13 хүний амийг аварсан Д.Баасандорж “13 хүний амь аварсныг маань зүгээр нэг тэмдгээр хуураад л өнгөрсөн”
Газрын гүнд угаартан ухаан алдсан 13 хүний амийг аварсан баатарлаг үйлс болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллэж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Тодруулбал өнгөрсөн оны долдугаар сарын 24-ны өдрийн үүрийн дөрвөн цагын үед Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт нэгэн алтны уурхайн гүнд хууль бусаар алт олбоглогчид буюу нинжа нар нэвтэрсэн байна.
Тухайн үед уурхайд нинжа нарыг хулгайгаар орж бэртэж гэмтэх, амь насаа алдахаас урьдчилан сэргийлж агааржуулах хоолойг таглаж, уурхайн амыг хоёр давхар гөлмөн төмрөөр таглан хамгаалсан байжээ. “Нинжа” нар үүнийг нь мэдэхгүй газрын гүнд мотор ажиллуулснаас угаартаж амь насаа алдах дөхсөн байна.
Азаар уурхайн хамгаалалтын ажилтан Д.Баасандорж гэдэг залуу тэдний амь насыг аварсан юм. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний хийсэн гавъяаг үнэлэн “Шударга Журамтан” цол тэмдгээр шагнасан юм.
Өнөөдөр бид баатарлаг үйлстэн болох Д.Баасандоржыг урьж ярилцсан юм. Тэрээр Булган аймгийн Бугат сумын иргэн бөгөөд ОХУ-д 10 жил чөлөөт бөхөөр хичээллэсэн чөлөөт бөхийн мастер, сумын заан цолтой залуу юм. Хүний амь аврах үедээ “Хангарьд” хамгаалалтын албаны хамгаалалтын ажилтангаар ажиллаж байсан. Тэрээр 400 метр газрын гүнээс хүмүүсийг ганцаараа чирхийг нь чирээд үүрхийг нь үүрч гарч ирсэн бөгөөд тухайн үед ирсэн заамар сумын эмч хэлэхдээ хэрэв 15 минут л алдсан бол энэ бүх хүмүүс амиа алдах байсныг хэлж байжээ.
Бүхэл бүтэн 13 хүний амь амьдрал, гэр бүлийг элэг бүтнээр нь үлдээж аварч чадсан энэ залууд хүмүүс одоог хүртэл талархалтай ханддаг ба тэрээр ард түмнээс шалгаруулдаг “Энэ цагын эгэл баатрууд”-д нэр дэвшиж байгаа юм байна.Тэрээр хэлэхдээ “Би төр засгаас юу ч гуйгаагүй, гэхдээ 13 хүний амь аварсанг маань зүгээр нэг цол тэмдгээр хуураад өнгөрсөнд нь гомдолтой явдаг” гэдгээ хэлж байсан юм. Ингэж хэлэх нь ч аргагүй биз. Өөрийнхөө амийг үл хайрлан, хэн хүний зориглож хийхээргүй зүйлийг хийсэн энэ залууг үнэлэх нь зүй ёсны хэрэг. Харин монголын төр дуучид, жүжигчид, тамирчид, бизнесмэнүүдийг дэмждэг атлаа юу юунаас илүү хүний амийг аварсан залууг мартах ёсгүй биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ