Ё.Лхагвасүрэн: Цагдаа нар хүний муу үзэх гээд байгаа юм биш
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулав.
-Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнээс осгож амиа алдах тохиолдол олноор бүртгэгдэх боллоо. Цагдаагийн байгууллагаас ард иргэддээ сэрэмжлүүлээч?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд архи согтууруулах ундаа ууснаас болж осгож амиа алдсан харамсалтай хэрэг дөрөв бүртгэгдсэн. Хөдөө орон нутагт гурав, Улаанбаатар хотод нэг бүртгэгдсэн. Шинэ жилийг тэмдэглэхдээ байгууллага хамт олон баярыг гоё болгох тал дээр нь хэт их анхаардаг.Тэгээд арга хэмжээ дууссаны дараа ажиллагсадаа аюулгүй гэрт нь хүргэх тал дээр компанийн удирдлагууд ажил зохион байгуулахгүй байна. Улмаар шинэ жилийн арга хэмжээгээ тараад согтуу явж байгаад осгож нас барсан хэрэг саяхан гарсан.
-Энэ сарын байдлаар хэчнээн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдав?
-Энэ сарны 1-16-ний хооронд Замын цагдаагийн шөнийн эргэлтийн шалгалтаар 1160 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад журамлагдсан байна. Энэ хугацаанд 49 авто осол гарсан бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол хийсэн байна. 49-н авто ослын 70 хувь нь зөвхөн шинэ жилийн арга хэмжээнд оролцоод буцаж явахдаа гаргасан зөрчил байгаа. 1160 зөрчлийн 60 хувийнх нь жолооч “Шинэ жилд оролцоод явж байна. Арай гайгүйгээрээ би машин бариад явж байна” гэсэн юм яриад явж байх жишээтэй.
-Цагдаагийн байгууллагын хяналт шалгалт чангарч байгаа биз дээ?
-Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барьж болохгүй гэдгийг хүн бүр мэддэг. Энэ дүрмээ сайн бариач ээ. Цагдаагийн албан хаагчид хүний муу үзэх гэж байгаа юм шиг санагдаад байж магадгүй. Ямарваа нэг баяр болохоор шалгалтын ажиллагааг эрчимжүүлээд, согтуу жолооч нарыг олноор нь журамлах ажил зохиодог. Яагаад гэвэл үүнээс болж хүний амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учрах магадлал нь өндөрсөөд эхэлдэг. Хувь хүн, компани, байгууллага, хамт олноороо энэ байдалд анхаармаар байна гэдгийг цагдаагийн байгууллагаас дахин дахин анхааруулмаар байна.
-“Архигүй шинэ жил тэмдэглэцгээе” гэсэн уриалга хэр үр дүнтэй байна?
-Нийслэлийн цагдаагийн газар, ЦЕГ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтраад архигүй шинэ жил тэмдэглэцгээе гэсэн уриалга дэвшүүлсэн байгаа. Энэ уриалгыг Монголын сурагчдын холбоо, Оюутны холбоо, их дээд сургуулиудын удирдлагууд, зарим компаниуд дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Ийм уриалга гаргаад гурван жил болж байна. Өмнөх жилүүдээс гэмт хэргийн гаралт харьцангуй бага гарч байна. Тэгэхээр та бүхэн архийг зүй зохистой хэрэглээч. Болж өгвөл архи согтууруулах ундааны зүйл бүү хэрэглээч гэж сануулмаар байна. Үүнээс болж танхайн гэмт хэрэг, дээрэмдүүлэх, бусдад хүчирхийлүүлэх гэх мэт гэмт хэрэгт өртөх, золиос болох магадлал ихэсдэг. Хаа хаанаа анхаармаар байгаа юм.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ