Ер бусын хүмүүс
Йог аймшигтай
Энэтхэгийн Бхопал хотын йог Рави Варанаси 87 өдрийн турш нуруу ба хөлнөөсөө гохдуулан дүүжлэгджээ. Модон байгууламжны найман дэгээнээс өлгөгдөн газраас нэг метр зайд ийнхүү олон хоног байхдаа тэрээр хүмүүстэй юм ярьж, хоол унд багахан хэмжээгээр идэж байлаа. Гурван сарын дараа Рави юу ч болоогүй мэт хөл дээрээ босч ирэн дасгалаа хийж эхэлсэн байна. Энэ бүх хугацааны турш түүнийг ажиглаж байсан эмч йогчны бие маш сайн байгааг мэдэгджээ.
Мөнхөд сэрүүн
Минск хотын оршин суугч Яков Цеперович 26 настайдаа клиник үхэлд оржээ. Түүнээс хойш тэр нэг л хачин болсон гэнэ. Яков огт унтахаа байсан тул нойрны эм уув. Гэвч үйлчилсэнгүй. Түүний хувьд амьдрал нь хязгааргүй үргэлжлэх нэг өдөр болон хувирлаа. Тэр бүү хэл Яков хөгшрөхөө больжээ. Одоо тэр 43 настай ч хоёр дахь удаагаа төрсөн тэр мөч шигээ 26-тай мэт харагддаг аж.
Хавьтсанаа түймэрдэгч
1927 онд Америкийн эмч Л.Вудман дээр ирсэн хар арьстан өвчин зовлонгоо тоочив. Андервуд хэмээх тэр эр нусны алчуур аваад амандаа наан, амьсгалж гарлаа. Хэдхэн секундын дараа нусны алчуур шатаж, гайхаж мэлэрсэн эмчийн нүдэн дээр ердөө үнс болж хувирчээ. Дараа нь тэр хуурай навчсыг шатаав. Шинжээчид маш сайн шалгаж үзээд ямар ч луйвар байхгүйг нотолжээ. “Өвчтөн” үргэлж амьсгалаа барьж байх шаардлага гардаг хэмээн гомдоллож байв. Учир нь хэрэв тэр цээж дүүрэн амьсгал аваад гаргавал эргэн тойрны хамаг юмаа шатаачих гээд байдаг аж.
Андервудыг эмнэлэгт хэвтүүлэн удаан судалсан ч эмч нар түүний энэ гоц үзэгдлийн учрыг тайлж чадсангүй.
Могойг захирагч
Энэтхэгийн Сингх Абу гэдэг эрд могойн хор огт үйлчилдэггүй нь хачирхалтай. Тэрээр амьтны хүрээлэнд ажиллаж байхдаа анх наж могойд хатгуулжээ. Гэтэл биед нь ямар ч өөрчлөлт ажиглагдсангүй. Тэр бүү хэл өчүүхэн төдий ч хорсоогүй гэнэ. Дараа нь тэр зориуд могойд хатгуулсан ч мөн адил яасан ч үгүй. Түүнээс хойш Абу хорт могой язганалдах шилэн тасалгаанд орох зэрэг шоу үзүүлж эхэллээ. Хэвлээр мөлхөгчид түүнийг дураараа хазах ч мань эрийн бие могойн хорны эсрэг дархлаатай тул хэнэггүй зогсдог аж. Эмч нар түүний цусыг шинжилж үзэхэд могойн хор биед нь ороод уусч, тэжээлийн бодис болон хувирч байлаа. Тэр бүү хэл Сингхийн цусны бүтэц жирийн хүмүүсийнхээс өөр аж. Иймээс түүнийг харь гарагийн хүн гэсэн таамаглал ч гарч ирэв. Судлаачдын хувьд Абу үнэхээр оньсого хэвээр үлджээ.
Очир эрдэнийн нулимс
Хойд Африкийн Ханумаг очир эрдэнийн бүсгүй гэдэг. Тэр огт уйлдаггүй хүүхэд байсан гэдэг. Харин нэг удаа эхдээ сонгино арилгахад нь тусалж байгаад анх удаа уйлсан байна. Эцэг эх нь түүнийг хараад мэл гайхлаа. Учир нь түүний нүднээс нулимс бус хатуу талстууд унаж эхэлжээ. Африкчууд мухар сүсгээрээ алдартай. Эцэг эх нь түүний биед чөтгөр шүглэчихэж гэж бодоод энэ явдлыг чанд нууцлахаар шийдэв.
Ханумын эцэг алт, мөнгөний дархан тул тэдгээр талстыг судлахаар шийдсэн байна. Тэрээр гайхалтай тунгалаг бөгөөд очир эрдэнэ мэт гялалзах эдгээр талстыг өнгөлж янзлан гоёлын зүүлт чимэглэл хийж үзэв. Удалгүй охины нулимс нь худалдан авагчдын дунд маш гүйлгээтэй бараа боллоо. Нэгэн үйлчлүүлэгчид энэ талст хачин санагдаад тэр шинжилгээнд аваачиж өгчээ. Гэтэл органик гаралтай бриллиант гэсэн хариу гарлаа. Түүнээс хойш эрдэмтэд Ханума охиныг сонирхон судалсаар байгаа ч хатуу чулуун нулимсны учрыг тайлж чадахгүй л байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ