Шагчид шагласаар л
Баяр наадам, тэр дундаа цагаан сар ойртох тусам Зам-Үүд, Эрээнийг зорих наймаачид ихэсдэг. Энэ хэрээр хаа газрын “шүдний өвчин” болсон шагчдын асуудал хурцаар тавигдах юм.
Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төвөөр 08:00 гэж ороход оочер дараалал тийм ч их биш, билетээ аль эрт авчихсан хүмүүс нь явах цагаа хүлээгээд сууж байх юм. Учир нь өглөө 06:00 цагаас тасалбараа түгээж эхэлдэг юм билээ. Би мэдэлгүй ид оочерынх нь цагийг алдсан нь тэр. Өглөөдөө бол уртаас урт дараалал үүссэн байдаг гэж сонссон юм.
УБТЗ-ын “Улаанбаатар” төв буудлын дарга А.Арвинчимэг:
-Галт тэрэгний билетний үнэ нэмэгдээгүй, хэвийн байгаа биз дээ?
-2008 оноос хойш галт тэрэгний үнэ нэмэгдээгүй байгаа. Жишээ нь Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн орон нутгийн гал тэрэгний билетний үнэ нь тасалгаат нь 27300, унтлагын нь 16300, нийтийнх нь 9600-аар худалдаалж байна. Хүүхдийн тасалбар нь 50-60 хувийн хямдралтай байдаг. Гэхдээ манайх хурдаа нэмсэн. Билетийг өглөө 06.00 цагаас орой 21:15 цаг хүртэл худалдаалж байгаа.
-Нийтийн ангиллын суудлын байхгүй болгосон гэж үнэн үү?
-Манайх цөөн тооны унтлагын купетэй байсан. Тэгээд олон байсан нийтийн купегээ гурав болгоод бусдыг нь унтлагын болгосон.
-Өдөрт хоёр удаа явдаг гэсэн. Нэмэлт вагон явуулахаар ачаалал байна уу?
-Өдөр бүр Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд хоёр галт тэрэг явж байгаа. Даваагаас-пүрэв гариг хүртэл 17:20, 20:00, тав дахьд 16:30, 20:00 цагаас таван өдөр явна. Бүр ачаалал нь ихэслээ гэж бодоход гурав дахь галт тэрэг явуулахад бид бэлэн. Тав дахь өдөр л илүү ачаалалтай байгаагаас биш бусад өдөр нь манай вагон чөлөөтэй явдаг. Бид алдагдалтай ажиллаж байгаа ч гэсэн вагонаа тасралтгүй явуулсаар байгаа.
-Билет шаглагчдын асуудал танайд байсаар байна шүү дээ. Энэ асуудлыг шийдвэрлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Шагийн билет зарах ажил зогссон. Цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг. Манай дээр арван цагдаа ажиллаж байна. Байн байна эргүүл хийдэг болохоор шагийн билет зардаг хүмүүс байхгүй болсон.
Үнэхээр шагчид байхгүй болсон уу гэдгийг ажихаар тэр хавиар жаахан эргэлдээд зогсож байтал нэг ах ирээд хаашаа явах гэж байгаа юм гэв. Би ч Замын-Үүд явна гэлээ. Тэгтэл нь билет байна шүү гэх нь тэр. Үнийг нь асуутал 30000 гэв. Унтлагын билет нь гэнэ. Уг нь түгээврээр 16300 байсан билет шагчдын гарт ирээд 30000 болжээ.
Тус байгууллага шагийн тасалбарын асуудалд хяналт тавьж байгаа гэсэн. Гэвч тэдний хэлж буйгаар хүний эрхийг хязгаарлах эрхгүй гэх. Бичиг баримтаа үзүүлээд л тухайн хүн тасалбар авч байгаа бол хэнийг ч ялгаварлахгүй үйлчилдэг гэнэ. Тиймээс гомдол гаргагч иргэн тасалбар шагласан хүнийг хөдөлшгүй баримтаар нотлон мэдэгдсэн тохиолдолд дамлан худалдаж авсан тасалбарыг нь тухайн иргэнд шууд олгох арга хэмжээ авч байгаа гэсэн.
Өнгөрсөн онд хүн бүр бичиг баримттайгаа байж, зөвхөн өөрөө тасалбараа худалдан авах ажлыг хэрэгжүүлжээ. Гэтэл “Цаг хугацаатай уралдаж, арилжаа наймааны ажил хийж яваа хүмүүс өөрийн биеэр тасалбараа авах гэсээр цаг хугацаа алдаж, хохирч байна.” гэсэн гомдол их ирснээс болж тасалбар түгээврээр нэг хүнд олон тасалбар олгодог болсон юм байна. Энэ нь л шагчид олширч байгаагийн шалтгаан юм билээ.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ