Багтаж ядталаа баяжихтун
Би бодлоо л доо. “Бүх монголчууд Баяжихтун” гэсэн зарлигыг Ерөнхийлөгчмаань нэг буулгачихмаар юм гэж. “Том төрөөс ухаалаг төр лүү” гэдэг шигээ үндэсний хэмжээнд уриалга гаргачихъя л даа. Ерөнхийлөгчийнхөө уриалгыг дэмжээд Монгол хүн бүр хөрөнгөтэй мөнгөтэй болохын төлөө хүчээ сориод ирвэл сайн л биз дээ. 21 дүгээр зууны хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болох Хятадын дардан замыг шинэлэг сэтгэлгээний элч хэмээгддэг Дэн Сяопин тавьсан гэдэг.Тариачдын хаан Мао Зедун нь өөд болсны дараа тус улсад авлига, хээл хахууль газар авч тартагтаа тулж байх тэр үед Дэн Сяопин гарч ирснээр энэ бүхнийг эцэс болгосон байдаг. Тэрээр ард түмэндээ хандан хэлсэн нэгэн алдартай үг байдаг нь “Бүх нийтээрээ баяжихтун” гэсэн уриалга юм. Тэр цагаас хойш бүх хятад нийтээрээ аж ахуй эрхэлж, газар тариалан, гар урлалыг хөгжүүлж, айл өрх бүр хөдөлмөр эрхэлж эхэлсэн байдаг. Дэн Сяопины шинэлэг сэтгэлгээг ард олныхоо дунд буй болгож чадсаны үндэс нь өнөөдрийн бар улсыг бүтээн босгосон түүхтэй юм. Манай улсын түүхэнд ч гэсэн 1920-оод онд Солийн Данзан, 1930-аад онд Пэлжидийн Гэндэн “Баяжихтун” уриалгыг гаргаж л байсан. Харамсалтай нь тухайн цаг үеийн үзэл суртлыг давж чадаагүй. Тэглээ гээд түүх ярьж, төвөг бүхнийг тоочоод яахав. Өнөөдрөөрөө сэтгэж, өнөөгийнхөө нийгэмд “Баяжихтун” уриалгыг гаргахад оройтоод байх юм алга. Тиймээс Элбэгээ ерөнхийлөгч энэ цагийн Дэн Сяопин болж яагаад болохгүй гэж. Бүх нийтээрээ баяжихыг уриалаад урдаа байгаа боломж бүхнийг хар гээд л иргэдийнхээ сэтгэлгээнд идея /санаа/ өгөх тал дээр илтгэл лекцийг өргөнөөр зохион байгуулбал бүр ч сайнсан. Үүний үр дүнгээр нийтээрээ баяжих ухаанд суралцаад ирвэл цөөхөн монголчууд бид юу гэж, одоогийнх шигээ хэдхэн баячуудаа адлан муулах билээ. Бүтээдэг, үйлдвэрлэдэг, үр ашгийг нь хүртдэг зах зээлийн жамыг одоо бүгдээрээ ойлгох цаг нь болсон. Алийн болгон дөнгөж бүрэлдэн бий болж буй үндэсний хэдэн хөрөнгөтнөө үзэн ядаж, АТГ-т шалгуулах юм. Бид ямар хөрөнгөтний нийгмийг үзэн яддаг коммунистууд биш дээ. Өнөөдөр хөдөлмөрлөснийхөө хэрээр сайхан амьдрах боломжтой капиталист нийгэмд амьдарч байна та бид. Хэн илүү өөрийгөө дайчилсан, хэн илүү ухаан зарсантай л “найзалдаг” зах зээлийн эдийн засагтай хөл нийлүүлэн алхаж байна. Бодит байдлаа тунгаагаад бодоод нэг үзье. Үнэндээ бид өдгөө үнэтэй машин унасан, өнгөтэй хувцсаар гоёсон нэгнийг хараад “Муу баячууд” гээд их л үзэн ядах. Уг нь тэр баячууд бидэнд ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Харин чажлын байр бий болгож, цөөнгүй хүмүүсийг цалинжуулж, баялаг бүтээж байгаа хүмүүс.
“Чадаж байгаа юманд арга алга” гэдэг дээ. Таны хийж, бүтээж, эдэлж хэрэглээгүй бүхнийг тэр хүн өөртөө бий болгосных нь төлөө өширхөнө гэдэг өрөвдөлтэй хэрэг биш гэж үү. Азаар бид чинь ангит нийгэмд төрчихөөгүй. Туг ч
барих, тугал ч хариулах эрх нь та бидний гарт байна. Ийм байтал илүү хөдөлмөрлөж, ихийг бүтээж, компани байгуулж, корпораци үүсгэж, групп болтол бизнесээ өргөжүүлж байгаа бүтээгчдийг хараад үхтлээ атаархдаг нь юу билээ. Мөнгөгүй, ядуу амьдарч байгаа бол таны өөрийн чинь залхуу арчаагүй байдлын л илрэл гэдгийг эхлээд ойлгоё. Түүнээс бус тэрнээс болсон, үүнээс болсон гэж хэн нэгнээс буруу хайх хэрэггүй. Тэр тусмаа бүтээгчдээс бүр ч хайх хэрэггүй. Бүтээгчдийг та “муу баячууд”гэж үзэн ядахынхаа оронд “түүн шиг больё” гэж бодоод үзээч. Амжилтанд хүрэх арга ухаанаас нь суралц. Аяндаа “Амьдрахын тулд ингэж их хөдөлмөрлөж, ингэж их хичээдэг юм байна” гэсэн ойлголт ой тойнд тань буух биз. Яаж чиг сайн муу хэлүүлж, чичлүүлж байсан бид үндэсний хөрөнгөтнүүдтэй болж байж хөгжинө. Үндэсний хөрөнгөтнүүд бусдыгаа чирдэг. Яагаад гэвэл тэд ажил олгогч, үйлдвэрлэгч, хэрэглэгч байдаг юм. Зүйрлэвээс яг л локеметив/вагоныг чирдэг зүтгүүр/ юм бүтээгчид чинь. Хэдэн арван чиргүүлийг локеметив чирээд явдаг шиг л бүтээгчид ард түмнийг чирж байна. Өнөөдөр “М-Си-Эс”, “Макс”, “Ажнай”, “Бодь”, “Женко”.... гээд үндэсний хэмжээний группууд хэдэн мянган ажлын байрыг ард түмэндээ олгож, тэднийг тэжээж байна шүү дээ. Цаашлаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, чадлынхаа хэрээр компани байгуулаад цөөн тооны ч хамаагүй ажилчид ажиллуулаад явж байгаа тэр бүх аж ахуй нэгжүүд л ард түмний амжиргааг залгуулж байна. Магадгүй та төр биднийг тэжээж байгаа гэж андуурч мэднэ. Харамсалтай манай төрийн бодлого бэлэнчлэх сэтгэлгээг л бидэнд өгч байна. Өнөөдөр монголын төр ядуу нэгнийг өрөвдөн халаглаж, нүүрс түлээг нь нь хүртэл үнийг нь хямд өгөх гэж гүйх. Харин хийж бүтээж хөрөнгөжих гэж зүтгэж яваа нэгнийг татвараар далайлгаж даналзах. Төрийн ийм хандлага нь иргэдийн дунд ядуу хүмүүсийг л төр харж үзэх ёстой, баян хүмүүсийг харин хавчин шахах ёстой гэсэн үзлийг үүсгээд байх шиг. Уг нь шударга ёсоор бол нийгэмдээ хэрэг болж байгаа хүнийг дэмжиж, хэрэггүй явж байгааг нь хатуу донгодмоор. Үнэндээ долоон буудлын арван архичинг төр хайр ивээлдээ аваад халамжийн мөнгө өглөө гээд нийгэмд ямар хэрэг байна аа. Та бидний төлсөн татварын мөнгөөр нь тэр архичид тансаглана л биз. Өөр тэд юу хийх юм, юу ч хийж чадахгүй.Хатуухан хэлэхэд, бэлэнчлэх сэтгэлгээнд автсан, арчаагүй тийм мянган архичны оронд нэг Ц.Мянганбаяр байсан нь хавьгүй дээр.Ядаж л тэр компанийнхаа хэдэн ажилчдыг ар гэрийнхэнтэй нь тэжээгээд тэр хэрээрээ нийгэмд үр өгөөжөө хүртээж чадна. Үнэн биз дээ. Өнөөдөр АТГ гэж сав л хийвэл хөрөнгөтэй нэгэн рүү сарвайдаг болчихож. Хувьсгалын үеийн До яам шиг “царайлчихаад”“Их мөнгөтэй юм чинь, энэ но-той” гэх бүдүүлэг үндэслэлээр бурангуй суртлыг буй болгох боллоо. Үнэнч шударга хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн бизнесменүүдийг хэдэн сараар хорьж цагдаад сүрийг бадруулах. Тэгсэн атлаа төрийн түшээ их хэмжээний мөнгө угаасан байж болох хангалттай но дэлгэгдчихээд байхад таг дүлий юм шиг царайлах. Шударга ёсоор шүүгээд үзвэл энэ лав байж боломгүй л хэрэг. Хөрөнгөтнүүдийг хорьж цагдсанаар хожсон юм лав алга. Харин ч цаана нь компани нь хямарч, ардаас нь ажилчид нь, ар гэрийнхэн нь гээд ард түмний нэгээхэн хэсэг хохирч, төсөвт төлөгдөх татвар л үгүй болдог. Мэдээж хууль зөрчсөн бол хамаа алга хорьж цагдана л биз. Гэхдээ л АТГ хөрөнгөтнүүдийг хий хардаж, хэрэггүй хорьдог хачин жишиг тогтчихоод байна. АТГ бол төрийн чиг үүргээр ажиллаж буй байгууллага. Юу гэх гээд байна вэ гэвэл төрийн бодлого л ийм байна гэсэн үг. Уг нь хөрөнгөтнөө хөхиүлэн дэмжээд, ядуусыг байж суух газаргүй болтол нь хавчаад өгвөл хүн болгон л хөрөнгөжихийг хүснэ. Хэн ч нийгэмдээ нүд үзүүрлэгдэхийг хүсэхгүй нь үнэн. Иймээс энэ цаг үеэс ядуусыг үзэн ядаж, баячуудыг бахдан сайшаадаг хандлагыг нийгэмд буй болгоё,бүх монголчуудаа. Бүгдээрээ багтаж ядталаа баяжихын төлөө хөдөлмөрлье дөө. Яг одоо.
C.Өлзийбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ