Г.Занданшатар: “Элэг бүтэн Монгол” зэрэг зогсоод буй хөтөлбөрүүдэд ЭМЯ анхаарах хэрэгтэй
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлж, томилсон.
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр:
- МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат
- Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дэд дарга Б.Алтанхуяг
- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч Т.Баясгалан
- Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, "Сонгдо" эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал Ш.Зоригоо
- Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа
- МҮХАҮТ-ын дэргэдэх "Бизнес академи"-ийн чиглүүлэгч багш Н.Одон нарыг томилсон юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол хүний үхлийн шалтгаанд элэг, ходоодны хорт хавдар зонхилж байна. Элэг бүтэн Монгол зэрэг зогсоод буй хөтөлбөрүүдэд Эрүүл мэндийн яам анхаарах ёстой.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нийтийн эрүүл мэндийн төлөө зарцуулагдах ёстой тул Үндэсний зөвлөлийн гишүүд хөндлөнгийн хяналт тавих чиг үүргээ сайтар хангах шаардлагатай байна” гэв.
Өнгөрсөн хугацаанд хөндлөнгийн хяналт шалгалт муу байгаагаас үүдэлтэйгээр аливаа сангуудад хулгай нүүрлээд зогсохгүй өсөж үржин арвижиж, нийтийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулагдах ёстой мөнгө банканд хууль бусаар байршдаг, өсгөн үржүүлдэггүй байдал илэрсэн зэргийг ард иргэд жигшин, зэвүүцэж байгааг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ