Б.Болдбаатар хавцал руу унасан байж болзошгүй
Алтай таван богдын нэг оргил болох Малчин оргил руу энэ сарын 13-ны ням гаригт авиралт хийгээд бууж явахдаа сураггүй алга болсон уулчин Л.Болдбаатарын эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ч одоогоор ямар нэг үр дүнд хүрч чадаагүй байна.
Түүнийг хайх Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын албаныхнаас бүрдсэн эрлийн багт нэгдсэн уулчид өчигдөр Малчин оргил руу авиралт хийх гэсэн ч бэлээр нь цасаар шуурч битүү манантай байгаа тул авиралтаа хойшлуулахаас аргагүйд хүрсэн байна.
Л.Болдбаатарын охин Б.Үүрцайх аавтайгаа хамт Малчин оргилоос бууж байхдаа хамтдаа уулнаас унаж осолдсон байна. Мөн ухаан орохдоо аав нь хамт байсан эсэхийг ч санахгүй байгаа аж. Б.Үүрцайх нь Польш улсад ажиллаж амьдардаг ба амралтаараа нутагтаа ирэх үеэрээ уулчин аавтайгаа хамт Малчин оргил руу авирсан аж.Тэрээр аавыгаа хавцал руу унасан байж магадгүй хэмээн мэдүүлэгтээ дурджээ.
Эрэн хайх ажиллагаа олон хоног үргэлжилж байгаль цаг уурын нөхцөл хүндэрсээр байвал эрлийг зогсоож магадгүй аж.
Монгол Алтайн нурууны Алтай таван богд уул нь Монгол Улсын хамгийн өндөр оргил юм. Монгол орны дээвэр хэмээгддэг Таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог. Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш өнөөдрийг хүртэл 800 орчим уулчин авирсан гэх мэдээлэл байдаг. Алтай таван богд уул нь Хүйтэн /4374/, Найрамдал /4192/, Бүргэд /4068/, Малчин /4051/, Өлгий /4050/ гэсэн таван оргилтой бөгөөд уулчин Л.Болдбаатар, түүний охин Б.Үүрцайх нар Малчин оргилд авирахаар явсан юм.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ