Гадаад валютын улсын нөөц $3.4 тэрбум байна

2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар нүүрсний нийт экспорт 8.7 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3.6 дахин, төмрийн хүдрийн нийт экспорт 0.9 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар, газрын тосны экспорт 0.8 сая баррельд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 100 хувиар тус тус өссөн байна.

Гадаад валютын улсын нөөц 2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь 2022 оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 21 хувиар өсжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ууд он гарснаас хойш 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлэв.

Гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд бүх төрлийн ашигт малтмалын экспортыг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулж байна.

2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг албан ёсоор эхлүүлж амжилттай зохион байгуулсан. Энэ хугацаанд нийт таван арилжаа зохион байгуулж 204.8 мянган тонн нүүрсийг дуудлага худалдаагаар анхны үнээс 0-12.2 хувиар өсгөн 37.3 сая доллартой тэнцэх хэмжээний валютаар худалджээ.

Цахим арилжаагаар борлуулсан нүүрсний экспортын тээвэрлэлтийн хувьд туршилтын арилжаагаар худалдаалсан нүүрсийг “Энержи Ресурс” ХХК Гашуунсухайт терминалаас экспортод гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК анхны цахим арилжаагаар борлуулсан нүүрсийг БНХАУ-ын Ганц мод боомтод хүргэж, тээвэрлэлтийг хэвийн хийж байна хэмээн ЗГХМОНХГ-аас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ