А.Гансүх: Надад үр дүн л чухал
Зам, тээврийн сайд А.Гансүхтэй ярилцлаа.
-Та өөрийн яамныхаа төсвийг Засгийн газарт танилцуулалгүйгээр байнгын хороогоор хэлэлцүүлэхээр зүтгэж хэсэг шүүмжлүүллээ. Яагаад ийм алхам хийв?
-Болоод өнгөрсөн асуудал. Одоо сөхөж ярих хэрэг байна уу.
-Өөрийнхөө энэ үйлдлийн талаар ямар нэгэн тайлбар хийхгүй юм уу?
-Засгийн хурал дээр ярьсан яамны төсвийн талаар ч бас биш ээ. 2014 оны төсвөөс хасагдсан эх үүсвэргүй болсон ажлуудын тухай л бичиг явуулсан. Ажлаа л бодож санаа тавьсан.
-Ямартай ч арга хэмжээ авахуулчихлаа?
-Хариуцлага тооцсонд эмзэглэхгүй байна. Хамгийн гол нь тэр бичиг үүргээ биелүүлсэн. Надад үр дүн л чухал.
-Ямар үр дүнд хүрсэн гэж?
-2013 онд эхэлсэн он дамжин үргэлжлэх ажлууд маань төсвийн тодотголоор хасагдаж эх үүсвэр нь тодорхойгүй болоод байлаа. Одоо бол хоёр хуваагдаж 2014 оны төсөвт хагас нь сууж, үлдсэн нь Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх боллоо.
-Таны тавьсан асуудал шийдэгдсэн гэсэн үг үү?
-Тийм ээ. Эрх зүйн хувьд тийм боломж байсан.
-Ямар?
-Нэгд, УИХ-ын аравдугаар сарын 25-ны өдрийн 58 дугаар тогтоолоор 2013 оны төсвийн тодотголыг баталсан. Уг тогтоолын хоёрдугаар заалтад “2013 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиар хасагдсан төсвийн арга хэмжээг 2014, 2015 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлнэ” гэсэн. Хоёрт, 2014 оны төсөвт АН-ын бүлгээс дүгнэлт өгсөн. Энэ дүгнэлтэд “2013 оны Төсвийн тодотголоор санхүүжилтийн дүн буурсан болоод хасагдсан 2012-2013 онд гэрээ байгуулан хэрэгжүүлж буй зам, гүүрийн барилгын ажлуудыг санхүүжүүлэх эх үүсвэр 2014 онд тодорхойгүй байгаа нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, биелэгдэхгүйд хүрэх, үнийн өсөлт зэрэг сөрөг үр дагавар үүсч болзошгүй” гэж дүгнэсэн.
-Б.Гарамгайбаатар гишүүн таныг дэмжиж нэлээн зүтгэсэн. Үүнийг өөрийнх нь замын компанитай холбож тайлбарлаж байгаа. Хүмүүсийн ярьж байгаа шиг тохироо хийгдчихсэн юм биш биз?
-Тийм тохироо хийгээгүй. Б.Гарамгайбаатар гишүүнийг хэлмэгдүүлж байна.
-Ирэх жил хийх ажлынхнаа санхүүгийн эх үүсвэрийг олоод авчихлаа гэж байна. Зам, гүүрийн ямар бүтээн байгуулалтын ажил төлөвлөж байгаа вэ?
-Ирэх онд хийгдэх том хэмжээний бүтээн байгуулалтууд байна. Бид 2014 онд 2837 км хучилттай замын ажил эхлүүлнэ. Мөн шинэ төмөр замын барилгын ажил үргэлжилнэ. УБТЗ-ын техникийн шинэчлэлийн эхний үе шатанд 400 сая ам.доллар, шинэ төмөр замын төсөлд 700 орчим сая ам.доллар шаардагдаж байна: “МИАТ” компани дахин хоёр шинэ онгоц авах гэрээ хийнэ. Эх үүсвэрийг нь улсын төсөв, гадаадын хөрөнгө оруулалт, Хөгжлийн банк гэж тооцож байгаа. Тэр чиглэлээрээ Эдийн засгийн хөгжлийн яамтай ярилцаж байна. Ярилцаж шийдвэрлэх ажил их бий.
-Сая Ерөнхий сайдын бүрэлдэхүүнд та урд хөршид айлчилсан. Айлчлалын үеэр төмөр замын асуудлыг нухацтай ярих шиг боллоо. Яг юу гэж тохиров?
-Ерөнхий сайдын айлчлалын үеэр зөвхөн төмөр замын төдийгүй, дэд бүтцийн олон асуудал яригдсан. Талууд асуудлыг чухалчлан үзэж хоёр талаасаа ажлын хэсэг гаргахаар боллоо. Хятадын талаас Зам, тээврийн сайд, Хөгжил шинэтгэлийн хорооны дарга. Манай талаас Эдийн засгийн хөгжлийн сайд, Зам, тээврийн сайд гээд нийтдээ дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хамтарч ажиллахаар хоёр улсын Ерөнхий сайд нар тохиролцлоо. Хоёр талын ажлын механизм бүрдлээ. Энэ их чухал. Одоо ажлын төлөвлөгөө гаргана. Тэгээд Хятадын талтай хэлэлцээр эхэлнэ.
-Төмөр замын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэв үү?
-Саяын айлчлалаар ерөнхийдөө бодлогын шинжтэй асуудлууд яригдаж хамтарч ажиллах зарчмаа тохирсон.
-Дөрвөн боомтоор төмөр замаар нэвтрэх асуудал яригдсан байсан. Яг ямар боомт байх вэ?
-Өнөөдөр Монгол, Хятад хоёр улс Замын-Үүд-Эрээн гэсэн төмөр замын нэг л боомт ашиглаж байна. Тэгэхээр энэ боомтынхоо тоог нэмье гэсэн санал дээр хоёр тал ойлголцлоо. Рашаант, Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг боомтууд. Мөн Монгол Улс, Хятадтай байгуулсан далайд гарах дамжин өнгөрөх Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээр байдаг. Хэлэлцээрт зааснаар манай улс ганцхан Тяньжин гэдэг далайн боомтыг ашигладаг. Үүнийхээ тоог бас нэмье гэсэн саналаа Монголын тал тавьсан. Хэлэлцээр үргэлжилж байна. Үр дүн гарахаар тодорхой хэлж болно. Одоо эрт байна.
-Тэгвэл дотоодод тавигдах төмөр замын асуудал юу болж байгаа юм бол?
-Шинэ төмөр замын ажлын зураг бүхэлдээ хийгдээд дуусах шатандаа орж байна. Зургийг Японы “Nippon Koe” гэдэг компани хийж байна. Мөн төсөл дээр “BNP Paribas” банк болон АНУ-ын “Gugenhaim” компани санхүүгийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн АНУ-ын “Sidley Austin” хуулийн фирм хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Одоо баригдаж байгаа Таван толгой- Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлын хяналтыг Германд төдийгүй дэлхийд төмөр замын тэргүүлэх компани болох “Deutche Baan” компани хийж байна. Ажил хуваарийн дагуу явж байна. Мөн сонирхсон хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр үргэлжилж байгаа. Том хэмжээний төсөл учир цаг хугацаа их зарцуулж байна.
-Том гэдэг нь ямар утгаараа?
-Мөнгөөр хэмжих аргагүй эдийн засгийн болон бусад талын ач холбогдолтой.
-Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт хийгдэхгүй. Монголын Засгийн газар хүлээсэн үүргийнхээ хүрээнд гаргах мөнгөө төсөвлөөгүй гэж байна?
-Энэ төсөл ямар ч асуудалгүй явж байна. Харин Японы талтай байгуулсан гэрээгээр Монгол Улс санхүүжүүлэх хэдэн ажил байгаа. Тухайлбал, ачаа тээш, газрын үйлчилгээ, захиргааны байрны ажлууд 2014 оны төсөвт 0 дүнтэй суусан. Тодотголоор санхүүжилтийн асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна.
-Бас манай улс ашиглаж байсан нэг онгоцоо худалдаалах гэж байгаа гэл үү?
-Тийм. МИАТ хуучин “Аирбус” онгоцоо зарах юм. Төрийн өмчийн хороо зөвшөөрч гэрээ нь хийгдсэн.
-Энэ онгоцыг Арабд зарах гэсэн чинь АНУ дургүйцсэн гэсэн. Үүнийг АНУ-аас асуух шаардлага байдаг юм уу?
-Буруу мэдээлэл байна. НҮБ-ын шийдвэрээр хориг арга хэмжээнд орчихсон орнууд байдаг. Тийм оронд л зарж болохгүй. Түүнээс биш манай онгоцыг хаана, хэнд худалдаалахыг АНУ мэднэ гэж юу байх вэ.
-Бангладешт манай нэг онгоц нисч байгаа гэл үү?
-Агаарын тээврийн салбарт нойтон түрээс гэж нэр томьёо байдаг юм. Тэр нь юу вэ гэвэл манай онгоц, нисгэгч, үйлчлэгч нар өөрийн онгоцоор гадаадын оронд очиж тохирсон хугацаагаар тэр улсын нислэгийг үйлдэхийг хэлдэг. Манай баг нойтон түрээсийн гэрээгээр Бангладешээс Арабын орнууд руу нисч байна. Арванхоёрдугаар сард гэрээнийх нь хугацаа дуусна. Нэг үгээр хэлбэл бид үйлчилгээ экспортолж байна гэсэн үг. Үүнийг хүмүүс нэг их анзаарахгүй байгаа болохоос хамгийн том амжилт юм. МИАТ компани олон улсад өндөр үнэлэгдэж байгаагийн жишээ. Энэ бол бидний бас нэг бахархал, шинэ амжилт.
-Шинээр авто зам тавьж байна. Гэхдээ сөрөг хүчин эдийн засгийн үр дүнгүй зүйлд мөнгө ихээр зарцуулж байна гэсэн шүүмжлэлийг гаргасаар байгаа. Ер нь өнөө жил хэдэн төгрөгөөр хэчнээн км зам тавив?
-Аймгуудын төвийг холбосон авто зам эдийн засгийн хувьд өндөр үр ашиг өгөхгүй байж болно оо. Гэхдээ Засгийн газар хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийнхээ өмнө нийгмийн хариуцлага хүлээж байдаг. Тиймээс л аймгуудаа авто замаар холбоё гээд байгаа юм. 2013 онд манай замчид 1824 км хатуу хучилттай зам барьж түүхэн рекорд тогтоолоо.
-МИАТ-ийн мөнгө угаасан хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж ял нь буурлаа. Та салбарын сайдын хувьд юу гэж бодож байна?
-Би шүүхийн шийдвэрт тайлбар хийх эрхгүй. Ер нь шүүхийн үйл ажиллагаанд сайд ч байсан ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийх нь хуулиар хориотой байдаг. Хэргийн талаар ярих, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны талаар ярих ялгаатай.
-Яг энэ асуудлаар та урьд нь байр сууриа илэрхийлж байсан?
-Би хэзээ ч шүүхийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотойгоор яриа үүсгээгүй.
-УБТЗ-ын даргын асуудал яригдаж гишүүн асан Д.Одхүүг даргаар нь томилно гэсэн ч асуудал өөрөөр эргэх шиг боллоо?
-Уг нь энэ талаар Ерөнхий хорооны орлогч дарга нь тайлбарлая. УБТЗ-ын удирдлага нь Ерөнхий хороо гэдэг Монгол-Оросын хамтарсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгууллага байдаг. Монголын талаас гурав, Оросын талаас гурван хүн байдаг. Дарга нь Оросын талаас байдаг. Тэр хүн Ерөнхий хороогоор хэлэлцэх асуудлыг урьдчилан ирүүлэхдээ даргын томилгоо хийх асуудал тавиагүй, одоо байгаа даргын үүрэг гүйцэтгэгчийн хугацааг сунгах асуудал тавьж байгаа даргын үүрэг гүйцэтгэгчийн хугацааг сунгах асуудал тавьж хэлэлцэн шийдвэрлэсэн. Нэгэнт даргын томилгоо яригдаагүй учир Д.Одхүү гэдэг нэр ч яригдаагүй.
-Та Д.Одхүүг зүтгүүлж Х.Баттулга сайд зөвшөөрөөгүй юм биш үү?
-Тэр өдөр би Монголд байгаагүй. Бангкогт НҮБ-аас зохион байгуулсан Азийн орнуудын тээврийн сайд нарын чуулганд оролцохоор явсан байлаа. Тэгээд ч нэр нь яригдаагүй хүнийг дэмжих, дэмжихгүй гэх асуудал байхгүй биз дээ.
-Та өөрөө АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн гэл үү?
-Даваапил гэгч хүн намайг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Төмөр зам дээр хийсэн луйвар чинь 3.5 тэрбумаас хол давна” гэсэн гүтгэлэг тараасан. Тиймээс салбарын сайдыг авлигын гэмт хэрэгт холбогдуулсан гэмт хэргийн мэдээллийг шалгуулах хүсэлтээ АТГ-т өгсөн. АТГ шалгаад тийм луйвар хийсэн авлигын гэмт хэрэг байхгүй болохыг тогтоолоо.
-Яагаад таныг ингэж хэлсэн юм бол?
-Салбарын сайдыг нь онц их хэмжээний авлигад холбогдуулсан мэдэгдэл хийхээр олон нийт юу гэж ойлгох вэ. Гол нь намайг гүтгэхээс гадна төмөр замын ажлыг зогсоох зорилготой, энэ ажлыг олон жилийн турш сэтгэл, зүтгэл гарган хийж байгаа олон хүний хөдөлмөрийг харлуулах гэсэн оролдлого гэж үзэж эмзэглэж байна. Ийм хүмүүс Төрийн ордонд ороод ирж байгаа нь харамсалтай.
-Төрийн ордонд орсон гэдэг чинь юу гэсэн үг билээ?
-Энэ хүн УИХ-аас байгуулсан Г.Батхүү гишүүний ахалж байгаа дэд бүтцийн ажлын хэсэгт ажилладаг юм билээ.
-Та хэр улс төр хийж байна. Гадуур нам дагаж албан тушаалд хүрдэг. АН-аас заавал албан тушаал авдаг гэлцдэг?
-Би популист улс төр хийх дургүй. Асуудалд практик талаас нь харж шийдвэр гаргаж ажиллахыг зарчим болгодог. Багийн улс төрийг дэмжиж ажилладаг. АН-ын улс төрийн шийдвэрт саналаа өгдөг.
-Та чинь тэгээд АН-даа ямар албан тушаал хашдаг юм дээ?
-Би АН-ын гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-ны гишүүн.
-Таныг Х.Баттулга сайдын хүн гэж ярьж энэ хүний нөөлгөөр албан тушаалд хүрдэг гэх юм. Бас салбар яамандаа эрх мэдэлгүй, Х.Баттулга хоёр яам удирддаг гэх мэтээр шүүмж их байна?
-ЗТБХЯ байхад Х.Баттулга сайд нь би дэд сайд нь байсан учраас ингэж ярьдаг биз ээ. Бид улс төрийн МоАХ гэдэг фракцид хамт байдаг нэг багийнхан. Салбар яамаа удирдаад жил гаруй боллоо. Энэ хугацаанд Зам, тээврийн яам ямар үр дүнтэй ажилласныг олон нийт мэдэж байгаа.
Л.Мөнхтөрhttp://rtcc.mrt.gov.mn/mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ