Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг энэ сарын 25-наас хийж эхэлнэ
Хүний папиллома вирусийн (ХПВ)-ийн халдварын эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулиар заавал хийлгэх вакцины тоонд оруулсан. Тэгвэл энэ сарын 25-наас эхэлж охид, хөвгүүдэд товлолын дагуу паппиллома вирусийн халдварыг эсрэг вакциныг хийж эхлэхээр болжээ.
Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус (ХПВ) бөгөөд умайн хүзүүний хорт хавдар үүсгэх шалтгааны 99,7 хувийг эзэлдэг байна.
Хүний папиллома вирусийн (ХПВ)-ийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийж эхэлсэн бол 2023 оны аравдугаар сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тус вакциныг заавал хийх вакцинд оруулсан. Ингээд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 наснаас дээш насны охид, хөвгүүдэд хийхээр тусгасан.
2012 оны ДЭМБ-ын зөвлөмжөөр, Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг анх нэвтрүүлэхээр болсон ч үргүйдэлд хүргэдэг гэх ташаа мэдээлэл тархаж, улмаар вакцинжуулалтын ажлыг зогсоож байсан. Энэхүү вакциныг нэвтрүүлснээр умайн хүзүүний хавдар болон уг вирусээр үүсгэгддэг бусад төрлийн халдвараас сэргийлнэ гэдгийг албаныхан хэлдэг.
ДЭМБ-ын хорт хавдраар 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9,5 сая хүн нас барж байгаагаас умайн хүзүүний хорт хавдраар 569 847 эмэгтэй өвчилж, 311 365 эмэгтэй эндсэн гэж мэдээлжээ. Монгол Улсад жилд дунджаар 300 орчим эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар нас бардаг ба тохиолдол болон нас баралтын тоогоор тэргүүлж байна. Тодруулбал, хавдраар эндэж буй 12 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний хавдраас шалтгаалдаг гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД