Автомашингүй, дугуйтай Улаанбаатар болоё
Ер нь машингүй хот болвол яасан юм. Германы хоёр дахь том хот Гамбург “Ногоон сүлжээ” гэх төслийн хүрээнд ирэх 2034 он гэхэд автомашингүй хот болох зорилтыг өмнөө тавьжээ.
Мөн Скандинавын хойгийн хөгжингүй орнуудын нэг болох Данийн нийслэл Копенгагенд ч ийм төслийг хэрэгжүүлээд эхэлжээ.
Автомашингүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх болсон өнөө цагт тун хачин сонсогдож магадгүй. Тэгвэл энэ төслийн хүрээнд автомашины тоог багасгах ажлыг хотынхоо ногоон талбай, зүлэгжилт, цэцэрлэгжилтийг нийт зам талбайн 50-иас илүү хувьд хүргэх замаар эхлэх аж.
Улмаар хотын ногоон байгууламжуудын дундуур дугуйн замуудыг тавьж, автомашины замуудыг хотыг тойрсон хурдны зам болгох маягаар шахна.
Эцэст нь хувийн машинаар зорчих иргэдийн тоо ч буурах гэнэ. Ингэснээр агаарын бохирдол огцом буурч байгаль дэлхийтэйгээ хүмүүс илүү ойртож амьдрах ба авто осол ч багасах юм байна.
Нийтийн тээвэр, метрогоор ихэнх иргэд нь зорчдог Европын метрополис хотуудын хувьд энэ бол тийм боломжгүй зүйл биш аж.
Агаарын бохирдлын хэмжээ гамшгийн түвшинд очсон нийслэлд маань ч аажмаар ийм төсөл хэрэгжүүлвэл болохгүй гэх газаргүй. Өнгөрсөн оноос дугуйн замын төсөл ч биеллээ олж эхэлсэн. Үүнийгээ дагаад ногоон байгууламжуудаа ихэсгэх хэрэгтэй. Хэн угаар дунд түгжирч суухыг хүсэх билээ, ногоон байгаль, цэцэгсийн дундуур унадаг дугуйтай явах л илүү сайхан биш гэж үү.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ