Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг барьсан зардал хэзээ нөхөгдөх нь тодорхойгүй байна
Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хүрээнд өнөөдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сэдвээр гишүүд мэдээлэл сонсож, гэрчүүд асуултад хариулж байна.
Аливаа төсөл үр ашигтай байх ёстой. Иймээс 1.4 их наяд төгрөгөөр баригдсан уг төмөр замын зардлыг хэзээ нөхөж, хэзээнээс ашигтай ажиллах талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Монголын Төмөр Зам ТӨХК-ийн удирдлагаас тодруулав.
Монголын Төмөр Зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх "Монголын Төмөр Зам нь таван зүтгүүр, 332 вагонтой. Энэ онд 1.8 сая тонн ачаа тээвэрлэсэн. 2024 онд 3.5 тонн ачаа зөөхөөр төлөвлөж байна.
Монголын Төмөр Зам нь сайжруулсан түлш буюу мидлингийн ачаа барааг 100 хувь хариуцан зөөж байна. 2023 он экспортод явж амжаагүй" гэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "1.4 их наяд төгрөг дээр нэмж хөрөнгө оруулалт орохоор байна. 1.4 их наядаар бодоход зөвхөн банкны хүүнд жилд 200 тэрбум төгрөг төлөх нь. Төсөл ашигтай ажиллаж эхлэхийн тулд асар их хэмжээний борлуулалт хийх шаардлагатай байна. Энэ хөрөнгө оруулалтыг хэдэн жилийн дараа нөхөх тооцоотой байгаа вэ" хэмээн дахин тодруулж асуусан.
Ингэхэд Монголын Төмөр Зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх "2023 онд 500 сая төгрөгийн ашигтай ажилласан. 2024 онд хоёр тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөсөн. Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ) дээр байгаа шиг 24 зүтгүүр, 1,272 вагонтой нөхцөл 20 жилийн дараа нөхнө гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар бид ачааллын 1/3 дээр л тээврээ хийж байна. Тиймээс энэ хугацаа үүнээс хойшилно" гэлээ.
Шинжээчийн дүгнэлтээр уг чиглэлийн төмөр нь "20 жилийн дунджаар тонн.км тутамд 20 центээр тээвэрлэж, жилд 9.19 сая тонн ачаа тээвэрлэж, 24 зүтгүүр, 1,272 ширхэг вагон хэрэгтэй гэх тооцоолол байна. Хамгийн багадаа жилд 9.19 сая тонн ачаа тээвэрлэж байж балансаа барина" гэсэн юм.
Монголын Төмөр Зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүхийн хариултаас харахад уг төмөр замыг барьсан зардал хэзээ нөхөгдөх нь тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ