Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль гардуулна

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна. 

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр 11:00 цагт Төрийн ордонд болно.

Энэ жил Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга, МУГТ Г.Өсөхбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат тод манлай уяач Д.Онон нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ.

Дархан аварга Г.Өсөхбаяр үндэсний бөхөөс төрж буй зургаа дахь Хөдөлмөрийн баатар болж буй. Түүнээс өмнө 1992 онд Х.Баянмөнх, 1994 онд Ж.Мөнхбат, 1998 онд Б.Бат-Эрдэнэ, 1999 онд Д.Дамдин, 2006 онд Д.Цэрэнтогтох нар хөдөлмөрийн баатар болсон билээ.

Харин уяачдаас Хөдөлмөрийн баатар төрсөн хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь 2013 онд тод манлай уяач Д.Даваахүү тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар хөдөлмөрийн баатар болж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ