Сонгох л болж дээ…

Саяхан Оросын И. Сечин ирж манайд хийн хоолой тавих санал тавьсан мэдээлэл гарав. Манайхан Оросын зүгээр л нэг худалдаа наймаа гэж ойлгоод байгаа бололтой. Тийм юм ёстой байхгүй. Наана чинь ёстой “том юм” эхэлж байна. Энэ тухай өгүүлсү.

Эхлээд Сечин

Манайх И.Сечиныг Орос нефтийн захирал гэж мэдээлж байгаа. Тэр нь ч тийм. Орос нефть бол манай “Петровис” биш, бас Сечин манай Оюунгэрэл биш л гэж хэлэх гэсэн юм. Ёстой жиших хавьтуулах юм юу ч байхгүй. Орос нефть бол дэлхийг захирдаг юм.

Игорь Иванович Сечин 1960 онд Ленинградад төрсөн. 1999 оны 12 дугаар сараас Ерөнхийлөгч В.Путины Тамгын Газрын даргын орлогч, 2004 оноос Оросын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргын орлогч, 2008 оны 5 дугаар сараас Засгийн Газрын Тэргүүний орлогч хийж байсан.

2004-2011 онуудад “Роснефть” төрийн өмчийн компанийн захирлуудын зөвлөлийн дарга. 2012 оны 5 дугаар сараас “Роснефтийн” Ерөнхийлөгч. 2013 оны 8 дугаар сараас уг компанийн 0,0849%-ийн бараг 2 миллиард рублийн өртөг бүхий хувьцаа эзэмшдэг. Мөн “Роснефтьгаз” төрийн өмчит компанийн захирлуудын зөвлөлийн дарга.

Сечин “Ведомость”, “Forbes” сэтгүүлийн 2009 оны үнэлгээгээр Орост өөрийн нөлөөгөөр Путины дараа хоёрдугаарт ордог хүн юм. Мөн Путины сайн найз, тэд Санкт-Петербургт Собчакийг багт хамтран ажиллаж байсан. Зөвлөлт Засгийн үед хэлний мэргэжилтэн И.Сечин орчуулагчийн ажлаас гараагаа эхэлж дэлхийн халуун олон цэгүүдэд ажиллаж байсан. Энэ үед эдийн засгийн шинжтэй олон хүнд даалгавар биелүүлж байжээ. Түүнийг нэг хөлөөрөө биезнест, нэг хөлөөрөө тусгай албадтай холбоотой гэж ярьдаг юм. Ийм болоод л Путины найз байж таараа ш дээ.

Яагаад энийг хэлээд байна гэхээр манайхан олон жилийн өмнө “Ростехнологи”, “Рособоронэкспорт”, “Рос IT”-ийн халаагүй эзэн С.Чемезов гэж нэг “аймаар том” нөхрийг жижиг гэж загнаад бараг хөөх шахсан болохоор тэгж байна. Манайхан үнэн тэнэг ш дээ…

Энэ юу гэсэн үг вэ…

Оросууд том санал тавьжээ. Энэ бол их том юм л даа. Оросууд “Евроазийн холбоо” гэж нэрлэдэг, Америкууд “Шинэ торгоны зам” гэж нэрлэдэг, Хятадууд “Торгоны замын эдийн засгийн бүс” гэж албан ёсоор нэрлэдэг аварга том төлөвлөгөө байдаг юм. Энэ том гүрнүүдийн төлөвлөгөө Монгол нутаг дээр уулзаж байна даа.

Би энэ талаар бичиж л байсан. Гэвч ухаан нь дэндсэн монголчууд огт тоодоггүй ш дээ. Жишээлбэл, миний бичсэн “Зүүн гар” гэсэн аналитик өгүүлэл байна. Хэдхэн хүн санал хэлээд бусад нь бүгдээрээ балайраад солиороод мэдэмхийрээд л өнгөрсөн ш дээ. Харин МОНЦАМЭ-гийн А.Баатархуяг л анзаарч сэтгүүл дээрээ тавьсан. Тэгээд л таг чиг.

Манайх үнэн утгагүй ш дээ. Бушуухан манай нутаг дээгүүр нефтийн болон хийн хоолой тавиадах гэнэ. Мөнгөө гарга гэхээр байхгүй гэнэ. Бас өөрийнхөө тооцоог гаргаад өг гэхээр өгөхгүй. Тэгээд барихгүй болохоор манайхыг эдийн засгийн талаар хавчиж, ваакумд оруулж байна гэж орилно. Бусад улсууд Монголыг тойруулаад нефтийн болон хийн хоолой тавьж байна. Хятадаас эхлээд Дундад Азийн орнуудыг дайруулаад Европ хүрсэн Ази-Европыг холбосон коридор манай баруун талаар тавьж байна.

Торгоны зам хэмээх энэ том төсөлд АНУ, Герман, Орос, Иран гээд нөхөр, дайсан бүгдээрээ л оролцож байна ш дээ. Энэтхэг хүртэл сонирхож байна. Бас манай зүүн талаар хэд хэдэн хоолой тавиад дуусч байна.

Монгол ганцаараа үлдчихсэн атлаа Монголыг хавчиж хяхаж байна гэж дэлхий даяар мэдээлнэ. Одоо санал тавихаар нь манай аваргууд Монголыг нефтийн хараат болгож, неоколоничлолын бодлого явууллаа гэж орилно. Монголыг эзэлж байна гэнэ. Тэгээд яах ёстой юм ?!

Хэн бид нарыг нефтийн үйлдвэрээ барихыг боль гэсэн юм ?! Нефтийн болон хийн хоолой тавьж болохгүй, тавихгүй байж бас болохгүй. Үнэн хөгийн утгагүй амьтад гэж Монголыг л хэлдэг байх. Тэгвэл бусад улсууд яаж байна. Манайхаас бусад нь тавиад, тавиулаад болоод л байгаа ш дээ…

Казак, Узбекийг больё гэхэд наана чинь Тажик, Киргиз, Туркмен хүртэл зүгээр л тавиулаад мөнгө олж болоод л байна ш дээ. Одоо сонгох л болж дээ, ардчилал гэж их орилохоор мөнгө өөрөө гарч ирэхгүй л байх…
Харин манайд ихээхэн давуу тал, тавих нөхцөл байгаа юм шүү. Гэвч үүнийг хэвлэлээр ил хэлэх боломжгүй. Зүрхний хийтэй, солиотой юмнууд балайрч солиороод хамаг юмыг баллаад хаячихна.


Уг нь бол Оросын нефтийн болон хийн ордууд яг манай хойно Эрхүүд байгаа юм. Яг шугам шиг урагшаа татаж таарна байх. Тэрнээс нь өөрсдөө хэрэглээд нэмээд татвар аваад зүгээр сууж байвал ёстой бэлэн мөнгө биш юм уу ?! Орос, Хятад хоёрт ч амар ш дээ.

Хийн хоолойг нь цоо өрөмдөж тарваганы боодог хийх гээгүй л бол тийм “мангар их” хий манайд хэрэггүй л дээ. Бусад нь манайд зүв зүгээр орж ирэх татварын мөнгө юм…

Ямар ч гэсэн Ази Европыг холбох шинэ боломжит зам гарч ирж байна. Манай хувьд Ази Европыг холбоно гэдэг нь Хятад Орос хоёрыг холбох явдал мөн. Зүгээр л “хоосон орон зай” хааж суучихаад өөртөө ч юмгүй, бусдад ч юмгүй суугаад байж болмооргүй байна…

Гэтэл төмөр зам тавьж болохгүй, хийн хоолой тавьж болохгүй. Тэгээд юу тавьж болох юм ?!

Та нар бүгдээрээ “эх оронч”, би ганцаараа Монгол Улс, үндэстний эсрэг байгаа юм биз дээ…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ