Генерал Ч.Амарболд магадланд хамрагдахад асуудал гарчээ
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын хугацаанаас өмнө тэнсэн суллагдах эсэхийг шүүхээр хэлэлцэхээр болсон. Учир нь ШШГЕГ-аас хошууч, генерал Ч.Амарболдыг хугацаанаас нь өмнө хуулийн хүрээнд суллах боломжтой хэмээн холбогдох материалыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байдаг. Харин прокурорын байгууллагаас түүнийг магадлангаар суллагдах боломжтой хэмээн материалыг нь Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд шилжүүлсэн юм. Ингэснээр шүүхээс түүний материалтай танилцаж, 30 хоногийн дотор товлох ёстой.
Түүний магадлангаар суллагдах эсэх эцсийн шийдвэрийг шүүх гаргах юм. Хуулийн нэр томьёогоор магадлангаар суллах гэдэг нь хугацаанаас өмнө тэнсэн суллахыг хэлдэг. Магадланд хамрагдах ялтнууд хоригдох хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй, эдлэх ёстой оногдсон ялынхаа гуравны хоёроос дээш хугацааг биеэр эдэлсэн гэх шаардлагыг хангасан байх ёстой.
Тиймээс ч генерал Ч.Амарболдыг магадланд хамрагдах боломжтой гэж ШШГЕГ болон прокурорын байгууллагаас үзсэн юм. Тэгвэл эх сурвалжийнмэдээлснээр “Ч.Амарболд нь хоригдох хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй ч эдлэх ёстой ялынхаа гуравны хоёрыг биеэр эдлээгүй байгаа. Тиймээс магадланд хамрагдах шаардлагыг хангаж чадахгүй байна. Хуулийн дагуу ямарч боломжгүй болоод байна” гэв.
Ч.Амарболд гурван шатны шүүхээс 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Харин магадланд хамрагдахын тулд 2.4 жилийг биеэр эдэлсэн байх шаардлагатай. Гэвч генерал Ч.Амарболд яг хоёр жилийн ялыг биеэр эдэлсэн бөгөөд магадланд хамрагдах шаардлагыг хангахад дөрвөн сар дутжэээ.
Хоригдох хугацаандаа шагналын хоног авсан ялтнуудын шагнал ялын тооцоонд ордог. Гэвч генерал Ч.Амарболдын шагналын хоног дөрвөн сар хүрээгүй гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.
Харин энэ талаар Баянзүрх дүүргийн шүүхийн албаны эх сурвалжаас тодруулахад “Одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ч.Амарболдын магадланд хамрагдах материалтай танилцаж байна. Удахгүй шүүх хурлын тов гарна” гэсэн юм.
Хошууч, генерал Ч.Амарболд “2008 оны долдугаар сарын 1”-ний үймээний хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс гурван жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн. Ч.Амарболдыг албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас дөрвөн иргэн амь насаа алдсан хэрэгт буруутган ялласан юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ