Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэв
Ардчиллын баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Одбаяр тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, "Монтед" констракшн, Империал Кастли ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Аврагч спорт хороо, Од групп, "ЭМ ЖИ ӨҮ транс" ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Оргихын Хангай үзүүрлэв.
Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хүч спорт хороо, "Мөнхийн үсэг" групп, Их Богд дэвжээний бөх, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хороо, "Пирамид орд" ХХК, Хур харцага дэвжээний бөх, улсын начин Эрдэнбатын Даш нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд даян аварга Н.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Одбаяр, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв.
Ирэх амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 09-нд МҮБХ-ны ээлжит "Их Эе" хурал, дөрөвдүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ш.Зоригтын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаантай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ