Н.Алтанхуяг бүдэрвэл бүр дордоно

Н.Алтанхуягийн кабинетын хоёр сайдыг унагахаар МАН улайрч байна. Нөгөө хоёр нь ч огцорч байвал таарахуйц, анхнаасаа улс орны амин чухал салбарт дэндүү жулдах хэдий ч зөвхөн эрх ашгийн сонирхол үйлчилж сайдаар томилогдсон нөхдүүд юм.

Хоёр сайдаа огцруулж туг тахиад галыг намжаана гэвэл үлгэр. Үүнийгээ ч Ерөнхий сайд мэдэж байгаа. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидогтой адил Алтанхуягийн хоёр сайдыг нь унагаж дөнгөсөн юм чинь хэмээн МАН барьцаа улам лавшруулах нь дамжиггүй.

Тиймдээ ч АН хамт засагт орсон эвсэлтэйгээ нийлээд олонхоороо түрий бариад хоёр сайдаа авч үлдэх нь тодорхой. Харамсалтай нь үүнээс дээр алхам манай өнөөгийн улс төрд одоохондоо алга.

{!!!right!!!}Яагаад вэ гэж үү. Учир нь ирэх оны төсвийн асуудлаас үүдээд улс эх орны амин чухал бүх асуудлууд ойрын хугацаанд шийдэгдэж явах учиртай. 2014 онд Монгол Улс хэрхэн яаж гал алдахгүйхэн шиг амьдрах аргаа олох вэ гэдгээ л шийдэх цаг хугацаа гэсэн үг л дээ. Шинэ жил, тун удахгүй цагаан сар гээд л монголчуудын байдгийг нь барж хэтэвч дэх хэдийг нь сэгсэрдэг баярууд шил шилээ харан хүлээж буй энэ мөчид Засгийн газар огцорч төр гацаанд орох шиг хүсмээргүй юм байхгүй.

Тиймээс л өөдтэй хийсэн зүйл үгүй ч гэсэн Н.Алтанхуягийн Засгийн газрыг жаахан тэвчээртэйхэн харая л даа гээд байгаа санаа.

Өнөөдөр сайдыг нь огцруулах гээд байгаа, манай улсын мөнгөний авдрыг атгаж суугаа Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам мөнгөгүй болж орхиод Эрдэнэт үйлдвэрээс ч нэг, тэндээс ч эндээс ч нэг мөнгө татаж суугаа сурагтай. Төрийн бүх л ажил санхүүжилтгүй болон гацаж байгаа гэнэ. Үүнийх нь төлөө хоёр сайдыг нь огцруулах шийтгэл ч багадах хэдий ч оронд нь томилогдож ажлыг нь авсан сайдтан илбийн юм шиг их мөнгө гаргаад ирэх нь юу л бол.

Харин ч тэр хоёр яамны бүх ажилтнуудыг хуйгаар нь өөрчилж, өөрийн тойрон хүрээлэгчдээ томилохоос л эхний ажлаа эхэлнэ гэдэг дээр барьсан ч алдахгүй бизээ.

Тэгээд ч дарга М.Энхболдыг нь эс тооцвол түүхэндээ хамгийн муу гэмээр яруу найрагч генсек тэргүүтэй МАН-ын удирдлагуудын наанаа их ажил хэрэгч, тэмцэгч дүр эсгэсэн, цаанаа бондын мөнгөнөөс хувь хүртчих санаагаар төр самрах гэсэн ард олноо эс бодсон үйлдэл хямралыг улам л өдөөх нигууртай.

Тиймээс л урагшгүй сайд нарыг уяанд нь үлдээж угаадсыг нь долоолгоод ч болтугай нүүрлээд буй санхүүгийн хямралаас гарах хэрэгтэй байна.

Ард нь ухаалаг төр болж хувирах өөрчлөлт аяндаа төрийн амтат бал бурам мэт амтыг үгүй болгож баасан дээр шавсан батгана мэт авлигачдыг уусгах бизээ хэмээн найдах л үлдлээ.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин