Залилах гэмт хэрэгт холбогдсон Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Залилах гэмт хэрэгт холбогдсон Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг маргааш буюу аравдугаар сарын 04-ны өдөр хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал, Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалант холбогдох залилангийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 06-ны өдөр хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх долдугаар сарын 27-ны өдөр уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс тэдний хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэснийг “анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл хохирогчийн төлөөлөгч Вү Сэн Чинь, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгсайхан, шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын өмгөөлөгч Ж.Оюунболд, Э.Энх-Эрдэнэ, Г.Баяржаргал, шүүгдэгч Б.Цэрэндоржийн өмгөөлөгч М.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхээр болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД