Ерөнхий сайд 2012.04.11-нээс хойш төрсөн хүүхэд бүрийг 1072 хувьцаа эзэмшигч болгох үүрэг өгчээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх үүргийг холбогдох газруудад Ерөнхий сайд өгчээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.
Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын 8 дугаар тогтоолын дагуу 1072 хувьцаа эзэмшигчдийн асуудлыг нэг мөр шийдэх асуудлыг судлаад өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс тодорхой үүрэг чиглэл өгсөн.
Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцаа эзэмшигч болох, 2012 оны 04 дүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд бүрийг 1072 хувьцаа эзэмшигч болгохыг үүрэг болгосон.
“Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааг нээлттэй хөрөнгийн биржээр арилжаалагдах боломжгүйгээр гаргасан байна. Энэ том уул уурхайн компанийн хувьцаа нэг дор төвлөрөхөөс урьдчилан сэргийлэх, иргэн бүр тус компаниас ногдол ашиг хүртдэг байх боломжийг бүрдүүлэх зорилготой байсан учраас арилжаалах боломж өнөөдөртөө байхгүй.
Цаашдаа ч арилжаалах хэлбэр рүү орох боломж хомс юм билээ. Бас хувьцаатай холбоотой хэдэн асуудал үүсээд байгаа. 2015 онд Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газрын үед 1072 хувьцааг мөнгөжүүлэх ажлыг тодорхой түвшинд хийсэн. Оюутны сургалтын төлбөр, ахмадуудаас хувьцааг нь шууд худалдаж авах зэрэг. Энэ нь цаашдаа бүх иргэн хувьцаа эзэмшигч болоод явах нөхцөлд доголдол үүсгээд байгаа. 1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашгийг хүртэж чадахгүй яваа асуудал бас байна. Тиймээс Засгийн газрын зүгээс иргэн бүр хувьцаа эзэмшдэг байх, жил бүр ногдол ашгийг тогтмол авдаг байх асуудлыг шийдэхээр байгаа гэдгийг хэлмээр байна. Монгол Улсад иргэн бүр “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцаа эзэмшигч болно, нас нөгчсөн, Монгол Улсын иргэншлээс гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрх хаагддаг байх зохицуулалт хийх юм гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ