Ээжийн дурсгалд өргөх сүүлийн медаль
Сочи-2014" олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Хүмүүсийн анхаарлын төвд байсан тамирчид бол Японы тамирчин Мао Асада болон Өмнөд Солонгосын Ким Юна, ОХУ-ын залуу тамирчин Юлия Липницкая нар байлаа.
Үзэгчид тэднийг олон хоног хүлээсэн.
Тэр ч бүү хэл Ким Юна, Мао Асада нарын хоорондох өрсөлдөөн сүүлийн арван жилд уран гулгалтын ертөнцийн гол сэдэв байсан гэж хэлж болно. Өмнөд Солонгосын алдартай тамирчин Ким Юна болон Японы тамирчин Мао Асада нар олон жил бие биенээ хурцалсан шилдэг тамирчид билээ. Мөсөн дэвжээнээ хамгийн сүүлийн удаа ур чадвараа сорьсны дараагаар тэд хоёул зодог тайлах гэж байгаа тухайгаа Сочигийн олимпийн өмнө албан ёсоор зарласан.
{!!!left!!!}Мөсөн дээрх тулааны жинхэнэ эзэд өнөө орой тодрох хэдий ч өчигдөр болсон тэмцээн оноонд чухал нөлөө үзүүлэх юм. Өчигдрийн тэмцээнд Ким Юна тэргүүлсэн. Харин хүмүүсийн хүлээж байсан шиг өрсөлдөөн болсонгүй. Юнагийн гол өрсөлдөгч гэгдэж байсан Мао Асада өчигдөр тун амжилт муутай байсан бөгөөд онооны нийлбэрээр тэрээр 16-д бичигдсэн юм.
Харин ОХУ-ын уран гулгагч Аделина Сотникова (74.64), Италийн Каролина Костнер (74.64) нар удаах байруудад бичигдээд байгаа бол ОХУ-ын уран гулгагч залуу од Юлия Липницкая 65,23 оноогоор (уран гулгалтын багийн төрлөөр алтан медаль хүртсэн) тавдугаар байрт бичигдлээ.
Богино үзүүлбэрт өрсөлдсөн 21 орны 30 уран гулгагчаас дараагийн шат буюу чөлөөт үзүүлбэрт 24 нь шалгарч үлдээд буй.
Дашрамд дурдахад Мао Асадаг хүмүүсийн хүлээж байсан өрсөлдөөнийг үзүүлж чадалгүй 16-р байрт бичигдсэнийг ээж нь нас барсантай холбоотой байж магадгүй хэмээжээ. Учир нь тэрээр ээжийнхээ үхэлд одоо хэр нь эмзэглэж явдаг ажээ. Түүний ээж Асадаг Канадад байхад нь нас баржээ. Тамирчин маань өөрийн бүх л чадлаараа үзүүлбэрээ үзүүлсэн ч гэсэн өөрийн хүссэн амжилтаа гаргаж чадаагүй. Түүний энэхүү гунигт мэдээг хуваалцаж стадионд байсан хүмүүс түүнтэй хамт нулимс дуслуулж байсан юм. Асадагийн ээж элэгний хүнд өвчнөөр өвдөж байгаад 48 насандаа өөд болжээ. Тэрээр өмнө нь "Ээждээ олимпийн медаль авчирч баярлуулахыг хүсдэг" хэмээн ярьж байжээ.
Өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж олимпийн аварга болох хамгийн сүүлчийн найдвар түүнд өнөө орой тохиох юм.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагаас болох чөлөөт үзүүлбэрийн дүнгээр бүх зүйл шийдэгдэж медалийн эзэд тодорно.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ