Монгол бүсгүйчүүд есөн медаль хүртэж, багаараа үзүүрлэв

   Улаанбаатар хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн таван жингийн барилдаан болов. 53 кг-д зодоглосон ОУХМ Б.Хулан эхлээд дэлхийн аварга, Японы А.Фүжүнамид 0:10-аар буюу оноогоор цэвэр ялагдсан ч Энэтхэгийн С.Шиндэг цэвэр дарснаар хагас шигшээд шалгарсан юм. Ингээд дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Азийн аварга, Казахстаны Ж.Эшимоваг 3:0-ээр хожоод, аваргын төлөө мөнөөх нихон бүсгүйтэй таарч, дахин 0:11-ээр буюу оноогоор цэвэр ялагджээ.             
        Мөн энэ өдөр ОУХМ Х.Болортуяа (57 кг), Б.Хонгорзул (62 кг), Ө.Пүрэвсүрэн (65 кг), Э.Даваанасан (72 кг) нар хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн манай баг 167 оноогоор үзүүрлэсэн бол япончууд 227 оноогоор түрүүлж, Казахстан 142 оноогоор гуравт орсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ