарын 24-ны өдрийн 13 цагт энгийн тасагт шилжиж, улмаар 03-р сарын 04-нд эмнэлэгээс гарч, 03-р сарын 10-нд оёдлоо авхуулсан.
Одоо хүү минь эрүүл, саруул болсон. Хүүг минь эрүүл, саруул болоход сэтгэл санаа, санхүүгийн туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст гүн талархал илэрхийлье. Тухайлбал Нямдорж миний ажлын хамт олон болох “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Геологи хайгуулын ангийн хамт олон мөн тус компанийн залуучуудын холбоо, МУИС-ийн ГГС-ийн Геологи-минералогийн багш нар, 10 жил болоод их сургуулийн найз нөхөд бүх ахан дүүс, хандивын тоглолтыг ивээн тэтгэсэн B-Sound, зохион байгуулсан Best студи, “Эгшигт этүгэн” уран бүтээлчдийн холбоо, өөрсдийн цаг завыг гарган тоглолтонд оролцсон нийт уран бүтээлчид, хандивын тоглолтыг хүрэлцэн ирж үзсэн, хандив өргөсөн, SMS бичсэн та бүхэндээ баярлалаа. Та бүхний энэ их дэмжлэгээр хүү минь эрүүл саруул боллоо. Та бүхний бусдын төлөө зориулсан үйлс тань үргэлж буян болж түгэх болтугай!
Та бүхнийг хүндэтгэсэн: Б.Нямдоржийн гэр бүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ