Олон төрлийн архи уух тэмцээнд орж түрүүлсэн иргэн нас баржээ

Өнгөрөгч аравдугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ХХК нь баарны нээлтэд зориулан оролцогчдын дунд олон төрлийн архи, согтууруулах ундааг хольж уух, уусан тоогоор мөнгө, валют хожих болзолтой тэмцээн зохион байгуулжээ. Улмаар оролцогчид олон төрлийн найрлага бүхий согтууруулах ундааг нэг дор, их хэмжээгээр, богино хугацаанд, хольж хэрэглэх болзлыг тулгаж, хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.

Тухайлбал, нэр бүхий найман төрлийн согтууруулах ундааг нэг дор угсруулан их хэмжээгээр уулгаснаас 39 настай иргэн спиртийн агууламжийн хурц хордлогын улмаас нас барсан байна.

Тухайн тэмцээнийг зохион байгуулсан гэх шүүгдэгч: “…Тухайн тэмцээнийг олон хүнтэй ярилцаж, урьдчилан тохирч зохион байгуулсан. Архины бакалны хэмжээгээр л архи, дарсыг хундагалсан. Би тэмцээнийг зарласан ч, тэмцээнд оролцох саналыг талийгаач өөрөө гаргасан байх л даа. Хэдий хэмжээний архи уугаад хүн нас барахыг би мэдэхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөгчид нийтдээ 32 сая төгрөг төлсөн байгаа. Үүнд суудлын жижиг тэрэг оролцуулан тооцсон. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн задлан шинжилгээний онош: Спиртийн агууламжийн хурц хордлого, цусанд 4.9% спиртийн агууламж илэрсэн, ходоод нойр булчирхай цусархаг үхжил, олон эрхтэний дутагдал, элэг уушгины архаг үрэвсэл, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтэнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй. Талийгаач нь элэг, уушгины архаг үрэвсэл эмгэгтэй байна. Энэ нь үхэлд нөлөөлсөн байж болно. Шүүх химийн шинжилгээгээр эмийн бодис илрээгүй. Цусанд спиртийн агууламж 4.9 % илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна” гэжээ.

Талийгаач нь 39 настай. Эхнэр, гурван хүүхдийн хамт аж төрдөг байжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэнд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихаар шийдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ