МУҮХ: Эрсдэлд ороод буй уулчин дээр маргаашдаа багтан очно
Киргиз, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан. Үүнтэй холбоотой Монголын Уулчдын Үндэсний Холбооноос мэдээлэл гаргалаа. Мэдэгдэлд "Холбооны Аврах ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч С.Ганхүүгээр ахлуулсан аврах баг Оше хотод бэлтгэл ажлаа хийн, Kyrgyz Alpine Club-ийн дэмжлэгтэйгээр аврах ажиллагаанд оролцох хоёр уулчин олоод байна. Яг энэ цаг үед Коржиневский оргилд авиралт хийж байсан уулчид аврах тусламжийн дохио илгээсэн нөхцөл байдал давхцав. Киргизээс уулчдын баг бүрдүүлж эхэлсэн бөгөөд уулчид хүрэлцээ муу байна. Монголын Уулчдын Үндэсний Холбоо болон гишүүн клубын төлөөлөл бүхий бүрэлдэхүүн газар дээр нь үйл ажиллагаа явуулж, цаг алдахгүй шийдвэр гаргахаар очсон нь давуу талтай. Маргааш буюу 9-р сарын 10-ны өдөрт багтан эрсдэлд ороод буй уулчин дээр хүрэх төлөвлөгөөтэй байна. Тус ажиллагааг амжилттай зохион байгуулахад олон нийтээс 2.300.000 төгрөгийн хандив цугласан. Хамтран ажиллаж буй та бүхэнд Холбооны зүгээс дахин талархал илэрхийлье" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ