Хазаар, ногтоор хайртай эхнэрээ зодож хөнөөжээ
Дөнгөж сар гаруйн өмнө залуухан бүсгүй хайртай залуугийнхаа гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хардалтын улмаас бие муутай найз бүсгүйгээ өдөр шөнөгүй тамлан зодсоор амийг нь хөнөөсөн Алтанхүү гэх залуугийн хэрэг одоо яаж шийдэгдэх нь тодорхойгүй байна.
Тэгвэл яг үүнтэй адилхан хэрэг саяхан гарсан ажээ. Хохирогч бүсгүйн ээж “ТВ8” телевизэд өгсөн ярилцлагадаа гурван хүүхдээ өнчрүүлэхгүй гэж явсаар охин минь амиа алдчихлаа хэмээн уйлан ярьсан юм.
Булган аймгийн Бугат сумын харьяат Б.Эрдэнэбаатар гэх залуутай талийгаач суугаад гурван жил болжээ. Тэр хооронд гурван ч хүүхдийн аав ээж болсон бөгөөд энэ хугацаанд тэрбээр үргэлж л эхнэрээ зодож, хардаж, хажуугаар нь өнгөрсөн эр болгонтой сүүлэрлээ хэмээн тамладаг байжээ. Бүсгүй нэг удаа гэртээ зугтаж ирсэн ч араас нь ирж гуйсаар байгаад буцаагаад аваад явжээ.
Бүсгүй ч гурван хүүхдээ бодож, эцэггүй өнчрүүлээд яахав хэмээн уужуу сэтгэл гаргасан нь эцэст нь өөрийнх нь амь насанд хүрнэ гэж төсөөлөөгүй аж. Бүсгүй хөдөөнөөс ирэхдээ ээж, эгч нарынхаа хэнд нь ч зодож байна гэж хэлэхгүй атлаа тэдний нүдэн дээр илт турж эцэн ядарч сульдсан, инээхээр нь нүүрний нь арьс таталдаж байгааг ээж нь ажиглажээ.
Охиноо чи эмнэлэгт үзүүл гэж гуйдаг байсан ч “Ээжээ би зүгээрээ яагаа ч үгүй. Та санаа зоволтгүй. Жаахан даараад байдаг болж” хэмээн явсаар байж.
Зуны халуунд битүү захтай ноосон цамц өмсөөд яваад байгааг нь эгч нь ажиглаж хувцсыг нь тайлуулахад битүү хөх няц, яр шарх болчихсон байжээ. Тэрбээр ингэж явсаар хартай нөхрийнхөө гарт амиа алдчихсан аж.
Ээж эгч нар нь гэрт нь буцааж ирүүлэх гэж хичээсэн ч хүүхдээ бодож байна. Ингэж байгаад гайгүй болчих байлгүй дээ гэж явсаар амиа алджээ. Хэрэг гардаг өдөр буюу долдугаар сарын 14-нд баяр наадмын уур амьсгал намжаагүй байжээ. Тэр өдөр нөхөр нь мөн л архиа уучихаад саахалтын Батаа гэх залуутай эхнэрээ хардаж түүнийг хазаар ногт жирмээр нүүр нүдгүй ороолгосоор ханийнхаа аминд хүрчээ.
Түүнд Булган аймгийн шүүхээс 18 жилийн ял оноожээ. Ялыг нь эсэргүүцсэн ар гэрийнхэн нь Дээд шүүхэд хандахад Эрдэнэбаатарын гэр бүлийнхэн та нар юм олж долоохыг чинь харна аа хэмээн тавлаж, охиных нь өнчин хоцорсон гурван хүүхдийн талаар нэг ч үг асуугаагүй аж.
Цэл залуухан бүсгүй гурван жилийн дотор яг ээж шигээ болтлоо хөгширч хүн харахын эцэсгүй болж хувирч, эцэст нь хүүхдүүдээ гэсээр амиа алдсан энэ хэргийг ар гэрийнхэн нь бусдад сургамж болог гэсэн үүднээс олон нийтэд дэлгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ