“Нөгөө золигийн хүүхэд согтуу ороод ирэх вий ...” гэж айсаар зүрхний өвчтэй болжээ
Сүүлийн үед нийгмийн ядуурал, ажилгүйдэл, хавтгайрсан архидалт, хардалтаас болж хүчирхийлэл, тэр тусмаа гэр бүлийн хүчирхийлэл аюулын харанга дэлдэх болов. Адгууснаас дор авирлаж эхнэр, хүүхдээ өдөр бүр дарамтлан зовоож эцэст нь амь насанд нь хүрсэн харгис, балмад эрчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь монголын эмгэнэл болоод байна. Иймд манай сонин гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд хөгшдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийн зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж байгаа юм.
Бид өмнөх дугаартаа хүчирхийлэлд өртөж амиа алдсан хохирогч эмэгтэйн ээжтэй хийсэн ярилцлага, зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн золиос болж 49 эмэгтэй амиа алдсан талаарх сурвалжлагыг хүргэсэн. Тэгвэл энэ удаа эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хуулийн талаар иргэд ямар бодолтой явдаг талаар сурвалжиллаа.
Учир нь 10-аад жилийн өмнө батлагдсан уг хууль амьдралд хэрэгждэггүй, хэрэгжих боломжгүйг иргэд төдийгүй хууль хяналтынхан ч хэлдэг билээ.
Д.Чимэдцэрэн: Сурталчилгаагаа сайн хийж иргэдтэйгээ тулж ажиллах хэрэгтэй
-Та хүчирхийлэлд өртлөө гэхэд хаана хандах вэ?
-Мэдээж цагдаад л хандах байх. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандана. Ажаад байх нь ээ, хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл ганцхан хот сууринд л гардаг мэтээр ойлгодог. Миний бодлоор ихэвчлэн хөдөө, бөглүү нутагт их гардаг юм шиг санагддаг.
Ер нь хүчирхийллээс болж олон эмэгтэй хэрэгт холбогдож байна. Тэдний дунд яалт ч үгүй өөрийгөө хамгаалсан тохиолдол байгаа шүү дээ. Түүнчлэн залуухан охидууд архидан согтууралтаас үүдсэн хүчирхийлэлд маш их өртөж байна.
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн талаар ямархуу ойлголттой явдаг вэ?
-Хууль байдаг гэж мэдэхээс яг ямар зүйл, заалттайг нь сайн мэдэхгүй юм. Тиймээс Хүчирхийллийн эсрэг хуулийг шинэчилж, улам сайжруулах цаг нь болсон.
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг хорооны нийгмийн ажилтан, цагдаа, шүүхийнхэн иргэдэд сайн мэдүүлж тулж ажиллах ёстой. Таны оршин суудаг хороонд энэ хэр хэрэгждэг бол?
-Яг тулж ажиллаж байгаа гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ сүүлийн үед цагдаа, хуулийн байгууллагад өөрчлөлт орж байгаа. Дээр үед цагдаа хуулийнхан гэхээр л түрэмгийлж, айлгасан хүмүүс л байдаг байсан.
Гэтэл одоо тэс өөр болсон байна. Хүнээ дээдэлдэг болж. Ямар ч байсан иргэн ороод өөрийн үг, үзэл бодлоо хэлдэг болсон байна лээ. Хүчирхийлэлтэй тэмцье л гэж байгаа бол сурталчилгаагаа сайн хийх хэрэгтэй. Хуулиа чангатгах шаардлагатай. Хөршийн холбоо гэж бий болгох хэрэгтэй юм шиг санагдаж байна. Хажуу айлынхаа хүнийг хүчирхийлэлд өртөж байгаа эсэхийг нь мэддэг байх шаардлагатай. Иргэдтэйгээ тулж ажиллах, сурталчилгаа сайн хийх хэрэгтэй гэж хэлэх байна даа.
Г.Баттогтох: Нийгэмд эрчүүд л хүчирхийлэл үйлддэг гэх буруу ойлголт байна
-Өнгөрсөн оны сүүлээр гэр бүлийн хүчирхийллээс болж хоёр ч эмэгтэй амиа алдлаа. Иргэдийн дунд ч хүчирхийллийн эсрэг хууль байдаггүй, байсан ч хуулиа мэддэггүйгээс эмэгтэйчүүд болон хүүхдүүд хүчирхийллийн золиос болж байна гэж ярьж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Сүүлийн үед зөвхөн эрчүүд нь хүчирхийлэл үйлдэж эмэгтэйчүүд нь өртдөг мэтээр ярих боллоо. Эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд хүртэл хүчирхийлэлд өртөж байна. Цаана чинь эхнэртээ дарамтлуулдаг олон залуус байна шүү дээ.
Нөгөөтэйгүүр бид хуулиа мэддэггүй болохоороо зөрчдөг, мэддэг болохоороо зөрчдөггүй юм биш. Үүн шиг худал зүйл байхгүй. Харин ч манайхан Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хуулийг гадарладаг болчихсон байна. Наад зах нь ингэж болно, болохгүй гэдгийг бүгд мэддэг болсон.
-Тэгвэл яагаад хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл даамжраад байна вэ?
-Олон нийтийн дунд ерөнхий уур амьсгал гэж байна. Хүмүүсийн зан ааш, харилцаа, хүмүүжлээс их шалтгаалж байна гэх үү дээ.
Дээр нь тодорхой тулж ажилласан зүйл алга. Хүчирхийлэл гарахаар л хэдэн төв, хүний эрхийн газрынхан гараад ирдэг болж. Үнэндээ тэдгээр байгууллага ярьж байгаа шигээ байнга ажиллаад байдаггүй.
-Иргэдтэйгээ тулж ажиллахгүй байгаагаас хүчирхийлэл газар авч байна гэж ойлгох уу?
-Тийм ээ. Энэ чинь хүний суурь хүмүүжилтэй холбоотой. Дээр дооргүй л гэр бүлийг салгах, хүйсээр нь ялгаварлах зэргээр ярьж байна. Эрчүүд л дарамталдаг, хүчирхийлдэг мэтээр дандаа л бие биеийг нь сөргөлдүүлэх утгатай зүйл хэлдэг.
Бүх шатны байгууллагад эрчүүд давамгайлж байна, эмэгтэйчүүд дандаа хохирч байдаг л гэх юм. Энэ чинь эмэгтэйчүүдийг эрчүүдийн эсрэг болгож байна.
Зарим талаараа хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд өөрсдөөсөө болдог. Өөрсдөө өдөж, хоргоочихоод хүчирхийлэлд өртөж байна. Шөнө орой тэнээд байхгүй бол хэн тэднийг гудамжнаас шүүрч аваад хүчирхийлэх юм.
Л.Ганбаяр: Хуулиа чангатгах цаг нь болсон
-2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хуулийн талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Хууль эрх зүйн талаас нь мэдээлэл алга. Ер нь нийгэм тэр чигээрээ энэ талаар мэдээлэл муутай байдаг байх. Гэр бүлийн хүчирхийлэл сүүлийн үед замаа алдаж байна. Хэвлэлээр гарч байгаа мэдээллийн үзэхээр үнэхээр сэтгэл эмзэглэх юм. Гэхдээ хаана хаанаа л байгаа байх.
-Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр явагддаг. Эрсдлийн дээд цэгтээ л хүрээгүй бол амьдрал үргэлжлээд л явдаг. Залуу хүний хувьд үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Хүчирхийллийг дээд цэгт нь хүртэл хамт байна гэдэг буруу. Үнэхээр л айл гэрийн эхнэр нөхөр хоёр таарч тохирохоо больсон бол салах хэрэгтэй. Хүүхэдтэй, хүүхдээ бодоод тэсээд байна гэж хүмүүс ярьдаг.
Гэтэл хүүхдээ л бодож байгаа бол салах ёстой. Хүчирхийллээс хүчирхийлэл л төрнө шүү дээ. Хэрүүл уруул, зодоон нүдээнтэй гэр бүлд өссөн хүүхэд том болоод хүчирхийлэгч л болно биз дээ.
-Гэр бүлийн хүчирхийллийг багасгахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Сурталчилгаа болон иргэдтэйгээ тулж ажиллаж чадахгүй байна. Тэгээд ч манай хууль хяналтынхан гэр бүлийн хүчирхийлэл гэхээр авч хэлэлцдэггүй. Ямар ч л байсан хуулиа чангатгах шаардлагатай байна.
Ч.Одончимэг: Хуулиа хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь хайнга, хойрго ханддаг тал бий
Одоо мөрдөгдөж буй Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч Ч.Одончимэгтэй ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан ч амьдралд хэрэгждэггүй, хэрэгжих боломжгүй гэх шүүмжлэл иргэдийн дунд байдаг. Үнэхээр хууль хэрэгжих боломжгүй байна уу, эсвэл иргэд хуулиа мэдэхгүй байна уу?
-Манай улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 оны тавдугаар сарын 13-нд батлагдаж, 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иргэдийн ярьж, шүүмжилж байгаа нь зөв л дөө. Учир нь уг хууль анхнаасаа бусад салбарын хуулиудтайгаа зохицож, уялдаагүйгээс зарим талаараа хэрэгжих боломжгүй байгаа. Дээр нь хуулиа хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь хайнга, хойрго ханддаг тал бий. Үүнээс болж иргэд мэдээлэлгүй байна.
-Та сая хууль хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь хойрго ханддаг гэлээ. Гэхдээ миний бодлоор тэд ч бас хуулиа тийм ч сайн мэддэггүй юм шиг санагддаг?
-Аль аль нь л байгаа байх. Гэхдээ одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуульд процесс огт байдаггүй. Хамгийн наад зах нь шүүгч, прокурор, цагдаагийн байгууллага нь ямар үүрэгтэй оролцох ёстой нь тодорхойгүй байдаг. Зөвхөн цагдаагийн алба хаагчийн үүргийг л тусгасан. Тэгсэн атлаа үүргээ биелүүлээгүй, хуулиа дагаж мөрдөөгүй хүмүүст ямар хариуцлага тооцох зэрэг нь тусгагдаагүй.
-Ингэхэд хууль хяналтынхан болоод хувь хүн хүчирхийллийн эсрэг хэрхэн тэмцдэг юм бэ?
-Өрхийн эмнэлэг, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан болон хэсгийн цагдаа нар нягт уялдаатай ажиллах ёстой. Хуульд өрхийн эмнэлгийн эмч мэдээлэх үүрэгтэй бол нийгмийн ажилтан судалгаа хийж, хэсгийн цагдаа шалгах үүрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэл өндөр байх юм бол шүүхэд шилжүүлэх хүртэлх арга хэмжээ авдаг. Харамсалтай нь энэхүү нягт үйл ажиллагаа, байгууллагуудын ажлын уялдаа холбоо алдагдаад байгаа юм.
-Хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд хүчирхийлэлд өртсөн эмэгтэй шүүхэд хандлаа гэхэд гэмт этгээдэд дээд тал нь ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?
-Тийм ээ, хохирогчдын ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг. Бас ахмад настнууд ч цөөнгүй хувийг эзэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл ихэнхдээ далд хэлбэрээр явагддаг. Удах тусмаа даамжирдаг гэхэд болно.
Харин хохирогчийн эрсдлийн түвшингээс нь шалтгаалж шүүх зохих арга хэмжээ авдаг.
Эрсдлийн хэмжээ дээд цэгтээ хүрсэн байвал 24 цаг, эрсдэл бага гэж үзвэл 60 хоногийн дотор хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага тооцно. Тухайлбал эрхийг нь 72 цагаар хязгаарлах, согтуу байвал эрүүлжүүлэх гэх мэт арга хэмжээг л авдаг.
-Тэгэхээр хүчирхийлэгч этгээдийг хорих хуулийн зохицуулалт байдаггүй гэсэн үг үү?
-Яг одоо хэрэгжиж байгаа хуульд хорих арга хэмжээ байхгүй. Гагцхүү удаа дараа хүчирхийлэл үйлдсэн этгээдийг шүүхээс 14-30 хоног л саатуулах эрхтэй.
-Хүчирхийлэгч этгээдийг хохирогч цагдаад өгсөн ч их удалгүй гэр рүү нь буцаагаад явуулчихдаг. Хүчирхийлэгч этгээд гэртээ ирээд “Чи муу намайг цагдаад өгдөг ямар овоо гар вэ” гэх зэргээр занаж, өмнөхөөсөө илүү зодох тохиолдол бий. Энэ тохиолдолд хохирогчийг хэрхэн хамгаалдаг юм бол?
-Хамгийн хэцүү нэн яаралтай зохицуулалт шаардагдаж байгаа нь энэ асуудал юм. Ер нь ийм тохиолдол маш их байдаг. Гэхдээ одоо мөрдөгдөж байгаа хуульд үүнийг зохицуулсан ямар нэгэн зүйл, заалт байхгүй.
-Дээрх байдлаас болж амиа алдсан тохиолдол бий юу?
-Үгүй ээ, одоохондоо алга. Амь насанд нь хүрэхээс наагуур аймшигтай зодож жанчсан тохиолдол бол их бий.
-Хохирогч нь хүчирхийлэл үйлдэгчийн хяналтад байдгаас ихэнх тохиолдолд давтан үйлдэгддэг. Энэ хүмүүс ямар учраас хүчирхийлэл үйлдээд байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн гишүүдийн нэг нь нөгөөгөө эрх мэдлээр далайлган сэтгэл санаа болон биеийн, бэлгийн, эдийн засгийн хувьд хохирол учруулж байгаа нь хүч хэрэглэж буй үйлдэл гэдгийг хүн бүр мэднэ.
Судалгаанаас харахад хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь эрчүүд, тэр дундаа нөхөр, хамтран амьдрагч, хойд эцэг, хүргэн нь байна. Энэ нь ажилгүйдэл, ядуурал, архидалтаас үүдэлтэй. Нөгөөтэйгүүр хувь хүний хүмүүжил, ухамсартай салшгүй холбоотой.
-Хууль нь учир дутагдалтай хэдий ч зарим талаараа хууль хяналтынхан нь өөрсдөө хуулиа мэддэггүйгээс болж гэр бүлийн хүчирхийлэл улам даамжирч, далд хэлбэрээр явагдаж байна гэж ойлгож болох нь ээ?
-Яг ч тэгж ойлгож болохгүй л дээ. Аль аль талдаа л бий.
-Тэгвэл шүүх, цагдаагийнхан хохирогч, хүчирхийлэгч хоёрыг нэгэн зэрэг дууддаг . Үүнээс болж хохирогч дахин хүчирхийлэлд өртөх, бүр амиа алдсан тохиолдол хүртэл гарч байсан шүү дээ?
-Өөрийн тань асууж байгаа нь зөв л дөө. Яах аргагүй ихэнх тохиолдолд цагдаа, шүүхийн байгууллагууд хүчирхийлэгч, хохирогч хоёрыг нэг цагт, нэг газар дууддаг. Тэр ч битгий хэл гэрчийг хүртэл хамтад нь дууддаг. Түүнээс нь болж хүчирхийлэгч этгээд гэрчийг зодож дарамтлах тохиолдол гардаг. Улмаар гэрч мэдүүлгээсээ буцах, худал мэдүүлэх зэрэг бэрхшээл тохиолдсоор байгаа.
-Ингэхэд гэрчийг яаж хамгаалдаг юм бэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд гэрчийг хамгаалах тухай нэг ч зүйл, заалт байхгүй. Яах вэ, хохирогчийн гэрч болсон тохиолдолд манайх хамгаалалтын байрандаа байлгаж болно.
-Гэрч амиа алдсан тохиолдол бий юу?
-Манай төвд бүртгэгдсэн зүйл алга. Гэхдээ гэрч болсныхоо төлөө хүчирхийлэлд өртсөн тохиолдол олон байгаа. Учир нь гэрч, хохирогчид ихэвчлэн ойр дотныхон болох найз нөхөд, хамт олон, хамаатан садан, гэр бүлийн гишүүд байдаг. Харамсалтай нь одоогийн хуульд тэднийг хамгаалах ямар нэгэн заалт алга. Тэгэхээр Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд нэн яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах цаг болсон.
С.Баяраа: Хүү маань зодож нүдээд байхаар нь асрамжийн төвд ирсэн
Ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд өртдөг нь нууц биш. Хүчирхийлэлд өртдөг нь биеэ хамгаалах чадваргүй, сул доройг нь ашиглаж өөрийн эрхшээлдээ оруулах, улмаар зодож нүдэх, цаашилбал амь насанд нь хүрэх үзэгдэл газар авч байна.
Бидний ярилцсан С.Баяраа гуай дагавар хүүгийнхээ дарамтаас ангижрахын тулд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-ийг зорьсон байдаг.
-Та энэ асрамжийн төвд ирээд хэр удаж байна вэ?
-Дөрвөн сар болж байна.
-Дасаж байх юм уу?
-Эхэндээ жаахан хэцүү байсан. Одоо ч дасаад их аятайхан болж байна.
-Таныг гэр бүлийн хүнд дарамтаас болж энэ төвд ирсэн гэж сонслоо?
-Тийм ээ. Дагавар хүү маань зодож, дарамтлаад байхаар нь аргагүй эрхэнд энд ирлээ. Ах нь гэр бүлтэй байгаагүй биш байсан. Одоогоос 28 жилийн өмнө хань ижилтэй болсон юм. Зургаан хүүхэдтэй хүнтэй сууж 30-аад жил ханиллаа. Манайх гурван охин, гурван хүүтэй.
Залуудаа Налайхын уурхайд ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд зам ангид орж нэг хэсэг ажилласан. Уурхай хаагдахаар нь Улаанбаатар хотод ирсэн дээ. Харин манай хөгшин хивсний үйлдвэрт ажилладаг байсан юм.
Уг нь охид маань надад амь байдаг. Гэтэл сүүлийн хэдэн жил нэг хүүгийн маань ааш зан нь эвдрээд зодож нүддэг болсон. Улмаар хөгшин настай хүн чинь сэтгэл санаагаар унаж, бие өвдөх нь ч ихэссэн. Тэгээд л энэ төвд ирэхээр шийдсэн дээ. Анх энд ирэх саналыг манай хорооны дарга санал болгосон. Учир нь намайг өдөр бүр дарамт, шахалтад байдгийг мэддэг байсан юм. Би ч гэсэн ирэх сонирхолтой байсан. Тэгээд л шууд өргөдөл бичээд ирсэн.
-Дагавар хүүгийн тань ааш зан нь эвдрээд зодож нүддэг болсон гэлээ. Ямар учраас таныг дарамталж, зодох болсон юм бол?
-Мэдэхгүй юм даа. Архи гэдэг зүйл хүнийг их эвддэг юм байна. Архи уучихаад ирэхээрээ л агсам, согтуу тавьж зодож нүддэг. Ах нь хоёр, гурван удаа толгойгоо, хөмсгөө хага цохиулж оёдол хүртэл тавиулж байсан.
-Цагдаа шүүхийн байгууллагад хандаж үзсэн үү?
-Үгүй ээ. Эр хүн болсон хойно тэвчээд л өнгөрдөг байлаа. Тэгээд ч цагдаа, шүүх гээд явбал асуудал бүр л хүндэрнэ шүү дээ. Муу хөгшин маань л дэмий баахан зовох ажил гарна. Ингэж бодоод хуулийн байгууллагад нэг ч удаа хандаж байгаагүй ээ.
-Тэр хүү тань хэдэн настай вэ. Тэтгэврийн тань мөнгийг аваад архи уучихдаг байсан гэсэн?
-Манай хүү 30 орчим настай. Архи дарс хэрэглэдэг. Энэ архи л хүүхдийг их эвддэг юм байна гэж бодох юм.
Бусад хүүхдүүд маань их сайхан хүний дайтай амьдарч байгаа. Нэг хүү маань Солонгост, охин Австральд, нэг нь Бээжинд байдаг. Ингээд өөр өөрсдийнхөө амьдралыг болгоод л явж байна. Анхандаа ах нь тэтгэврийнхээ мөнгийг өөрөө мэддэг байсан. Гэхдээ хань, үр хүүхэддээ мөнгө өгөлгүй л яах вэ дээ.
-Танд ямар нэгэн хууч өвчин бий юу?
-Байлгүй яах вэ. Зүрх жаахан муутай. Залуу байхдаа ямар ч өвчин ярьдаггүй байлаа. Харин нас ахиад ирэхээр зүрхний өвчтэй болоод байгаа бололтой. Өдийд гэртээ байсан бол нэг их урт наслахгүй байсан байх гэж боддог.
-Яагаад тэр вэ?
-Яах юу байх вэ дээ. Байнгын уур бухимдалтай байхгүй ч нэг өдөр нөгөө золигийн хүүхэд архи уучихсан ороод ирвэл яах вэ. Ингэж бодохоор л зүрх минь дэлсээд бие тавгүйрхээд байдаг юм.
Тиймээс би зөв сонголт хийсэн. Энд өрөөний маань ах сэтгэл санаагаар их дэмждэг. Эрүүл агаарт хоол унд бэлэн ая тухтай сайхан л байна.
Б.Төрбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ