Буудуулсан нь олны танил “атаман”-ы хүү, буудсан нь бизнесмений хүү байжээ
Олны танил хүн Налайхад 6 буудуулж нас барлаа гэсэн мэдээлэл амралтын хоёр өдөр тархсан. Гэвч энэ хэрэгт олны танилуудын үр хүүхдүүд холбоотой болох нь тогтоогдож байна. Ер нь сүүлийн үед шинэ монголчуудын “даварсан” гэж хэлж болохоор хүүхдүүд буруу өсч бухын ширнээс хатуу “тоглоцгоож” нэгнийхээ аминд хүрч байгааг “Сод Монгол”-ын Анандбазарын хүүгийн ёс бус үхэл зэргээс харж байгаа билээ. Энэ удаагийн хэрэг ч түүнтэй төстэй үйл явдал байж магадгүй аж. Энэ сарын 17-оос 18-нд шилжих шөнө Налайхад гарсан хүн амины хэргийн холбогдогч буудуулсан, буудсан хоёр хоёулаа 1986 оны залуучууд. Талийгаач Э нь цагтаа “Яармагийн гурван бүдүүн” гэдгээрээ алдартай байсан ах дүү гуран “атаман”-ы Мөөнөөгийнх нь хүү гэнэ. Харин энэ хэргийн сэжигтэн Алтансүхийн Мэндбаяр бол хороололд ажилладаг байсан “Sun town” баарны эзний хүү юм байна. А.Мэндбаярын аав нь банкны О.Чулуунбаттай нэлээд ойр нөхөрлөдөг нэгэн гэх. Алтансүхийн Мэндбаяр маш хөдөлгөөнтэй залуу бөгөөд урагш Бээжин, Гонгконг, Сингапур зэрэг газарт очиж хулгай хийдэг нөхөр байсан гэж мэдэх нэг нь ярьж байгаа юм. Түүнийг цагдаагийнхан нотлох баримтаар хөдөлгөөнгүй тогтоож, шуурхай ажиллан баривчилжээ. Бидний авсан мэдээллээр А.Мэндбаяр гэмт хэрэг хийх үедээ хэрэглэсэн буугаа, маш олон тооны сумны хамтаар Төмөр замын вокзалын тээш хадгалах газарт хийж хадгалсан байжээ. Тэрээр Чингис хаан нисэх онгоцны буудлаас нисэх гэж байгаад баригдсан байна. Энэ удаа амралтын өдрөөр гарсан буун дууны хэргийг ажлын долоо хоног эхлээгүй байхад илрүүлж, хэрэгтнийг хил гарахаас нь өмнө амжиж баривчлан ЦЕГ-ынхан онц ажиллалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ