Монголчууд цагаан сарыг намар сүүн сараас эхлүүлдэг байжээ
Цагаан сар хаяанд ирж байна. Зарим жил зурхайч, судлаачдын дунд шинийн нэгний өдөр судрын ширүүхэн маргаан дэгддэг. Өдгөө манайд Л.Тэрбиш, М.Намсрай, Д.Баасанжав нарын зурхайч гурван янзын зурлага гарган төрөөс маргааныг нь тасалж байсан тохиолдол бий. Харин манайхан доктор Л.Тэрбишийн Төгсбуянтын хэмээх цаг тооны бичгийг илүү ойшоодог. Мөн хятад цаг тооллын талыг барьдаг Д.Мөнх-Очир гэдэг зурхайч ч байдаг. Харин түүхч, судлаач, зохиолч Н.Нагаанбуу Их Монгол Улсын түүхийн гурван гол үйл явдлыг Хятадын ч, Түвдийн ч бус, манайд ор тас орхигдоод байгаа эртний монгол тооллоор хөөж, эдүгээчлэн буулгасан нь онц сонирхолтой юм. Энэ завсар цагаан сарын тухайд ч содон баримт сөхөгджээ. Монголын он цаг тооллын талаар Бэсүдэй Н.Нагаанбуутай ийн нэгэнтээ хөөрөлдсөн билээ.
-Таныг Чингис хааны амьдралын хоёр туйл газарт төрсөн, тэнгэрт хальсан он цаг одоо хүртэл нэг мөр болоогүй байгаад эмзэглэсэндээ эртний монгол он тооллын асуудлыг сөхөн мөшгөв үү хэмээн санагдана.
-Юутай ч Чингис хааны өмнөх үед монгол он тоолол байснаар барахгүй он дарааллын бичгийн олон үеийн өв байсныг Рашид-ад-Диний "Судрын чуулган"-д тэмдэглэн үлдээсэн байдаг юм шүү дээ. Төрөл бүрийн эш сурвалжуудад түүхэн мэдээ байгаа учраас л ямар нэгэн он цаг хэлээд байгаа хэрэг. Гэтэл яагаад санал бодлоо нэгтгэж, дүгнэлт гаргаж чадахгүй олон янзаар маргалдаад байдаг юм бэ хэмээн санагдсанаас үүдэн түүхийн шарласан хуудсуудыг сөхөж үзсэн юмаа. Хамгийн гол алдаа нь барс сард шинэлдэг одоогийн Түвдийн тооллыг эртний монгол үндэснийх гэж эндүүрч, 13 дугаар зуунд энэ тооллоор түүх бичигдсэн хэмээн төөрөлдсөнөөс эхлэлтэй юм билээ. Иймд намраас эхлэн тоолдог байсан монгол тооллын оны тэргүүн хувь сарыг мөнөөх Түвдийн хаврын бар сартай нэг цэг дээр аваачин ойлгож байгаа явдал. Ер нь түвдэч зурхайч нар тодорхойлсон уг он цагаа түүхэн үйл явдал, эш сурвалжтай хэр дүйж буйг ерөөс хайхарч үздэггүй. Түүхийн шинжлэх ухааныхан ч түвд зурхайгаар тулгасан зурхайн цаг хугацааг сурвалж судалгааны үр дүнгээр шалган нягталдаггүй. Харин ч уг хугацаа руу зориуд шахаж тааруулж байсан зэрэг дутагдал байна л даа. Өөр зурхай байх биш гэж яс баримталдгаас түүхийн ухаан өөрөө төөрөлдөж, бодит үнэнийг гажуудуулах болж.
Дэлхийн түүхэнд суу алдраа мандуулсан 13 дугаар зуунд монголчууд чухам ямар тооллоор цаг хугацаагаа тооцож байсныг юуны өмнө лавлан үзэх ёстой. Тэгвэл мөн үеийн гайхамшигт бүтээл "Монголын нууц товчоо"- нд зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр хэмээн улирлаар, долдугаар сарын 12-т их хаан тэнгэрт халив гэж тоогоор, хулгана жилийн гур сард гэсэн нь амьтны нэрээр тоолсны тод жишээ юм.
-Монгол он тооллын онцлогоос цөөн жишээ татаж хэлбэл ой тойнд илүү буухсан болов уу?
-Монголчууд шинэ жилийг намар сүүн сар, үр сар гэх мэт тодотгосон нэрээр хувь, хулгана хэмээн эхлүүлдэг тоололтой байжээ. Хүннү гүрний түүхийг тодруулсан нэрт эрдэмтэн Г.Сүхбаатар, Хүннү нарын заншлаар жилд гурван удаа луугийн тахилга хийхдээ дандаа цагаан сар тав, есдүгээр сард нохой өдөр тэнгэр хайрхдыг тахидаг. Иймд олон аймаг цуглаж, төрийн хэрэг хэлэлцэн тэмээ, морь уралдуулан наргидаг. Хүннүгийн хаан буюу шаньюгийн оны амгаланг айлдахаар гэх мэт бичсэн нь бий. Эндээс үзэхэд цагаан сар нь одоогийн Европын есдүгээр сар, таван сар нь нэгдүгээр, есөн сар нь тавдугаар сар болох нь ойлгомжтой байна. Иймэрхүү зөрүүгээс он цагийг хольж хутгах төвөгтэй өөрчлөлт үүсч, хаврыг зун хэмээн тунхаглах болжээ.
"Монгол татарын тухай бүрэн тэмдэглэл"-д "өвс ногоорохоор нэгэн жил, шинэ сар мандахаар нэгэн сар болгодог" хэмээснийг зарим нь бүдүүлэг гэдэг ч уг нь үнэн л юм. Үнэхээр өвс ногоорохуй нэгэн жил, сар төгрөглөхүй нэгэн сар болно гэдэг ойлголт одоо ч бидэнд байгаа шүү дээ. Тэрхүү өвс ногоорох хугацаанд сар хэдэн удаа дүгрэглэв, хэдэн удаа яаж хөмсөглөв, улирал хэрхэн өөрчлөгдөв, сар хэдэнтээ эргэв гэдгийг яв цав мэддэг учраас л Хүннүгийн үед нарны дөрвөн мөчөөр улирлаа олж, сар мичдийн тохиолоор нарийвчилж, агаарын амьсгалыг улирлаар шинжин амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн түүхэн хэвшилтэй байжээ.
Харин одоо нар, сар хоёроор өдөр, шөнө хоёрын хугацааг ялган тооцож хоног болгох, захын одыг харуут цагаа мэдэх эрдэм бүдгэрч байна. Гурван нохой гарах үед гэрээсээ сэмхэн гараад ирээрэй гэвэл энэ болзоонд очих хүн ховорхон байж магадгүй. Хавирган (шинэдийн), тэргэл (арвантавны), хожидын (хорьдын) хэмээх нь дүрслэх сэтгэлгээ, хугацааны хэмжээгээр ярьж буй болохоос гуч хүртэл тоо мэддэггүйнх биш билээ. Тэр ч байтугай тэргэл сартай өдөр байлдаанд орж, хавирган сарны үед хүлээзнэдэг байсан нь дайчин эрсийн сэтгэл зүй, бие эрхтэн, золбоо хийморьт төгрөглөх сар ямар нэгэн үйлчлэлтэйг мэдэрсэн хэрэг биз ээ.
Монгол цаг тоололд хамгийн түгээмэл нь цагийн тухай ойлголт юм. Цаг нь зөвхөн өдөрт буюу наранд хамаатай байдгаараа ихээхэн онцлогтой. Иймээс монголчууд "Шөнөд цаггүй, шөлөнд дээжгүй" гэдэг. Өдрийн наран цаг нь зөвхөн он хийгээд өдрийг хэмждэг бол саран цаг нь жил, улирлыг хэмжинэ. Гэтэл өвлийн эхэн сарыг ес эхэлсэн өдрөөс тооцдог учиртай атал харь өөр цаглабараар сэтгэдэг, түүхэн үйл явдал, цаг улирлын тооцоог орчин үеэрээ боддог дутагдал гэм биш зан болжээ.
Дашрамд дурдахад долоон сарын 12 гэдэг бол монголчуудад их хаан эцэслэсэн цээртэй өдөр. Европын ч бай, Түвдийн ч бай, эртний үндэсний тооллынх ч бай , ямар ч тоололд байсан хар л өдөр. Үндэсний баяр наадам үйлдэх цэнгэлийн бус, түүхэн гашуудлын тэмдэгтэй өдөр билээ. Христийнхэн гэхэд 666, бас 13-ын тоог цээрлэж, өрөө тасалгааг хүртэл алгасан дугаарладаг гэсэн. Сэрхийж байх учиртай энэхүү тоон сар, өдрийг баяслын болголгүйгээр ухраан тэргэл, тахилгын өдөр давхацсан зуны тэргүүн сарын 16 буюу Европын долдугаар сарын найманд баяраа тэмдэглэж байх юмсан гэж бодогддог. Ардын журамт цэргүүд анх Нийслэл хүрээнд энэ л өдөр орж ирсэн гэдэг. Мөн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын баяр төрийн мэргэн сайдуудаа шагнаж, эртний суут хаад, баатар өрлөгүүдээ нэрлэн дууддаг зуны тахилгын өдөр мөн л одоогийн долдугаар сарын найман байсан нь санамсаргүй хэрэг биш бололтой.
-Монголчууд зурхайч Л.Тэрбишийн цаг тооны бичгийг хамгийн түгээмэл хэрэглэдэг. Гэтэл Та тэгтлээ сөрөхийн учир юусан билээ.
-Ингэж сөрөхийн учир нь шинжлэх ухааны доктор цол хүртсэн ганц зурхайч Л.Тэрбиш зурхайг шашны мунхруулгын хэрэгсэл болгож, шинжлэх ухаанаас холтгож байгаа юм. Ийм ажлыг Гандан хийд хийж байгаа бол бас яая гэхэв. Та нар хар л даа. Л.Тэрбишийн зурхай нь Таравчинбо, Жанаг гаг дог уншуул, Дашням, Балжиннямтай өдөр сайн, тэрсүүд өдөр тул бурхныг тахих зэрэгт муу, дүвзий, жэдзий од гэх мэт түвд, самгарад зурхайг орчуулсан хувилбар шүү дээ. Нөгөөтэйгүүр даваа, мягмар, лхагва гэх мэт түвд, эсвэл адъяа, сумъяа зэрэг самгарад гараг нэрийг үндэсний гэж зурхайлсан харь номлол юм.
Үүнээс жинхэнэ монгол үндэсний цаглабар зурхай, цээр бэлгэдлээ ялгахын тулд юуны өмнө 12 эрхтэний жил, сар, өдөр, цаг төдийгүй 12 эрхтэний мэргэ төлгө зэргээ тусгайлан сөхөхөд тэс өөр наалдацтай байдаг. Тухайлбал, жинхэнэ монгол зурхайд зааснаар хулгана өдөр буюу цагт хураах хумихын бэлгэдэл буянтай тул гадагш юм өгөх, архи дарс уун дарвих, хутга мэс ирлэхийг цээрлэх. Харин бар өдөр, цагт зааснаар бар цаг хүртэл бүү унт сэргэг бай, барын өмнө сацал бүү өргө. Бар жил, өдөр, цагт зөвхөн төрийн үйлийг эрхэмлэ гэжээ. Мөн 12 эрхтэний жилийг өнгөөр нь хулгана жилд үржил ихтэй, үхэр жилд цас их, хүйтэн, сүү сааль элбэгтэй гэх мэтээр уг амьтны үндсэн шинжээр тухайн жилийн өнгийг гаргадаг нь он удаан шинжсэн эрдмээ тэмдгийн соёлд буулгаж, дохио чанарыг илтгэсэн ардын эрдэм ухааны өв сан болтлоо хөгжүүлсэн нь хосгүй юм.
Ийнхүү түвдийн бар сартай монгол зурхайн хувь буюу хулгана сарыг зэрэгцүүлснээс үүдэн монголчууд балчир, идэр, гурван есөөр өвөл цагаалж, улмаар луу сард буюу Европын апрель сард тэнгэр дуугарч, зуны шинж орно хэмээн бүр ч төөрөлдсөн нь харамсавч багадмаар хэрэг. Гэхдээ би хэн нэгнийг буруутгаж, түвдийн шашин хэрэггүй гэх санаа агуулаагүй, гагцхүү шинжлэх ухаан, шашин хоёрын тухайд тодорхой зааг ялгаа байдгийг сануулахгүй аваас үндэсний соёл үгүйсгэгдэн гээгдэх болно гэж сэтгэл зовнисных юм шүү.
-Угийн монгол зурхайгаар цагаан сар маань хэзээ таарч байна вэ?
-Цагаан сарыг хавар тэмдэглэх утгатай зарлигийг Чингис хаан гаргасан гэдэг яриа бол түүхийн үнэнд нийцэхгүй. Их хаан тэнгэрт итгэсэн бөө мөргөлтөн, алив шашныг даган үндэс угсаагаа умартагч биш, бүх шашинд адил тэгш хүндэтгэлтэй ханддаг байсан. Зөвхөн Алтан хааны үед лам нар түвдийн бар сард сүм хийддээ ном хурж, сүсэгтэн олныг цуглуулан ёсолж эхэлсэн XVII зуунаас эхэлсэн харь хэвшил хэмээн үзүүштэй. 1540-1589 оны хооронд амьдарч байсан Ордосын Хутагтай Сэцэн хунтайж Далай ламыг Монголд залж, түвдийн гэлэгбагийн шашныг дэлгэрүүлэхдээ Түмэдийн Алтан хантай хамтран Түвдийн рабжун буюу жарны тооллыг нэвтрүүлжээ. Дараа нь XVII зууны дунд үед "Монголын нууц товчоо"-ны монгол хуулбар Лувсанданзаны гараар түвдчилэгдэн Чингис хааныг бурхан Буддагийн төрсөн өдөр мэндэлсэн мэтээр засварлагдсан байна. Ерөөс Чингис хаан болоод Өгэдэй, Гүег, Мөнх, Хубилай хаад цагаан сарын хугацааг өөрчлөх зарлиг буулгаагүй болох нь амьдрал түүхийн сурвалжаас илт буй билээ. Их хаадаас хойш тийм зарлиг гаргах эрх мэдэлтэн ч, шаардлага ч байгаагүй.
Бид намрын дунд сарын 17-нд үзэлтгүй сайн өдөр гэж баахан хурим найр хийдэг. Энэ л өдөр маань хуучны цагаан сар буюу хувь сарын шинийн нэгэн байжээ. Гэтэл өдрөө байтугай сараа үсэргэж, илүү сартай улирал ч бий болгочихдог Түвдийн тооллоос болж төөрөлдөөд жинхэнэ цагаан сараа олохуйяа бэрх болгочихож дээ. Харин манай монгол тоолол ертөнцийн он, сар, өдрийг хөвөхдөө илүү дутуу давхар өдөргүй тоолсоор есдүгээр сарын 21-ний орчим өдөр, шөнө тэнцэх хугацаанд намрын шинэ он, тайлга тахилгаа үйлддэг байжээ. 1911 оноос хойшхи арван жилд цагаан сар тэмдэглэснийг аваад үзэхэд таван есийн хүйтнээр зургаа, зургаан есд дөрвөн удаа шинэлж, хамгийн хожуу цагаалсан нь хоёрдугаар сарын 20 байх юм. Энэ нь ямар ч мал төллөх болоогүй, цагаан сүүний дээж, шинэ идээ гараагүй цаг шүү дээ. Монгол орны цаг агаар, бүс нутгийн онцлог, ард олны амьдрал ахуй түвд тоололтой огт нийцдэггүйн нэгээхэн баримт бол энэ.
-Тэгвэл он тооллын энэхүү зөрүүг өдгөө залруулж болохсон болов уу?
-Монголчууд бид цагаан сарыг золголтын бус, сүү сүргийн их тахилга гэдэг утгаараа гуравдугаар сарын 21 гэж тодотговол олны сэтгэл санаа, мал өвөлжилт, хаваржилт, төлийн баяр зэрэг аль аль талаа харгалзсан зөв зүйтэй тов болохсон хэмээн бодож байна. Өнөөгийн Энэтхэг улс эртний тооллоо цэгцлэн 1957 оны гуравдугаар сарын 21-нд шинэ оноо эхэлдэг үндэсний календарь бий болгон мөрдсөн. Ер нь монгол тоолол нь эртний Месопотами, Грек, Энэтхэг зэрэгт нөлөөлсөн хаврын тахилгатай байсан нь бүр нэн эртний улбаатай юм билээ. Месопотамийн он тоолол хаврын өдөр шөнийн тэнцлээр шинэ оноо эхлүүлдэг, эртний Грекийн он тооллын эхлэл хавар гуравдугаар сарын 21 байдаг. Эртний еврейчүүд бас хавар эхлүүлдэг байснаа нийтийн тооллын өмнөх гуравдугаар зуунаас намарт шилжжээ. Юлианы календарь Григорийд шилжсэн нь гуравдугаар сарын 21-ний өдөр шөнийг тэнцлээр оноон тооцсон залруулга байлаа. Францын бүгд найрамдахчууд 1792 оны есдүгээр сарын 22 буюу намрын өдөр шөнийн тэнцлээр тооллоо хагаслаж, хавар эхэлсэн нь мөн л гуравдугаар сарын 21 байлаа. Мөн эртний Хятадын шинэ он нь өвлийн туйл буюу арванхоёрдугаар сарын 22, хаврын тэнцэл буюу гуравдугаар сарын 22-ны өдөр байжээ. Зөвхөн европ тоолол л өвөл шинэ оноо угтдаг хахь өөр заншилтай юм даа.
-Та Их Монгол Улсын түүхтэй хүйн холбоо бүхий чухал үйл явдлын он цагийг өнөөгийн зарлиг тогтоолд тусгаснаас шал өөрөөр оноон гаргасан байх юм.
-Эртний монгол тооллын ул мөр болох түүхэн он цагуудыг нийтийн он тоололд хосолдуулах ёстой гэсэн зарчмаар Түвдийн жарны тооллоос чөлөөлж, "Монголын нууц товчоо"-ны гурван гол үйл явдлыг жишээлэн тооцсон юмаа. Нэгд, Их эзэн Чингис хаан 1162 оны тавдугаар сарын гурван юмуу 1155, 1167 онд биш, морь жил буюу 1161 оны арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн. Хоёрт, Монголын тулгар төрийг тунхагласан Их хуралдай 1205 оны намраас 1206 оны хаврын бар сар хүртэл хуралдаагүй. Харин 1205 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарын сүүлч буюу барс жилийн барс сар хүртэл хуралдсан. Гуравт, Чингис хаан 1227 оны долдугаар сард биш, нэгдүгээр хувилбараар 1227 оны дөрөвдүгээр сарын хоёрны өдөр, хоёр дахь сурвалжаар гахай жил буюу 1226 оны арваннэгдүгээр сарын зургаанд тэнгэрт хальсан. Энэхүү хоёр он цаг нь хоёр өөр зарчмаар гаргасан бус, үнэн байж болох түүхэн үйл явдлын хоёр гол сурвалжийг зэрэгцүүлэн гаргасан юм.
Эдгээр гаргалгааг дэвшүүлэхдээ 13 дугаар зууны монгол , хятад, перс түүхэн сурвалжуудын он цагуудыг аль болох харьцуулж, үйл явдлын нөхцөл байдал, сар улирлын өнгө төрхөөр давхар шалгахыг хичээсэн билээ. Тэгээд түвд жарны тооллоор тооцсон нь үндэслэлгүй төдийгүй алдаа гарах шалтгаан болсон, дээр нь Европын он тоолол орж ирснээр оны зөрүү зөрчил улам гүнзгийрчээ гэсэн дүгнэлтэд эрхгүй хүрсэн юм.
-Түүхэн он цагийн шинэ гаргалгаанд ямар үндэслэлээр хүрсэн учир шалтгаанаа товч тайлбарлаж өгнө үү?
-Түүхэн сурвалжид их хааныг гахай жилд 66 насандаа тэнгэр болов гэсэн нь 1161 онд морь жил төрсөн гэдгийг зааж байна. Гэтэл Түвдийн барс сараас болж, 1162 оны нэгдүгээр сарын 17-нд гарсан хар морь жил хэмээн эндүүрч зурхайлдаг нь одоо бараг маргах юмгүй үнэн гэгдэх болж дээ. Монголын морь жилээс эхлэн тоолоход Чингис хаан үнэхээр 1257 оны гахай жил 66 нас хүрсэн байдаг. Тэгээд ч 12 жилийг огт өнгөгүй тоолдог монгол тооллыг Түвдийн хар, цагаан, улаан гэх мэтээр тодотгосон онтой хольж хутгаснаас нэгэн он ухарч мэндэлсэн мэт болгож байгаа юм.
Их хуралдай чуулсныг "Монголын нууц товчоо"-нд зөвхөн барс жил гэж тэмдэглэсэн нь түвд тооллоор бол 1206 оны хаврын эхэн барс сар юм. Энэ ойлголтоор бол 1205 оны намар цугласан Монголын бүх ноёд ихэс 1206 оны хавар хүртэл хуралдсан болж таардаг. Монголын өндөрлөг дэх өвлийн тэсгим хүйтэнд мал ахуйгаа орхичихоод тийм олон хоног хурал найр хийх явдал бэрх төдийгүй ийм цэнгэлийг Чингис хаан зөвшөөрсөн л юм байх даа гэх миний эхний эргэлзээ. Гэтэл зарим тэмдэглэлд тэрхүү их чуулган дээр айраг цэгээ зэргийг ууж байснаас үзвэл яавч өвөл цаг биш бололтой. Тэгвэл монгол тооллоор 1205 оны намар барс сар гарч, цагаалга хийн Их хуралдай чуулж, улмаар бар сарын бар өдрийн бар цагт бар зүгээс их хааныг залж, "Их засаг" хуулиа батлан Нэгдсэн Монгол гүрнээ тунхагласан болж таарах нь ээ.
"Монголын нууц товчоо" болон "Алтан товч"-ийн мэдээгээр "гахай жил долоон сарын 12-т Түрэмхий балгасанд Чингис хаан тэнгэрт халив" гэснээр бол 1227 оны хаврын сэрүүнд насан эцэслэжээ гэж тооцох. Нөгөөтэйгүүр Рашид- ад-Диний сурвалжаар бол 1226 оны намрын сэрүүнд тэнгэрт хальжээ гэж үзэх. Энэ нь их хааныг насан эцэслэхэд нутагт нь бараадуулъя гэж зүтгэх шөнөдөө хүйтэн, өдөртөө сэрүүн улирал мөнөөс мөн гэлтэй. Гэтэл эдгээрийг Түвдийн барс сард эхэлсэн гахай жил хэмээн эндүүрч, их хааны өвчтэй ахуйн түүх ба биеийг нэгэн жилээр сунган амьдруулж, 1227 онд тэнгэрт халив гэж дэлхий нийтэд ташаа мэдээ тараагаад байна даа хэмээн сэтгэл зовонгуйрах юм.
-Ингэхэд Та XIII зууны Монголын түүхийн он цагийг орвонгоор нь эргүүлсэн нээлт хийчихсэн юм биш үү. Харин манай түүхчид, шинжлэх ухааны байгууллагууд хүлээн зөвшөөрөх эсэх нь сэтгэлийг тань зовоохгүй байна уу?
-Би энэ суурь судалгаандаа ихээхэн хүч хөдөлмөр, цаг заваа зарцуулсаан. Манай монгол цаг тоолол нь хятад, түвд цаглабарт шахагдсаар бараг мартагджээ. Харин үүнийг сэргээж, "Монголын нууц товчоо"-ноос өгсүүлээд Чингисийн эзэнт гүрний түүхийн чухал чухал үйл явдлыг цаг хугацааных нь хувьд зөв голдрилд нь оруулахыг монгол судлаачийн хувьд чин сэтгэлээр зорьсон билээ. Талархууштай нь монгол туургатан судлаачдын анхааралд өртөж, зарим эрдэмтэн судлаач хамтарч ажиллахаар ирээд байна. Миний судалгааны бүтээл дэндүү олон жилийн хэвшмэл ойлголтыг сөрж, цөөнгүй хүний эсэргүүцэлтэй тулгарч мэдэх авч яв цав түүхэн нотолгоонд гарцаагүй суурилсан гэдэгт уншиж танилцсан хүмүүс ч итгэлтэй байгаа. Харин албан ёсоор хүлээн зөвшөөрөх эсэх нь хувь хүний асуудал.
Монголын он цаг тооллыг энэ мэт хэт ташааруулсан дэндүү харамсалтай явдлыг би ганцаараа засч залруулах нь юу юм. Гэхдээ түүхэн үнэнийг гуйвуулж болохгүй байх. Ямар ч байсан монгол, түвд он тооллын зөрүүг тооцон гаргаж, цаг улирал, газар орны байдалд нь авч үзсэн билээ. Дээрх он цагийн гаргалгаандаа итгэлтэй, их гүрнийхээ түүхийг эргэж сөхсөндөө бахархалтай байгаа шүү.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ