ОХУ-ын талаас Дорнод аймаг руу орж ирсэн хээрийн түймрийг бүрэн унтраав
Дорнод аймгийн Баянтүмэн, Дашбалбар, Чойбалсан сумдын нутгаар гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа.
Тухайлбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн Сүүл нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс зүүн зүгт 85 км/-т, хээрийн гал түймэр гарсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 2, 3 дугаар заставын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, “Меланж” ХХК-ийн “Хашаатын цав” нүүрсний уурхайн ажилтнууд унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 22:40 цагт цурамд оруулжээ. Улмаар 04.21-ний өдрийн 00:00 цагт бүрэн унтраасан байна.Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 25000 га талбай өртөж шатсан аж.
Мөн, Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн Хөх-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 380 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км/-т, ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн тэмдэгтээр хээрийн гал түймэр хил давж орж ирээд байв. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Чулуунхороот, Дашбалбар, Гурванзага, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 04:21-ний өдрийн 03:00 цагт цурамд оруулж, 04:20 цагт бүрэн унтраав.
Мөн, Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн Зүүн-Өлзийт гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 18 км, сумын төвөөс баруун зүгт 32 км/-т, хээрийн гал түймэр гарсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 17:30 цагт цурамд оруулж, 18:45 цагт бүрэн унтраасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ