Хоёр автобус мөргөлдөж зургаан хүн гэмтэв
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Чингисийн өргөө жуулчны баазаас дээшээ уулын орой дээр хөл нь хугарсан хүн бууж чадахгүй байна гэсэн дуудлага өчигдөр 13:28 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 44 настай, эрэгтэйн хөл нь хугарч хүнд гэмтсэн, 45 настай, эмэгтэй хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор захын дэргэд автозам дээр машин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 14:01 цагт өгснөөр Эрэн хайх Аврах салбарын бүлгийг гаргахад Hyundai загварын хоёр автобус мөргөлдөж, жолооч 44 настай, эрэгтэй хавчуулагдсан байсныг Холматра багаж ашиглан гаргаж, 42 настай эрэгтэй, 37 настай эмэгтэй, 47 настай эмэгтэй, 50 настай эрэгтэй, 69 настай эмэгтэй нар хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 37 дугаар сургуулийн хажууд уурын зуухны яндан унах гэж байна гэсэн мэдээллийг 10:35 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ээс найман албан хаагч хоёр автомашинтай буулгах арга хэмжээ авч ажиллажээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ