Ц.Сансарбаяр: Охин минь дүүгээ авраад, өөрөө бурхны орон руу явчихлаа
Гэмтлийн эмнэлэгт гүн хөлдөлттэй хүндхэн ирсэн бага охиноо сахиж байгаа Ц.Сансарбаяр энэ үгийг хоолой зангируулан хэлэв. Увс аймгийн Цагаанхайрхан сумын малчин Сансарбаярынд эмгэнэлтявдал тохиолдсон.
Өнгөрсөн нэгдүгээр сард тэдний хоёр охин аав, ээжийнхээ араас гараад төөрч нэг нь хөлдөн нас барж, бага охин нь гүн хөлдсөн байдалтай олдсон билээ. Амьд үлдсэн их хэмжээний хөлдөлттэй охин аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвд шилжин ирж, эмчлүүлж байна.
Аав нь охиноо сахин эмнэлэгт, харин ээж нь хөдөө мал дээрээ байгаа юм. “Охины бие сайжирч байна” гэсэн сайн мэдээг эмч нь өгөв. Зургаан настай С.Золзаяа охины аав Сансарбаяртай уулзахаар Түлэнхийн төвд очлоо. Биднийг өчигдөр буюу энэ сарын 19-ний өглөө очиход 09.30 цагт охин мэс засалд орсон гээд хагалгааны өрөөний үүдэнд аав нь хүлээж байв.
-Охин нь ямар хагалгаанд орсон бэ?
-Гарын хурууг нь нөхөн сэргээх хагалгаа юм билээ. Хөлийн бүх хуруунуудад тайралт хийсэн. Гэхдээ тулгуур эрхтэнд саад болохгүй гэж эмч хэлсэн. Охин минь эмнэлэг дотуур явж байгаа. Харин гарынх нь ядам, эрхий хурууны үзүүрийг тайраагүй.
Охин минь эгчийнхээ хажууд хэвтэж байсан гэсэн. Охид минь зөв л чиглэлтэй явсан юм билээ. Бид нар морьтой, мотоциклтой олуулаа хайсан ч хоёр хүүхдүүд дуугарч чадахгүй, бид нар хажуугаар нь давхиад л өнгөрөөд байсан шиг байгаа юм.
-Охиных нь бие ямар байна. Зовиур шаналгаа байна уу?
-Зовиур шаналгаа гайгүй. Өмнөх хоёр хагалгаа амжилттай болсон учир охин илэрхий сайжирсан нь мэдэгдэж байна.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Дөрвөн хүүхэдтэй. Том охин маань өнгөрсөн жил есдүгээр ангиа төгсөөд Сэлэнгэ аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд машинч механикийн мэргэжлээр суралцдаг. Манай гурван бага ой ойн дээрээ гарсан. Хоёр дахь нь найман настай сая өнгөрдөг охин. Дараа нь долоо настай хүү, бага маань эмнэлэгт байгаа охин.
-Та эхнэртэйгээ айлын бууз чимхэхээр тийм хол айлд очсон хэрэг үү?
-Манайхаас 2-3 км-ийн зайтай хамаатны айл л даа. Бид хоёр гурван багынхаа дундах хүүгээ дагуулаад мотоциклтой явсан. Хоёр бага охин гэртээ үлдсэн юм.
-Хонгорзул энэ тухайгаа юу гэж ярьж байгаа вэ?
-Охин маань энэ тухай асуухад юу ч ярихгүй байгаа. Сэтгэл зүйн цочролд орсон бололтой. Тийм болохоор энэ тухай нэг их асууж шаналгахгүй, тайван байлгах хэрэгтэй байх.
-Та хоёр охид алга болсныг хэдэн цагийн үед мэдсэн бэ?
-Тэр өдөр нүүр нүдгүй шуурч байсан. Охид алга болсныг бид нар 16.00 цагийн үед мэдээд, хайж эхэлсэн. Тэр хавийн малчид нийлж, арав гаруй мотоциклтой 30 гаруй хүн хайгаад олоогүй. Бид аргаа бараад 23.00 цагийн үед сум руу Онцгойгийнхонд дуудлага өгсөн.
-Тэгээд хэдэн цагийн дараа олсон бэ?
-Хонуулаад өглөө 07.00 цагийн үед олсон. Яг олоход би байгаагүй, өөр тийшээ хайгаад явсан байсан. Охин минь эгчийнхээ хажууд хэвтэж байсан гэсэн. Охид минь зөв л чиглэлтэй явсан юм билээ. Бид нар морьтой, мотоциклтой олуулаа хайсан ч хоёр хүүхдүүд дуугарч чадахгүй, бид нар хажуугаар нь давхиад л өнгөрөөд байсан шиг байгаа юм.
Муу эгч нь чааваас, өөрийнхөө хувцаснуудыг тайлж, дүүдээ өмсүүлсэн байсан. Миний охин нэгдүгээр ангид орсон, амралтаараа гэртээ ирээд байсан юм. Харамсаад барахгүй явдал боллоо. Муу охин минь дүүгээ авраад, өөрөө бурхны орон руу явчихлаа. Дүү нь ачтай буянтай эмч нарын буянаар хүн болсонд сэтгэл багахан ч гэсэн уужирч байна.
-Бага охиноо шуурхай эмнэлэгт хүргэсэн үү?
-Тийм ээ, нэгдүгээр сарын 23-нд охиноо олсон өдрөөс эхлээд л эмнэлгээр явсан. Эхлээд аймгийнхээ Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Хоёрдугаар сарын 5-нд Улаанбаатарт Гэмтлийн эмнэлэгт ирсэн. Охин минь хүндхэн ирсэн ч одоо бие нь илэрхий сайжирч байна.
Түлэнхийн төвийн эмч, сувилагч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье. Сум орон нутгийнхаа ард иргэд, удирдлагууддаа тусалж дэмжсэнд их баярлалаа. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нартаа мөн баярлаж талархсанаа илэрхийлье.
“Монголын үндэсний амьдралын даатгал” компани эхнэр, охин бид гурвын онгоцны зардлыг дааж Улаанбаатарт авчирсан. “Нэг ардчилал” клуб, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компани, дуучин С.Жавхлан гээд гашуун зовлонг минь хуваалцаж, тусалж дэмжсэн бүх хүмүүс, ард түмэндээ баярлалаа гэж хэлье.
-Дуучин С.Жавхлан танай охиныг Солонгос явуулж эмчлүүлье гэхэд нь яагаад зөвшөөрөөгүй вэ?
-Би өөрөө дургүйлхсэн л дээ. Хүний нутагт хэцүү байх. Эх орондоо анхны тусламжаа авсан юм чинь эмч нартаа итгээд Монголдоо эмчлүүлье гэж шийдсэн.
-Танайх мал ахуйгаар хэр зэрэг айл вэ?
-Тийм ч сайн биш ээ, гэхдээ бидэндээ болоод л байдаг юм.
-Хотод танай ах дүү, хамаатан садан байдаг уу?
-Бий. Биднийг эргэж тойрч байгаа.
-Ээж нь байнга холбоо барьж байна уу?
-Тийм ээ, уулын орой дээр гарч утсаар ярьдаг. Ээж нь анх бидэнтэй хамт хотод ирээд буцсан. Одоо хөдөө гэртээ хүү, том охин хоёртойгоо байгаа. Манай том охин энэ ажил явдлаас хойш сургуулиасаа жилийн чөлөө аваад гэртээ очсон. Хөдөө ээж, дүүдээ тусалж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ