Айлгах гэж өргөдөл өгдөг гэв

Өнгөрсөн амралын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл ихээр үйлдэгджээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд бусдад зодууллаа гэсэн дуудлагаар цагдаагийн байгууллага очиж шалгахад уг хороонд оршин суух 33 настай иргэн Б нь хамтран амьдрагч Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 27 настай Г-г зодож, танхайрсан байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн энэ сарын 18-нд Баянгол дүүргийн наймдугаар хороонд оршин суух иргэн "Манай хамтран амьдрагч 23 настай эрэгтэй Б гэгч нь гэр бүлийн маргаанаас болж намайг зодож, толгойнд гэмтэл учрууллаа" гэж гомдол мэдүүлж ирсэнийг нь Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Энэ өргөдлийг нь 21 настай эмэгтэй Н гэгч гаргажээ.

Өчигдөр Налайх дүүргийн гуравдугаар хороонд манай охиныг нөхөр нь зодоод байна гэсэн мэдээллээр очиж шалгахад Налайх дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 27 настай эмэгтэй Г гэгчийг мөн хороонд оршин суух 28 настай С нь зодож биед нь гэмтэл учруулсаныг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд манай охин намайг зодлоо хэмээн өргөдөл гаргаж иржээ. Хэргийг шалгахад 45 настай эмэгтэй Ц гэгчийг 22 настай төрсөн охин зодож гэмтэл учруулжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнийхөө дараа иргэд гомдол гаргаж цагдаагийн байгууллагад ирчихээд хэдхэн цагийн дараа өргөдлөө буцааж, гомдолгүй гэж мэдүүлдэг. Цагдаагийн байгууллага гомдолгүй гэж байгаа иргэдийг яаж ч чадахгүй. Иргэдийн зүгээс зөвхөн айлгах гэж л өргөдөл өгсөн хэмээн тайлбарладаг. Үүний дараа цагдаагийн байгууллага уг хэргийг шийддэггүй гэх асуудал гарч ирдэг. Тусдаа хууль л гарахгүй бол маш хэцүү асуудал болж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг бусдын биед гэмтэл учруулсан, танхайрсан зүйлчлэлээр адилтгаж л ялладаг" гэв.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин