Нэг тэрбум хүртэл тонн нүүрс БНХАУ-д нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Уул уурхай, газрын тосны салбарын хэмжээнд Монгол Улс, БНХАУ-ын Ерөнхий сайд нарын хэлэлцээр болон хоёр улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг үндэслэн доорхи 3 санамж бичигт холбогдох байгууллагын төлөөлөл гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Уул уурхайн яам, Хятадын Газрын тос-химийн корпораци “SINOPEC”-ийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго бүхий Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү үйлдвэр нь эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар төсөөлөгдөж байгаа. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглагдана. Өөрөөр хэлбэл, жилд өнөөдрийн ханшаар 1 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хүрэн нүүрсийг ашиглах юм. Мөн энэ хэмжээний үйлдвэр болон түүний салбар аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 20 мянга орчим хүн ажлын байраар хангагдана.
Монгол Улс хүрэн нүүрсний арвин их нөөцтэй бөгөөд түүнийг ийнхүү гүн боловсруулан ашигласнаар байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох, экспортын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ химийн болон шатахууны үйлдвэрийн үндэс суурийг тавихад чухал ач холбогдолтой.

УУЯ-ны харьяа Газрын тосны газар, Хятадын Петро чайна интернэйшнл компанийн хооронд Монголд олборлож буй түүхий тосны өсөн нэмэгдэх хэмжээтэй уялдуулан Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг мөн байгууллаа. Монгол Улс сард 10 мянган тонн хүртэл хэмжээний шатахууныг урьд хөршөөс татан авахаар тохирсон байдаг. Энэ санамж бичгийг байгуулснаар шатахууны дотоодын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах, жижиглэнгийн үнийн өсөлтийг зохицуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх бололцоотой болох юм.
Мөн Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажил ирэх сарын дундуур дуусах бөгөөд энэ байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой болох гэж байгаатай ч холбоотой юм. Өөрөөр хэлбэл, одоогийн хэмжээнээс 4 дахин нэмэгдэж манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сарын хэрэглээний 40-50 хувийг БНХАУ-аас нийлүүлэх боломжтой болно гэсэн үг.

① Монгол Улсын нүүрс экспортлогчдыг төлөөлж Монгол Улсын Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Тавантолгой ХК компаниуд, Хятадын Шенхуа Энержи компанитай хорин жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрсийг олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх төлөвлөгөө гарган хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн зах зээлийн нөхцөлтэй уялдуулан олон улсын зах зээлд худалдаалах боломжийг Талууд хамтран судлахаар тохиролцлоо. Дээрхи нүүрсийг өнөөгийн ханшаар тооцож үзэхэд жилд 50 шахам тэрбум ам.долларын борлуулалт болох юм.

Ингэснээр урт хугацаанд Тавантолгойн бүлэг ордоос олборлох нүүрсийг тээвэр, ложистикийн болон зах зээлийн өргөн боломж бүхий түнштэй хамтран борлуулах аятай нөхцөл бүрдэх юм.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нүүрсний бусад уурхайнууд тухайбал, МАК ХХК, Саусгови Сандс ХХК зэрэг 10-аад компаниуд ирэх 20 жилд мөн 1 тэрбум орчим тонн нүүрс экспортлох боломж байгааг Уул уурхайн яам тооцож гаргасан бөгөөд зорилтот зах зээлийн судалгааг хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ