Өвлийн өвгөний ханш янз бүр байна

Шинэ жилийн баярын хамгийн эрэлттэй зочны нэг нь өвлийн өвгөн. Мэдээж тэдний араас алдартай хамтлаг, дуучид, хөтлөгч, жүжигчид жагсах биз ээ.

Хүүгийнхээ цэцэрлэгийн шинэ жилийн баярт хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг нэгнийг өвлөн өвгөн болгохоор урилаа. Өвөө 30 мянган төгрөг л авна гэнэ. Хүүхдүүд баярлуулж байгаа болохоор аргагүй биз.

Харин хүүхдүүдээ гэрт нь баярлуулахаар өвлийн өвгөн захиалахад 80 мянган төгрөг аж. Захиалгаар ирж, гэрт бэлэг өгдөг ийм өвлийн өвгөний утасны дугаарыг 1950, 1617 зэрэг лавлах утаснаас олох боломжтой. Албан байгууллагын шинэ жил дээр зочилдог өвөө нар арай илүү үнэтэй. Хамгийн хямд үнээр, мэргэжлийн жүжигчнийг өвлийн өвгөн болгон, цасан охидын хамт урихад 300 мянган төгрөг байна.

Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн халааг авч өвлийн өвгөн болсон “Хасар” Жагаа буюу Б.Жаргалсайхан зургаан цасан охины хамт 800 мянган төгрөгийн ханшаар шинэ жилийн баярт зочлох юм билээ. Урилга, заллага ихтэй энэ өвөөг урихын тулд урьдчилан тохирохгүй бол олдохгүй болов уу.

Мөн түүнтэй мөр зэрэгцэн өвлийн өвгөний тэргүүн эгнээнд яваа хүн бол гавьяат жүжигчин З.Жарантав. Тэрбээр цасан охидоо дагуулж ирээд 500 мянган төгрөг л авдаг гэсэн. Монголчууд бид Шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, бие биедээ баяр хөөр бэлэглэхээр хичээж байгаа болохоор өвлийн өвгөнүүд үнэ, ханшаа ярилцаж тохиролцохоос татгалзахгүй байх аа.

Ж.Сэлэнгэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ