ОУХМ Т.Тулга түрүүлж, Н.Наранхүү үзүүрлэв

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны дэлхийн чансааны оноо олгох дөрвөн тэмцээний эхнийх нь болох "Zagreb Open-2023" тэмцээн Хорватын нийслэл Загребт болж байна. Чөлөөт бөхийн 61 кг-д зодоглосон дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Н.Наранхүү шөвгийн наймд Францын А.Бибулатовыг 10:0-ээр, хагас шигшээд Туркийн Э.Орманоглуг 4:4-өөр хожоод, аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн аварга, Ираны Р.Атринагхарчид цэвэр ялагдав. Энэ жингийн хүрэл медалийг Унгарын Г.Халидов, Туркийн Э.Орманоглу нар хүртлээ. Харин 65 кг-д хүч үзсэн дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Т.Тулга шөвгийн 16-д Аргентины А.Дестрибатсыг 11:0-ээр, шөвгийн наймд АНУ-ын Э.Хендерсоныг 12:1-ээр, хагас шигшээд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Европын аварга, Унгарын И.Мусукаевыг 6:2-оор, аваргын төлөө АНУ-ын Ж.Маккенаг 4:1-ээр хожжээ. Хүрэл медалийг Азербайжаны А.Рахимзада, АНУ-ын Э.Хендерсон нар хүртсэн аж. Тэмцээний аваргуудыг 1,500, мөнгөн медальтанг 750, хүрэл медальтанг 500 швейцар франкаар байлж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ