Хамгийн өндөр өртгөөр бүтсэн бүх цаг үеийн "Шилдэг - 10" кино

Та бүхэндээ өнөөдрийг хүртэлх хамгийн өндөр өртгөөр бүтсэн бүх цаг үеийн дэлгэцийн “Шилдэг - 10” киноны тухай мэдээллийг хүргэж байна.

Энэхүү жагсаалт мэдээллийг чөлөөт нэвтэрхий толь “Wikipedia” болон кино ертөнцийн мэдээ мэдээллийн “IMDb” сайтын нийтлэлээс харьцуулан толилуулж байна.

10. $247.000.000 - “King Kong” (2005) / “Spider - Man 2” (2004)

Одоогийн байдлаар хамгийн өндөр үнээр бүтсэн дэлгэцийн шилдэг кинонуудын №10 дугаарт “King Kong” (2005), “Spider - Man 2” (2004) зэрэг уран бүтээл ордог байна. 2005 онд дэлгэцнээ гарсан “King Kong” кино нь тэртээ 1933 онд гарч байсан гайхалтай кинонуудын нэг бөгөөд “Бөгжний эзэн”, “Хоббит” зэрэг бүтээлээрээ дэлхийд танигдсан Шинэ Зеландын найруулагч Питер Жексон найруулсан байна. Тэрээр 1933 оны “King Kong” киног гарч байхад 9 настай байсан ба энэхүү бүтээл түүнд гүн сэтгэгдэл үлдээсэн тул ийнхүү дахин бүтээжээ.

9. $254.000.000 - “John Carter” (2012)

Энэхүү киног Америкийн зохиолч Эдгар Райс Берроузийн “Barsoom” цуврал романы эхний ботиос сэдэвлэн бүтээсэн ба найруулагч Эндрю Стэнтоны анхны экшен жанрын дэлгэцийн бүтээл юм байна. Тэрээр өмнө нь “Finding Nemo” (2003), “WALL - E” (2008) зэрэг хүүхэлдэйн кинон дээр ажиллаж байсан юм. Киног “Apple Inc.” компанийг хамтран байгуулагч, зохион бүтээгч Стив Жобсын гэгээн дурсгалд зориулсан билээ.

8. $258.000.000 - “Avatar” (2009)

“Avatar” (2009) бол XXII зууны Пандора гараг дээр өрнөх сонирхолтой үйл явдлыг өгүүлсэн кино ертөнцийн шилдэг бүтээлийн нэг билээ. Кино ертөнцийн түүхэн дэх технологийн дэвшлийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж чадсан киноныхоо зохиолыг Жеймс Камерон 1994 онд биччихсэн байсан гэдэг. Тухайн үед энэ хэрийн киног бүтээх технологи хангалттай хөгжөөгүй байсан тул тэрээр “Титаник” (1997) киноныхоо дараа гаргахаар шийдсэн нь энэ юм.

7. $261.000.000 - “Pirates of the Caribbean: Dead Man’s Chest” (2006)

Компьютер график эффектийг хамгийн сайн ашигласан ангиар нэрлэгддэг “Pirates of the Caribbean: Dead Man’s Chest” (2006) киног Хятадад гаргахыг хориглосон байдаг бөгөөд хүн нь хүнээ идэх бусармаг зүйл гардаг учраас ийнхүү хориглосон байдаг байна. Энэ нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо $136.000.000 ам.долларын ашиг олсноор тухайн жилийнхээ хамгийн их ашиг олсон кино болжээ.

6. $264.000.000 - “Waterworld” (1995)

Усны ертөнцийн тухай уран зөгнөлт энэхүү киног зохиолч Петер Рэйдерийн “Waterworld” (1986) зохиолоос сэдэвлэн бүтээжээ. 2500 онд өрнөх үйл явдлыг өгүүлсэн “Waterworld” кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчин Кевин Костнер кинонд зориулж $22.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийж байжээ. Киноны хувцасны дизайнер Жон Блүмфилд кинонд зориулж 2000 гаруй хувцасыг урласан гэнэ.

5. $272.000.000 - “Harry Potter and te Half - Blood Prince” (2009)

“Harry Potter” цувралын хамгийн урт үргэлжилдэг №3 дахь анги болох энэ кино 02:33:19 цаг үргэлжилдэг бөгөөд кино ертөнцийн хамгийн амжилттай цувралуудын нэг юм. Киноны Лаванда Брауны дүрийг бүтээхээр 7000 гаруй охид шалгуулсан байдаг бол цувралыг эхлэхээс өмнө Харри Поттерийн дүрд тоглохоор 14.000 гаруй хүүхэд залуучууд шалгуулж байсан гэдэг. Энэ нь “Box Office”-ийн зах зээлд $934.416.487 ам.долларын ашиг олсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон №8 дахь дэлгэцийн бүтээлээр нэрлэгддэг байна.

4. $278.000.000 - “Tangled” (2010)

“Rapunzel Unbraided” нэрээр гаргах гэж байсан энэ хүүхэлдэйн киног “Ах дүү Гриммийн үлгэрүүд”-ээс санаа авч бүтээсэн бөгөөд эдгээр үлгэрүүдэд “Rapunzel” охины тухай гардаг байна. “Tangled” нь урьд өмнө хэзээ ч ийм их санхүүжилтээр хийгдэж байгаагүй хамгийн өндөр өртгөөр бүтсэн үүхэлдэйн кино юм. Кинотой холбоотой сонирхолтой баримтуудаас дэлгэвэл Рапунзелийн үс нь 21.3 м урт ба 4.2 кг байдаг бол киноны үеэр 45.000 гаруй дэнлүү хөөрдөг байна.

3. $290.000.000 - “Spider - Man 3” (2007)

“Marvel Comics”-ийн супер баатар хүн аалзын дүрээс сэдэвлэн бүтээсэн “Spider - Man” цувралын энэ ангийг бүтээхэд 2 жил 10 сарыг зарцуулжээ. Кинон дээр гардаг жүжигчин Кристен Данстын хашгирдаг хэсгүүдийг өмнөх “Spider - Man 2” (2004) анги дээрхийг дахин засварлаж оруулсан байдаг гэнэ. Түүнчлэн энэхүү кино нь найруулагч Сэм Рэймигийн найруулсан хамгийн амжилттай анги нь бөгөөд “Sony Pictures Entertainment”-ийн хамгийн их ашиг олсон кино юм.

2. $291.000.000 - “Titanic” (1997)

“Титаник” (1997) бол нэрт найруулагч Жеймс Камероны дэлгэцийн шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Киноны ихэнхи зураг авалтыг ОХУ-ын “Академик Мстислав Келдыш” хөлгийн тавцан дээр хийсэн байдаг. Энэ нь 6240 тн жинтэй эрдэм шинжилгээ, судалгааны зориулалт бүхий хөлөг юм. Кино багийнхан Леонардо ди Каприогийн оронд жүжигчин Мэттью Макконехиг тоглуулах хүсэлтэй байсан ч Жеймс Камерон Леонардог сонгосон байдаг. Киног бүтээхийн тулд Жейс Камерон “Титаник” хөлөг сүйрсэн газар шумбалт хийж байсан ба энэ аялал нь түүнд маш гүн сэтгэгдлийг үлдээсэн юм байна.

1. $338.000.000 - “Pirates of the Caribbean: At World’s End” (2007)

“Pirates of the Caribbean” цуврал киног Диснейн “Pirates of the Caribbean” паркаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн амжилттай цуврал кинонуудын нэг билээ. Киноны нээлтийн үйл ажиллагааны тасалбар $1500 ам.доллар байсан ба ашгаас олсон тодорхой хувийг ашгийн бус “Make-a-Wish Foundation” халамжийн байгууллагад хандивлаж байжээ. Энэ нь өвчтэй хүүхдүүдэд тусалдаг халамжийн байгууллага юм. Киноны зураг авалтыг зохиол нь хараахан дуусаагүй байхад эхлүүлж байснаараа олны сонирхлыг багагүй татдаг ба ийнхүү бүх цаг үеийн хамгийн өндөр өртгөөр хийгдсэн №1 дэлгэцийн бүтээлээр нэрлэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ